• Өмнөд туйл судлаач Л.Дүгэржав:Ирээдүйн хүмүүст антрактид тивд ажиллаж,амьдрах зайлшгүй хэрэгцээ гарна

    2020-02-11

     / Тиймээс ч малгай тавибал манайх зарчим энэ тивд үйлчилж байна  /

    Та сая долоо дахь удаагаа антрактид тивд ажиллаад ирлээ. Энэ тивийг судлах ажил улам ч өргөжиж, тэрхэрээр суурин хотхон хүртэл байгуулагдаж байгаа мэдээ байна.  

    -Би анх 2009 онд Болгарын баг бүрэлдэхүүнд орж антрактидад ажилласнаар энэ тивийг судалсан дөрөв дэх монгол хүн нь болсон. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон улсын, Болгар улсын баг бүрэлдэхүүнтэй долоон удаа ажиллалаа.

    Антрактид тив дэлхийн хуурай газрын 10 хувийг эзэлдэг, монгол орны газар нутгаас 10 дахин том, 15 сая км хавтгай дөрвөлжин газар нутагтай, 2400 хүртэл м зузаан мөсөн бүрхүүлтэй мөсөн тив.

    Жилд антрактидэд цаг уурын голдуу 5000 гаруй судлаач зуны улиралд түлхүү судалгаа хийж байна. Харин аяллаар зуны улиралд жилдээ 20 мянга гаруй жуулчин очиж, мөсөн тивийн эрэг хавиар танилцах аялал хийдэг болсон.

    Арван хоёр, нэгдүгээр сар бол ид зуны улирал нь гэсэн. Энэ үед антрактид ямар өнгө төрх, байр байдалтай байдаг юм бэ?

    -Хязгааргүй мөсөн далай л даа. Увс нууранд  өвөл очиход хаашаа ч харсан хязгааргүй мөс харагдахаас уул нурууд нүдэнд тордоггүй шүү дээ. Антрактидын зун яг л ийм. Ангараг гаригийн температур -92 градус байдаг бол  антрактидэд өвөл -90, зун нь -34, жилийн дундаж температур -54, өвлийн дундаж температур -74 градус. 2017 онд Оросын Восток баазад -91.6 градус хэмжигдсэн нь хамгийн хүйтнээр тэмдэглэгдээд байгаа.

    Антрактид дах сүүлийн үеийн судалгаа яг юун дээр төвлөрч байна? 

    -Гол төлөв геологич, газар зүйч, биологич, ус судлаачид өмнөд мөсөн тивийн эрэг хавиар судалгаа хийж байна. Тэнд цаг уурын ажиглалтыг бүтэн жилийн турш хийдэг. Учир нь ирээдүйд хүмүүс антрактидад ажиллаж амьдрах хэрэгцээ тэртээ тэргүй гарна. Ангараг дээр, саран дээр очихоос өмнө тэнд амьдарна гэсэн үг. Тиймээс амьдрах орчны судалгаа чухал.

    Дэлхийн хуурай газрын 10 хувь, цэвэр усны нөөцийн 78 хувь нь энэ тивд мөс хэлбэрээрээ бий. Ирээдүйн хүн төрөлхтний цэвэр усны нөөц гэсэн үг. Бас түүнийг тойрсон өмнөд далайд хүмүүсийг хэдэн зуун жил хооллох биологийн биетүүд байдаг.

    Өмнөд мөсөн далайн зөвхөн сам хорхой нь дэлхий дээр амьдарч байгаа бидний мэдэх амьд амьтан, дээр нь 7 тэрбум хүний жинг нэмснээс их жинтэй.

    Далайн амьтад нь антрактдын эрэг хавьд амьдардаг. Өмнө нь бид  энэ тивийн мөс, хөлдүүс, салхи гэж юу байдаг талаар сонирхож байсан бол өнөөдөр энэ мөс, тив хэзээ үүссэн, түүнээс монголчууд бидний судалж чадах зүйл юу байна гэх зэргээр цаашилж  байна.

    Та антрактид тивийг судлах ажилтай яаж холбогдсон бэ?

    -Би уул нь газрын тосны инженер хүн. 1982 онд Болгараас төгсөж ирэхэд  ийм ажлын байр манайд байгаагүй учраас усны салбарт ажиллаж, цэвдэг судалж эхэлсэн. Цэвдэг улам бүр хойшилж, цөлжилт тэлсээр байгааг бид мэднэ. Антриктид тивийн судалдаа бол энэ цэвдгийн судалгаа. Цэвдэг судлалаар  Болгарт шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах үеэрээ өмнө нь хамт сурч байсан найзуудтай уулзсан. Европт ямар цэвдэг байх биш. Гэтэл монгол орны газар нутгийн 40 орчим хувь нь цэвдэгтэй. Ингээд 2004 онд Болгарын багт орж ажиллах урилга хүлээж аваад, 2008 оноос ажлаа эхэлсэн.

    Таны ажигласнаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлт антрактид тивд хэрхэн нөлөөлж байгаа бол?

    -Хэзээ ч бүтэн хайлдаггүй хойд мөсөн далайн мөс жил бүр хайлдаг болсон. Үүнээс болж бүх далайн усны температур, төвшин нэмэгдэж байна. Үүний нөлөөгөөр антрактид тивийн эрэг хавийн мөсөн тэнгисүүд хайлах нь нэмэгдэж, асар том мөсөн уулнууд салж ойчих болсон. Өмнө нь антрактид дах бааз 5 м зузаан цасан дунд байдаг байсан бол одоо эрэг хавиар 10 хүртэл метрт огт цасгүй болсон. Өмнө нь тэнд 20 хонохдоо цасаа малтаж 10 хонодог байлаа. Цаг уурын энэ өөрчлөлтүүд өмнөд далайн амьтдад ямар нэг байдлаар нөлөөлж л байгаа.

    Антрактид тивд бүх зүйл хамгийн хамгийн. Бүхэл бүтэн 7 сарын турш нар үзэхгүй хав харанхуй. Үлдсэн 4 сар гаруйд нь нар шингэж харанхуй болохгүй. 150 метрийн хурдтай салхи салхилж, 90 градус хүртэл хүйтэрдэг. Тиймээс ч вирус, бактери  байхгүй.

    40 градус давсан хүйтэнд, мөсөн дунд олон хоног ажиллахын тулд орчин нөхцөлдөө тохирсон хувцас, хоол унднаас эхлээд чамгүй бэлтгэл шаардах болов уу?

    -Өмнө нь бид нэхий дээл, ноосон хувцсаа хэд давхарлаж өмсдөг байлаа. Одоо тэнд ийм пөөнийсөн амьтан очвол тэр салхинд явж чадахгүй, ажлаа ч хурдан амжуулахгүй. Дулаанаа хадгалдаг термо хувцас өмсдөг болсон. 1800 орчим еврогийн үнэтэй л дээ.

    Хэрэв ямар нэг хууч өвчтэй бол тэнд шууд сэдэрч эхэлдэг. Вирус нь идэвхжинэ гэсэн. Хүйтэн ус, цас, мөс идэж болохгүй. Үргэлж халуун бүлээн ус унд хэрэглэнэ. Хөлдчихгүйн тулд үргэлж спиртэн дэнтэй явж, цэвэр спиртээр нүүрээ арчдаг. Бас антрактидийн харалдаа озоны цоорхой маш том учраас цацраг идэвхжил нь хамгийн өндөр. Хүний арьсанд шууд нөлөөлдөг. Ер нь өмнөд тивд хэр барагтай хүн дасан зохицоход хэцүү. Харин эрс тэс уур амьсгалтай оронд төрж өссөн монголчуудын хувьд том асуудал биш. Тэр хүйтнийг мах, ноолууран хувцас, тэмээний ноосон хөнжлөөрөө л давна шүү дээ.

    Махны хувьд бас анх борцоо авч явдаг байлаа. Одоо хилээр хүнс гаргахаа байсан болохоор ойролцоох орнуудаас махаа бэлтгэдэг. Ер нь тэнд мах хүнс муудна гэдэг ойлголт байхгүй.    

    Антрактидын мөсийг ашиглах цөөнгүй санаа гарч байна. Саудын Арабын ханхүү  энэ мөснөөс зөөж ундны усны хомсдолд орсон хүмүүст түгээх төсөл санаачиллаа  гэсэн мэдээ ч байсан. Ийм санаанууд хэрэгжих боломж бололцоо хэр байна?

    -Ер нь дэлхийн улс орнууд бизнесийн зорилгогүйгээр ашиглах боломжийг судалсаар л байна. Ирээдүйд хүн төрөлхтөн гарцаагүй антрактидийн мөсийг ашиглана. Аргаа олж л таараа.

    Антрактид тивд судалгааны бааз байгуулах зорилго, ач холбогдлыг та энэ ажлыг санаачилж, удирдан зохион байгуулж байгаа судлаачийнхаа хувиар тодорхойлвол? 

    -Шинжлэх ухаан техник хөгжиж байгаа энэ үед антрактидыг судлах ажлаас хоцорвол дараа нь бидэнд тэнд орон зай олдохгүй. Тэнд малгай тавьбал манайх, маргааш болвол хүнийх гэдэг зарчим үйлчилнэ. Антрактидын Олон улсын гэрээнд нэгдэж ороогүй, судалгааны ажил хийгээгүй бол чамайг тийш нь явуулахгүй, бас хэн ч авч явахгүй. Монголчуудад хэдэн зуун мянган доллар зараад өмнөд мөсөн тивд хүрдэг онгоц байхгүй. Өөрийн гэсэн моторт чарга, гинжит трактор ч үгүй. Тиймээс ч монгол хүний давуу тал, найз нөхдийн харилцаа холбоог ашиглаж  өдий хүртэл ажиллаж байна. Антрактид орон зайны хувьд хол гэж байгаа болохоос байдаг л судалгааны нэг ажил.

    Монгол улс Антрактидын тунхагт 2015 онд нэгдэж орсон. Энэ тунхагт 15 сая м хавтгай дөрвөлжин энэ газар нутгийг зөвхөн энхийн болон шинжлэх ухааны тусын тулд ашиглахаар заасан.

    Энэ тивд хуурай газрын төлөө тэмцэл хэдийнэ эхэлсэн. Оросууд найман баазтай, сүмтэй. Солонгос улс өнгөрсөн жил нэг тэрбум долларын хөвөгч лабортори ашиглалтад оруулсан. Хятад мөн нэг тэрбум доллароор Кинг Жоржын арал дээр хоёрхон сарын дотор бүхэл бүтэн хотхон босгочихлоо. Тэнд шинэ шинэ байшин, хотхон боссоор байна.

    Антрактидийн арал дээр хэн нээлт хийж чадна, түүнийгээ тэр улс л өмчилнө.  Би тэнд нэг амбаар барьчихсан байхад үүнтэй хэн ч булаацалдахгүй. Ийм л гэрээ үйлчилдэг.

    Монголын эзэмшлийн газар яг хаана, ямар бүсэд байна вэ?

    Монголын эзэмшлийн газар Ливингстоны арал дээр бий. Тэнд крилл үсгийн хөшөөгөө босгож, цаг уурын автомат станцаа суурилуулсан. Геологийн зураглалаа хийчихсэн. Нууртай, арлын эрэг доор нь усан онгоц зогсох бололцоотой. Тэнд би байшин барьж байна. Гэхдээ эх газраас нисч очиход 40 кг ачаа л зөвшөөрдөг тул би цементээс эхлээд байшингийнхаа материалыг хэдэн удаа зөөх юм бүү мэд. /инээв./

    Манай газар Болгарын баазаас 800 м, Испанийнхаас 1200 метрийн зайтай. Тэдний усан онгоц, холбоо сүлбээ, байрыг үнэгүй ашиглаж, тэднээс л тусламж авч байгаа.

    Монгол улс тусгаар улсынхаа хувьд, НҮБ-ын гишүүн орныхоо хувиар тэнд судалгаа хийх, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, өөрийн гэсэн экспедиц ажиллуулах эрхээ авсан. Гэхдээ хэнтэй хамтрах, зардал хөрөнгийг хэрхэн гаргах гээд олон асуудал гарч ирнэ. Дэлхийн хойд цэвдгийн хамгийн урд хил монгол орноор дайрдаг. Дэлхийн дулаарал, дэлхийн цөлжилтийн хамгийн том индикатор бол МУ-ын газар нутгаар өнгөрч байна гэсэн үг. Цэвдгийн энэ хил жил бүр хойшилж, хумигдсаар байна. Монгол оронд гарч байгаа энэ өөрчлөлт антрактидын өөрчлөлттэй ямар холбоотойг бид судлах ёстой. Үүнийг бид баталгаажуулж, олон улсад  батлах ёстой.

    Танд баярлалаа.

                                                                                           Сэтгүүлч Д.Даваадулам

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ