Коронавирусын Хятадын болон дэлхийн эдийн засагт үзүүлж буй хохирол

Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас учирч буй  эдийн засгийн хохиролд дан ганц Хятад гэлтгүй дэлхийн бусад улс орнууд ч өртөж байна. Вирусыг тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажиллаагны дүнд эдийн засагт их хэмжээний хохирол учраад буй.

Вирусын голомт болох нийт 11 сая хүн амтай Ухань хотоос гадна Хэбэй мужийн бусад хэсгүүдэд ч хөл хорио тогтоож, бараа бүтээгдэхүүн болон ажилчдын хөл хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлж байна. Вирусын халдвар авах аюултай учраас хүмүүс гэрээсээ гарахаа больжээ.

Коронавирусын дэгдэлт  хамгийн нэгдүгээрт зоогийн газар, кино театр,зочид буудал, дэлгүүр хоршоо, тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани, хувь хүмүүст эдийн засгийн хор хохирол учруулж байна.

Цаг үеийн хувьд Хятадын Сар шинийн баяртай давхацсан нь бизнес эрхлэгчид хий зар сурталчилгаанд мөнгөө зарцуулж хохирчээ.  Сар шинийн амралтыг Хятадын Засгийн газраас албан ёсоор сунгасан нь зарим бизнесийг маш удаан хугацаанд зогсолт хийхэд хүргээд байна.

Бусад улс орнууд  Хятадаас худалдан авалт хийх дургүй болсноос Хятадын экспортын зах зээл хүнд байдалд ороод байна.

Гуандун мужид үсний индүү, сэнс зэргийг үйлдвэрлэдэг Винг Санг үйлдвэрийн захирал Херберт Вун BBC-д   “АНУ-Хятад хоорондын худалдааны дайн нөлөөлсөн.Дээр энэ вирусын улмаас манай үйлдвэрлэл удаан ажиллахгүй байх” гэж ярьжээ.

Үйлдвэрлэгчдэд ийм дарамт үзүүлж байгаа бол эсрэгээр Хятадаас бараа,бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт хийдэг худалдан авагчдад мөн адил хохирол учирч эхлээд байна.

Ikea,Starbucks гэх мэт олон улсын сүлжээ байгууллагууд Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоосон. Хэд хэдэн авиа компаниуд Хятадын чиглэлийн нислэгүүдээ цуцалж, олон улсын сүлжээ зочид буудлууд үйлчлүүлэгчиддээ нөхөн төлбөр олгож эхэлжээ.

Хятад улсын олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр эзэлдэг

Үүнээс гадна олон улсын нийлүүлэлтийн сүлжээ гацаанд орж, зогсоход хүрчээ. 17 жилийн өмнө Sars гарах үед  Хятад улсын дэлхий даяар тархсан олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд эзлэх байр суурь харьцангуй бага байсан байна. Харин одоо бол Хятад улс бол дэлхийн автомашин, гар утас, электроник үйлдвэрлэлд томоохон  нийлүүлэгчид.Солонгосын Hyundai компанийн эд ангиудынх нь Хятадаас ирэх нийлүүлэлт зогссон учраас автомашин үйлдвэрлэхээ зогсоогоод байна. Ихэнх гар утас,компьютерийг Хятадад үйлдвэрлэж, үгүйдээ гэхэд эд ангийг нь тус улсад үйлдвэрлэдэг.

Хөрөнгийн зах зээлд ч бас..

Хөрөнгийн зах зээлд ч  коронавирусын нөхцөл байдал нөлөөлөөд байна. Дэлхий даяар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ хоёр долоо хоногийн өмнөхөөс буурсан үзүүлэлттэй байна.Хятадын хөрөнгийн зах зээл амралт эхэлснээс хойш арилжаа явагдсан эхний өдөр найман хувиар унажээ.

Хятадаас ирэх эрэлт багасахын хамт түүхий газрын тосны үнэ 15, зэсийн үнэ 13 хувиар буурав

Халдвар гарсан Хятад улсын хувьд аж үйлдвэрийн түүхий эдийн чухал худалдан авагч бөгөөд коронавирусын нөхцөл байдал нь тэдгээр түүхийн эдийн үнэнд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байна.  Үүний нэг жишээ нь, түүхий газрын тосны үнэ энэ жилийн турш байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрчээ. Хятад улсаас ирэх эрэлт багасахын хамт өнгөрөгч хоёр долоо хоногийн хугацаанд нийт 15 хувиар буурчээ. Зэсийн хувьд мөн адил хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 13 хувиар хямд байна.

Эдгээр түүхий эдийг ханган нийлүүлэгчид нь ихэвчлэн хөгжиж буй эдийн засагтай улс орнууд байна.

Дэлхийн эдийн засагт хэр хэмжээний хохирол үзүүлэх нь Хятадын эрх баригчдаас хамаарна

Коронавирусын цаашид эдийн засагт үзүүлэх боломжит үр нөлөөг тооцоолоход одоо арай эрт байгаа боловч хэр хэмжээний хохиролтой байх нь Хятадын эрх баригчид вирусыг хэр сайн хянаж, тархаахгүй байх вэ гэдгээс ихээхэн хамаарна.

Аль хэдийнэ хийгдчихсэн байгаа коронавирусын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаарх тооцооллыг харвал:

Oxford Economics зөвлөх үйлчилгээний компаниас Хятад улсын эдийн засаг 2020 оны эхний улиралд өмнөх жилийнхтэй харьцуулбал дөрвөн хувиас бага өсөлттэй байна гэж тооцоолжээ. Харин бүтэн жилийн хугацаанд дундаж өсөлт нь 5.6 хувь байх юм байна. Дэлхийн эдийн засгийн хувьд 0.2 хувиас бага хувийн өсөлт ажиглагдана гэжээ.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ