• Дархан-Уул аймагт нэг айлын гурван хүүхэд тогонд цохиулж амиа алджээ

    2020-02-06

    Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт   нэг айлын  1-5 насны гурван хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.Гэрт нь халуун ус алдаж, уртасгагч залгуураар дамжсан цахилгаанд цохиулж амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан байна.

    Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 6 км замыг туулан 17:30 цагт очиход Я /5 настай эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/, Ц /1 нас 6 сартай, эмэгтэй/ нар амиа алдсан байжээ. Иргэн Ч-ийнх Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны 9 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэж амьдарч байжээ. Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж  гоожсон байдалтай. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт оржээ. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдэж байна.

    Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ