ХХЕГ:Энэ сарын 28-наас хойш Монгол Улсын 11354 иргэн БНХАУ-аас орж ирсэн

2020-02-11

Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан.

Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа:

Өнөөдрийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа. Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна.

ХХЕГ-ын Хурандаа Мягмардорж:

Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улсын иргэн гадагшаа, тэр тусмаа БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хагалгаанд орох зэрэг зайлшгүй шаардлагаар зорчих бол БНХАУ руу нэвтрүүлж байгаа. Өчигдрийн байдлаар Монгол Улсын 625 иргэн БНХАУ-аас орж ирсэн.

Мөн өчигдрийн байдлаар 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байна. Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл 11354 Монгол Улсын иргэн БНХАУ-аас орж ирсэн. Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын 96 иргэн зайлшгүй шалтгааны улмаас БНХАУ руу зорчсон байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ