Шинэ коронавирусын өвчлөлтэй холбоотойгоор Гашуунсухайт,Шивээхүрэн боомтын нүүрс тээвэрлэлт 10 дахин буурчээ

2020-02-08

Шинэ коронавирусын өвчлөлтэй холбоотойгоор Гашуунсухайт,Шивээхүрэнгийн  боомтоор нэвтэрдэг нүүрс тээвэрлэлт ердийн үеийнхээс 9-10 дахин буурчээ. Гашуунсухайгаар өдөрт  дунджаар 110-120 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байгаа бол Шивээхүрэнгээр 50-60 машин нэвтэрч байгаа аж.

Гашуунсухайт боомтын хувьд,хилийн хяналтын байгууллага нэг термокамер, зөөврийн дулаан хэмжигчээр ачааны автомашины жолооч нарын эрүүл мэндэд хяналт тавьж байгаа аж.

Тус боомттой хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймагт коронавирусын халдвар бүртгэгдсэн, хилээр дамжин халдварлаж болзошгүй, түүнчлэн тээвэрлэлт ердийн үеийнхээс 9-10 дахин буурсантай холбоотойгоор Ханбогд сумын эмнэлэг, “Цагаан хад” хөгжлийн гарц ТББ-ийн зүгээс эрдэс баялгийн тээвэрлэлтийг хязгаарлалтын хугацаа дуустал түр зогсоох саналыг гаргажээ. Тус боомтын хувьд шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд ариутгалын пункт ажиллахгүй, тусгаарлах байр нь халаалт, цэвэр, бохир усгүй байгаа аж.

Шивээхүрэн  боомттой хиллэдэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагт хэдийгээр өвчлөл гараагүй ч нүүрс тээвэрлэлт багасч өдөртөө 50-60 машин нэвтэрч байна. Бэлэн байдлын нөөц, хамгаалах хэрэгсэлийн хоёр хоногийн нөөцтэй, зориулалтын тусгаарлах байргүй, түр байдлаар гэр барьсан байна. Гурвантэс суманд нүүрс олборлолт хийдэг зарим компани ачилтаа зогсоон ажилчдаа амраагаад байгаа аж. Сумын Онцгой комиссын зүгээс хэдийгээр хил залгаа аймагт өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч нүүрс тээвэрлэлт 9-10 дахин багассан, аймгийн төвөөс алслагдмал газар тул өвчлөл гарсан тохиолдолд өндөр эрсдэлтэй, боомт дээр тусгаарлах байргүй, түр байдлаар гэр барьсан байгаа бөгөөд сумын төв хүртэл 80 км зайтай, хүн ам олноор суурьшсан тул нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл түр зогсоох саналыг гаргаж байв.

 

Эх сурвалж:МХЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ