
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Коронавирусын халдвар БНХАУ болон дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлж байна. Манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Өнгөрсөн жилүүдэд БНХАУ-ын эдийн засаг саарсан бол одоо өсөлт нь зургаан хувьд дөхөж байгаа. Нэгдүгээр сард ОУВС Давосын чуулган дээр дэлхийн эдийн засгийн тоймыг танилцуулахдаа Хятадын эдийн засгийг 2020 онд зургаан хувийн өсөлттэй байна гэсэн таамаг дэвшүүлсэн. Харин ирэх 2021 онд Хятадын эдийн засаг дахин саарч 5.8 хувьд хүрнэ гэсэн. Үүнээс хойш коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор олон улсын судалгааны байгууллага, хөрөнгө оруулалтын банкууд янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын эдийн засгийн талаар шинжээчдийн дэвшүүлсэн таамгаас харахад 5.5-5.7-ийн хооронд байна гэж тодорхойлсон.
Энэ таамгийг зөвхөн нэгдүгээр сарын халдварт өвчний тархалт дээр үндэслэн хийсэн. Хэрэв коронавирусийн тархалт цааш нэмэгдсээр байвал Хятадын эдийн засаг цааш дахин унана.
Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 26 улсад гарсан. Азийн 13 улсад бүртгэгдсэн байна. Хил залгаа улсуудаас үндсэндээ Казахстан, Монгол хоёрт бүртгэгдээгүй байна. Манай улсын эдийн засгийн 90 хувь нь уул уурхайн эрдэс баялаг, түүхий эдийн үнээс хамаардаг. Долоон тэрбум ам.долларын 90 хувь нь гэсэн үг. Гадаад худалдаа экспорт, импортын 85-86 хувь нь зөвхөн Хятад улстай хийж байгаа худалдаа эзэлдэг. Click To Tweet
Урд хөршийн зах зээлээс гарч байгаа эрэлт, нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт бууралт бүгд манай улсад шууд хамааралтай. Хамгийн эхлээд бидэнд мэдрэгдэх суваг нь гадаад худалдаа.
Өнгөрсөн хоёр, гурван жилд манай улсын гадаад худалдаа нэлээн тогтвортой байсан. 2017,2018 оны тайлангаас харахад гадаад худалдаа хамгийн багадаа 400 сая доллар, дээд тал нь 600 гаруй сая ам.долларын экспорт гаргасан байна. Импорт 300-500 гаруй сая ам.долларын хооронд. 2020 оны нэгдүгээр сарын мэдээлэл удахгүй гарах байх. Миний тооцож байгаагаар 380-400 орчим сая ам.долларын импорт гарах болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр нэг, хоёрдугаар сард гадаад худалдаа харьцангуй саардаг үе. Тэгвэл экспорт ашигтай байж, импортоос давах ёстой. Гэхдээ одоо давах эсэх нь эргэлзээтэй болсон.
- Нэгдүгээрт, нүүрсний болон зэсийн баяжмалын экспорт буурч байна. Ялангуяа тоо хэмжээгээр нүүрснийх.
- Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт нөлөөлж байна. Нүүрс, төмрийн хүдрийн үнэ ханш буурч байна. Ганцхан алтны ханш өссөн үзүүлэлттэй байна.
Тэгэхээр энэ оны эхний гурван сарын манай улсын гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах нь.
– Энэ хэвээр вирусийн халдвар цааш үргэлжилбэл эдийн засагт учруулах хохирлын талаар урьдчилж гаргасан тооцоолол байна уу?
-Вирус анх бүртгэгдсэн хугацааг янз, янз хэлж байгаа. БНХАУ ДЭМБ-д анх мэдэгдсэн хугацаа нь арванхоёрдугар сарын 31. Тэгэхэд аль хэдийнэ 50 хүн халдвар авсан байсан. Энэ хүртэл хэр хугацаанд ноцолдсоноо хэлээгүй шүү дээ. Тиймээс ДЭМБ мэдээллийг нь буруу байна гэдгийг нотлох гэж БНХАУ-руу мэргэжлийн багаа илгээсэн байгаа. Халдвар анх бүртгэгдсэнээс хойш 50 хоног руу дөхөж байна. Арван хоёрдугаар сарын 31-нд анх гарсан гэдэг нь үнэн бол тархалт нь нэлээн дөхсөн байгаа. Хамгийн аюултай нь 11 сая хүнтэй, хотын төв дунд тархалт эхэлсэн нь юм.
Нэгдүгээр сарын 23-наас Уханиас таван сая хүн гарч явсан. Энэ хүмүүс халдвар тараагаад л яваад байгаа. Ялангуяа, хил залгаа мужуудад бүртгэгдсэн тохиолдлууд таван сая хүний л халдвар. Халдвар авсан байх магадлалтай эдгээр таван сая хүний нууц үе дуусах дөхөж байна. Энэ үе өнгөрвөл энэ долоо хоногт оргил үедээ хүрээд,өдөрт бүртгэгдэж байгаа тоо буурах байх гэж бодож байна. Хэрэв үгүй бол дэлхийн эдийн засаг, дагаад манай улсын эдийн засаг хүнд байдалд орох нь тодорхой. Энэ долоо хоног маш чухал цаг үе. БНХАУ анх мэдээллээ зөв өгсөн бол коронавирусийн халдвар буурах цаг үе нь болсон.
-Уул уурхайгаас 2020 оны улсын төсөвт 3.2 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэсэн байгаа. Энэ зорилтдоо хүрэх боломжгүй гэсэн үг үү?
-Анхнаасаа төсөв батлахдаа төлөвлөлт дээр алдаатай зүйл их гаргасан. Манай экспортын 60 хувийг нүүрс, зэсийн баяжмал бүрдүүлдэг.
2019 оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортод гаргана гэж тооцсон ч сая гүйцэтгэлээр 37.5 гэж гарсан. Тоо хэмжээгээр биш үнийн өсөлтөөр л арай чүү гэж экспортын дүн биеллээ шүү дээ.
Тэгвэл УИХ 2020 оны төсвийг батлахдаа дахиад 42 сая тонн гэж баталсан. Манай экспортын дэд бүтцийн хүчин чадал энэ хэмжээг гаргахад хаанаа ч хүрэхгүй. Хамгийн оргил байсан үе 2018 оны долдугаар сард 3.5 сая тонныг гаргасан байдаг. Ганцхан сард шүү дээ. Нэг сарын дундаж нь 3 сая тонн. Тэгвэл манай улсын хүчин чадал 36-37 сая тонн байх нь. УИХ-аас батлаад байгаа 42 сая тонн гэдэг боломжгүй тоо. Ийм тоо яагаад ч баталж болохгүй байсан.
Хоёрдугаарт, халдварт өвчин гарсантай холбоотойгоор нэгдүгээр улирлын экспортын бараг 50 хувь нь байхгүй болж байна. Есөн сая тонн гэж бодвол 4 сая тонн байхгүй болж байна гэсэн үг.
2020 оны төсөвт төсвийн орлогыг 11 их наяд төгрөг гэсэн байгаа. Энэ тоо биелэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Коронавирусийн халдварт өвчин гарахаас өмнө угаасаа биелэх эсэх нь тодорхойгүй байсан. Одоо бүр боломжгүй болсон.
Зарлагаа 13.8 их наяд, алдагдлаа 2 их наяд гэсэн. Төсөвт тодотгол хийхгүй бол 2020 оны эцэст 11 их наяд нь 10 магадгүй 9 их наядын орлоготой дуусах байх. Тэгтэл зарлага 13 их наяд хэвээрээ. Дөрвөн их наядын алдагдалтай байх нь. Ийм төсвөөр цааш явж болохгүй. Тиймээс хаврын чуулганд багтаж төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүссэн.
-Сонгуулийн жил учраас амлалт ихтэй төсөв болсон.Тэгэхээр тодотгол хийхэд хүндрэлтэй биш үү?
-Их юм хийнэ гэж амласан төсөв баталсан. Үүнд дотор хөрөнгө оруулалтын үр ашиггүй маш олон ажил байгаа. Тухайлбал, Соёлын төвийн барилга.
Шинээр эхлэх 30,40 соёлын төвийн барилга байна. Соёлын төв барьсан, бариагүй иргэдийн амьдралд шууд мэдрэгдэж, нөлөөлөх зүйл байхгүй шүү дээ.
Хуучин барилгаа ашиглаж болно. Үгүй ядахдаа сургуулийн анги, заал танхимыг ашиглаж болно. Сумдад 2,3 ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй. Анги танхим нь хоосон байна. Халаалт, гэрэл цахилгааны зардал ялгаагүй л гарч байгаа.
Бүрэн дүүрэн ашиглагдахгүй сургууль хоосон байхад яагаад заавал шинээр Соёлын төв барих хэрэгтэй гэж. Манайх шиг төсвийн алдагдалтай, эдийн засаг хүнд байгаа улсад энэ бол зүгээр л тэнэглэл. Магадгүй Араб, Кувейтэд л ийм байдаг байх.
Ирэх намар хүнд байдалд орохгүйн тулд одоо төсөвт тодотгол хийж зогсоож болох санхүүжилтээ зогсоох хэрэгтэй. Хамгийн түрүүн зогсоож болох санхүүжилт нь барилга. Түүнээс биш төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардал, цалин тэтгэврээс таналтай нь биш.
Тиймээс төсөвт тодотгол хийж, дор хаяж орлого, зарлагаа хоёр их наяд төгрөгөөр хасах хэрэгтэй. Есөн их наяд, 11 их наяд энэ бол 2020 оны эцэст арай бодит байна. Click To Tweet-Аялал жуулчлал манай улсын эдийн засгийн тулгуур нэг багана. 2020 онд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн зорилт коронавирусийн халдвараас болоод бас биелэхээргүй болж байна уу?
-Гарцаагүй тэгнэ. БНХАУ-ын эдийн засгийн талаар судалгаа хийж байгаа байгууллагууд дэлхийн эдийн засагт нөлөөлөх таван гол нөлөөллийг ярьж байна. Хятадын экспорт, импорт, компаниудын үйл ажиллагаа зогссоноос үүдэлтэй гарч буй үр дагавар гэх мэт.
Дэлхийн эдийн засагт нөлөөлөх бас нэг суваг нь аялал жуулчлал. Хятадын жуулчид дэлхий даяар асар олон тэрбум ам.доллар зарцуулдаг. Америк,Европын хамгийн номер нэг жуулчид нь Хятадууд. Click To Tweet
Аялал жуулчлал хумигдаад ирэхээр дэлхий дахинаа аялал жуулчлалын орлого буурах нь тодорхой. Үүнийг дагаад агаарын тээврийн компаниудын нислэгийн орлого ч буурна. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй.
- Нэгдүгээрт, тоо хэмжээний хувьд хилийн хязгаарлалттай холбоотойгоор буурна.
- Хоёрдугаарт, аюулгүй байдлаа бодсон ч гэсэн бид энэ жилдээ урд хөршөөс жуулчин авч болохгүй. Коронавирус гарсантай холбоотойгоор тодорхойгүй зүйл маш олон байгаа учраас ДЭМБ энэ долоо хоногт хоёр өдрийн шинжлэх ухааны форум зохион байгуулах гэж байна. Үүний үр дүнгээс ДЭМБ ирэх саруудад хийх ажлаа тодорхойлох байх.
Коронавирус тархаж байгаа улс орнуудыг харахаар хамгийн эхлээд агаарын шууд нислэгтэй газар болон төмөр замын шууд холбоотой улсуудад эхэлж тархсан. Хамгийн сүүлд бүртгэгдсэн газар нь ганцхан чиглэлийн нислэг, хурдны замтай Төвд. Өвөрмонгол Хятадыг бодвол хүн ам нь хамаагүй сийрэг. Ухань хот хурдан галт тэрэгний огтлолцол цэг дээр байдаг нь вирус тархах эрсдэл өндөр байсан гэсэн үг. Шанхай, Бээжин хотуудад хүн хамгийн их зорчдог газар. Үүнээс хойшоо Өвөрмонгол, Монгол руу явдаг зорчигчийн урсгал бага. Манайд Бээжин-Улаанбаатарын нислэг, Бээжин-Улаанбаатарын галт тэрэг гэсэн хоёрхон урсгал байна. Газар нутгийн алслагдмал байдал, хүн амын тархалт нь вирус Монгол Улсад бүртгэгдэхгүй байгаад нөлөөлж байгаа гэж бодож байна. Тиймээс манай улс хорио цээрийн дэглэмээ сайн бариад, орж гарч байгаа хүмүүстээ хяналтаа сайн тавьж чадвал вирус орж ирэхгүй байх боломжтой.
-Төсөвт тодотгол хийхгүй бол улс орны эдийн засаг хүнд байдалд орно гэдгийг та хэллээ. Тэгвэл короноавирусийн халдвар гарсантай холбоотойгоор иргэн Доржийн өрхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?
-Макро талаас нь харвал гадаад худалдаа багасаад төсвийн орлого буурч байна. Төсвийн орлого буурвал алдагдал нэмэгдэнэ. Засгийн газар алдагдлаа нөхөхийн тулд ирэх намраас шинээр бонд гаргах асуудал үүснэ. Бид ирэх жилээс өндөр дүнтэй өр төлбөрөө төлж эхэлнэ. Тэгэхээр валютын нөөц их байх ёстой. Гадаад худалдааны алдагдалтай байгаад байвал валют нэмэгдэхгүй. Үүнээс улбаалан банкнуудын төлбөр гүйцэтгэх чадвар багасч, ам.долларын эрэлт нэмэгдэнэ. Яваандаа цаашлаад валютын ханш нэмэгдэх нөхцөл байдал үүсэж болзошгүй. Яг одоо биш.
Хоёрдугаарт, урд хөршөөс дэлхийн олон компани сэлбэг хэрэгслээ авдаг. Японд л гэхэд сэлбэг, тоног төхөөрөмжөө авдаг автомашины үйлдвэрлэл зогссон. Үүнтэй адил манайд машины үйлдвэрлэл байхгүй ч гэсэн барилгын компаниуд материалаа авч байна. Иргэдэд шууд нөлөөлөх нь хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн. Хаврын улиралд дотоодын нөөцөлсөн ногоо дуусдаг. Шинэ ургацын ногоо гартал дөрөвдүгээр сараас долоо, наймдугаар сар хүртэл хүнсний ногоогоо яаж шийдэх вэ гэх мэтчилэн маш олон асуудал бий болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй