С.Бямбацогт:Парламентийн засаглалыг бэхжүүлж, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго

2020-02-10

УИХ-ын Төрийн  байгуулалтын байнгын хороо УИХ-ын намрын чуулганы хугацаанд  хийсэн ажлаа өнгөрсөн бямба гаригт  танилцуулсан. Тус байнгын хорооны дарга С.Бямбацогт байнгын хороогоор хэлэлцүүлж, батлуулсан хуулийн төслийн талаар өгсөн мэдээллийг тоймлон хүргэсэн. Тэрээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулсан түүхэн парламент боллоо хэмээн онцлон хэлсэн.

  • Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлуулав.

Сүүлийн 20 гаруй жил  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж,  тодорхой асуудлуудыг шийдэх ёстой  гэж ярьж ирсэн. 2010 оноос хойш гурван парламент дамжин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж оролдож байсан боловч чадаагүй. Харин энэ удаагийн парламент гурван чуулган дамнан хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадлаа. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь төлөвшин тогтсон Үндсэн хуулийн суурь зарчмыг хамгаалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, эрх мэдэл хоорондын харилцан тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцүүдийн хариуцлагын механизмыг дээшлүүлэх зэрэг өөрчлөлтүүд орсон.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан зүйл заалтуудаас…

  • Ээлжит чуулганы үргэлжилдэг  хугацаа 50 хоногийг  75 хоног болгосон.
  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн давхар албан тушаал буюу давхар дээлтэй байхыг хязгаарлаж, нимгэлж, цөөлөв.
  • УИХ-ын хууль батлах босгыг өндөрсгөсөн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталдаг байсан бол нийт гишүүдийн олонхийн саналаар босго өндөртэй хууль баталдаг байхаар тусгав.
  • УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцвал, Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой тусгаж өгөв.
  • УИХ-ын гишүүдийн  саналаар төсвийн зардлыг дураараа нэмдэг  үрэлгэн байдлыг хязгаарласан заалтыг тусгав.
  • Байгалийн  баялгийг ард түмнээс асууж, шийдвэрлэх, үр өгөөжийг тэгш хүртэж байх, ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээх чиглэлээр хуульд томоохон өөрчлөлтүүдийг оруулав.
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой өөрчлөлт оруулав. Үндэсний  аюулгүй байдал  тусгаар тогтнолтой холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрнө. Тусгаар тогтнолын асуудлаар санал хураалт явуулахыг хориглоно гэх заалтыг тусгаж өгсөн.
  • УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хууль санаачлах хүрээ, хязгаарыг тодорхой болгож өгөв.Үүнтэй  холбоотойгоор дур дураараа хууль санаачилдаг байдлыг зохицуулах өөрчлөлт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тусгаж өгсөн.
  • Улс төрийн намуудтай холбоотой заалтыг тусгаж өгөв. Улс төрийн намууд бодлогын нам байх, санхүүжилт ил тод байх, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байх тодорхой зохицуулалтыг Үндсэн хуульд суулгаж өгөв.
  • Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг тусгаж өгөв.  Засгийн газар танхимын зарчмын дагуу ажилладаг байх, Ерөнхий  сайд Засгийн газрын гишүүдээ  томилж, огцруулдаг байхаар болов. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэж, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилдог байхаар болов.
  • Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг 50 болгон нэмэгдүүлж бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон, зөвхөн нэг удаа сонгогддог байхаар Үндсэн хуульд тусгав.
  • Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх  нэмэгдүүлэв.
  • Нутгийн удирдлагатай  холбоотой  өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаж өгөв. Аймгийн төв болон Дархан, Эрдэнэт улсын болон орон нутгийн  зэрэглэлтэй хот байгуулах эрх зүйн үндсийг  тогтоосон. Орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хуулиар тогтоосон хүрээ хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхийг иргэдийн хуралд олгохыг тусгаж өгөв.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийж, хэрэгжүүлнэ.

  • Дархан,Эрдэнэтийг хот болгох асуудлыг 2020 оны эхний зургаан сард шийдвэрлэнэ.
  • Улс төрийн нам байгуулах, түүний үйл ажиллагаатай холбоотой заалт мөн улс төрийн намын гишүүнчлэлтэй холбоотой заалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх асуудлыг шийдэв.
  • Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх ажлын хүрээнд нийтдээ 46 хуулийг шинэчлэх, шинээр батлах асуудлыг шийдсэн гэх мэдээллийг өгч байна.

Үүнд, Үндэсний баялгийн сангийн тухай хууль

Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль

Шүүхийн сахилгын хорооны хууль зэрэг  анхдагч гурван хууль, нийтдээ 23  хуулийн шинэчилсэн найруулга, 20 гаруй  хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх юм байна.

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг батлуулав.

Үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, Өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд чиглэсэн хуулийн төсөл.

Монгол Улсад 150 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байгаагийн өргөн нэвтрүүлгийн 80 телевиз байна. Нийслэлд 20, хөдөө орон нутагт 60 телевиз үйл ажиллагаа явуулж байна.

  • УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг батлуулав.

Сонгуулийн тухай хуулийг долоо дахь удаа судалж байгаа. Ер нь бол УИХ-ын сонгууль бүрийн өмнө өөрчилж баталдаг. Энэ удаа 76 гишүүн олон мандаттай тойргоор сонгох зэрэг өөрчлөлт орсон. Нэр дэвшигчдийн  тавигдах шаардлага, шалгуурт тодорхой өөрчлөлтүүд орсон.

  • Нэр дэвшигч нь төлбөл зохих, хугацаа хэтэрсэн болон батлан даалтын зээлийн өр төлбөргүй байх,
  • Татварын хугацаа хэтэрсэн төлбөргүй байх,
  • Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож тэр нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй байх зэрэг тодорхой заалтыг тусгасан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ