Гудамж,талбайд бие засч,нус,цэрээ хаясан хүнийг торгох Зөрчлийн хуулийн заалт хэрэгжихгүй байна

2020-02-09

Социализмын үеийн “Хүмүүжил,жигшил” сэтгүүл дээр гарсан зураг

Урд хөршид гарсан шинэ коронавирусын халдвар дэлхий нийтийг түгшээж,хойд хөрш Монгол ч  зохих арга хэмжээг авсаар байна. Хэдийгээр Засгийн газар,Эрүүл мэндийн яам бэлэн байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсаар байгаа ч “юм үзээгүй” ард иргэдийн маань мэдлэг нийтээрээ сайнгүй, амны хаалт зүүж хэвшихгүй, гараа угааж хэвшихгүй. Тэр бүү хэл гудамжинд нус,цэр,шүлсээ хаях явдал огт багасахгүй байна.

Уг нь Зөрчлийн тухай хуулийн  5.1 дүгээр зүйлд “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт бий ч уг заалт хэрэгжихгүй гурван жилийн нүүрийг үзэж байгаа.

Ямар сайндаа шинэ коронавирусын халдвар хаалга дэлдэж байгаа энэ үед буюу  энэ сарын 7-нд хуралдсан нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы гудамжинд нус,цэрээ хаясан, бие зассан иргэдийг Зөрчлийн хуулийн дагуу торгох захирамж гарах болсныг зарлахав.

“ Хэн дуртай нь гудамж талбайд нус цэрээ ил хаядаг, бие засдаг явдал нь онцгой дэглэм тогтоогоогүй  үед ханиад томуу, сүрьеэ өвчний тархах эх сурвалж болдог. Үүн дээр гишгэлээд  ажил, гэртээ очиж бусдад халдвар тараах үндэс болж ирсэн. Онцгой дэглэм тогтоож байгаа үед үүнд онцгой анхаарах шаардлагатай” гэж Онцгой комиссын хуралдааны мэдээнд дурджээ.

Нулимах болон нус,цэрээ хаях үед  вирус   агаар дуслаар дамжин  9 метр хүртэл тархдаг байна.

Тиймээс Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх Засаг дарга С.Амарсайханы захирамжийг ёсчлон биелүүлж, цагдаагийн байгууллага ч хамтран оролцох шаардлагатай байна.

Олон хүний амийг авч одож буй шинэ коронавирусын халдвар хаалга тогшиж байхад иргэн бид өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх шаардлагатай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ