• С.Даваасүрэн:Буузны уур, мах шарснаас үүссэн утаанаас болж угаарын хий мэдрэгч дуугарахгүй

    2020-02-10

    Гэрэл зургийг mpa.mn

    Сайжруулсан түлшний цаг үеийн асуудлаар НОБГ НМХГ-аас мэдээлэл хийлээ.

    Иргэдээсээ азаа үзэж, мөнгө хөрөнгөөрөө хохирч, түүхий нүүрсийг битгийн тээвэрлээч гэж хүсмээр байна

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Товчоодоор түүхий нүүрс тээвэрлэж оруулж ирэх гэсэн тохиолдлууд буурахгүй байна. Жишээлбэл, Өлзийт-1-ээр иргэн автотээврийн хэрэгслээр долоон тонн орчим түүхий нүүрс оруулж ирж байсныг илрүүлж, түүхий нүүрсийг нь хураан авч “Амгалан” ДСТ-д төвлөрүүлж, жолоочид нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан.

    Чингэлтэй дүүрэгт хашаандаа нэг тонн орчим түүхий нүүрс хулгайгаар оруулж ирэн нөөцөлж байсныг хураан авсан.

    Товчоод, айл өрх,гудамжаар МХЕГ ЦЕГ хамтарч байнгын тогтмол эргүүл хийж байгаа учраас иргэдээсээ азаа үзэж, мөнгө хөрөнгөөрөө хохирч, түүхий нүүрсийг битгий  тээвэрлээч гэж хүсмээр байна” гэж мэдээлэл өглөө.

    Угаарын хийн хордлогоос сэргийлэхийн тулд:

    • Яндангийн сойлтоо хийхгүй байх
    • Үнсээ авах
    • Мэдрэгч суурилуулсан тохиолдолд гар хүрэхгүй, агаар сэлгэлт хийхийг зөвлөж байна.

    130,000 орчим мэдрэгч энэ долоо хоногт ирнэ

    Үргэлжлүүлэн “Үлдсэн мэдрэгч энэ долоо хоногт ирнэ. 130,000 орчим мэдрэгч ирнэ. БНХАУ цагаан сараа сунгаж, ажил нь хоёрдугаар сарын 10-наас эхэлнэ. Ирэнгүүт нь хамгийн богино хугацаанд төрийн байгууллагынхаа ажилчдыг дайчлан түгээлтээ хийнэ” гэлээ.

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хоёрдугаар сарын 7-ны өдөр 21:58 минутад дуудлага өгч очиход 3 настай хүүхэд нас барсан, 6 настай хүүхэд угаарын хийд хордсон байсныг сэхээний тасагт, харин эцэг, эхийг нь хордлого тайлуулах эмчилгээнд оруулсан. Сайжруулсан шахмал түлшийг дүүртэл нь хийсэн, угаарын хийн мэдрэгчийг зайнаас салгасан байсан. Шүүхийн анхан шатны хяналт шинжилгээгээр угаарын хийд хордсон гэх хариу гарсан. Мэдрэгчийг угаарын хийг мэдрэхээр зориулж тохируулж хийсэн байгаа.

    Буузны уур, мах шарснаас үүссэн утаанаас болж хий мэдрэгч дуугарахгүй. Угаарын хий мэдрэгч дуугарсан юм бол гарч, агаар сэлгэлт хийх хэрэгтэй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ