Х.Тэмүүжин: Ажлаа аль хэдийн өгчихсөн Ц.Уртнасанг ахин гэмт хэрэг хийж магадгүй хэмээн хорьсныг гайхаж байна

АН-ын дэд дарга Тэмүүжин, УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал, Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг хамтад нь баривчилсныг тавилттай жүжгийн зохиол хэмээн эсэргүүцэж байгаа аж.

Энэ тухайд “2020 хоёрдугаар сарын 05 ны өдөр Ардчилсан намд өндөр албан тушаал хашиж байгаа хоёр албан тушаалтныг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тодруулбал, Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулж баривчилсан нь 2020 оны УИХ-ын сонгууль болохтой холбоотой эрх баригчдын зүгээс зохион байгуулалтайгаар дайрч байгаа акц гэж харж байна. Иймээс манай нам сүүлийн хоёр хоног дараалан хуралдаж үүсээд байгаа нөхцөл байдлыг сэтгүүлчдэд тайлбарлах нь зүйтэй гэж үзсэн. Шүүгч, прокурорын хонгил яагаад гаргаж ирэв гэдэгт гайхаж байна” гэж байлаа.

АН-ын дэд дарга Х.Тэмүжин “Ц.Уртнасан болон нэг иргэнийг саатуулсан. Саатуулах нэг үндэслэл нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн шалгаж байгаа явдал юм. Хуулийн хэрэглээг ингэж хэрэглэж байгааг ойлгоход хэцүү байна. Болж буй үйл явцтай холбогдуулан хэд хэдэн баримт ярих ёстой. Нийгмийн даатгалын сан 2005 оноос хойш 47 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж ирсэн. Ц.Уртнасан дарга тухайн үеийн НДГ-ын даргаар ажиллаж эхлээд 268 тэрбум төгрөгийн ашиг орлоготой болгон нэмэгдүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл 47 тэрбум төгрөг олж байсан байгууллагын орлогыг 268 болтол нь өсгөж, ашигтай ажиллуулсан. Эдгээр тоонуудаас харахад хэн нь хариуцсан ажлаа сайн хийв, хэн нь нийгмийн даатгалын санг хоосруулав гэдэг нь тод харагдаж байна. Улс төрийн зохиолтой, зохион байгуулалттай баривчилгаа явагдлаа.

2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг, 2017 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус тухайн үеийн сайд нарын зөвшөөрлөөр Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан.

Гэтэл Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байгааг эсэргүүцэж байна.

Дээрх шилжүүлгүүдийг хийх үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Н.Номтойбаяр, С.Чинзориг нар тус тус ажиллаж байсан. Тэднээс өмнө ашигтай ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцож зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго захиалгыг гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байна”  хэмээлээ.

https://www.facebook.com/geregNewsmedia/videos/783798308797161/?eid=ARAmeTvkx5txpyVYcgePQf43Gg_8jODrEgF-2KOtbsSPAvhoFODDzNA_g4ZSLEPEHLJ7pxC-ZbLlS60L

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ