Д.Оюунхорол:Хуулиудыг хэрэгжүүлэх санхүүжилтийг төсөвт суулгаснаар хуримтлагдсан олон асуудал бодитоор шийдэгдэж эхэлсэн

2020-02-05

УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо 10 удаа хуралдаж, гурван  бие даасан хууль, хамт өргөн мэдүүлсэн  гурван хууль, УИХ-ын дөрвөн  тогтоолыг хэлэлцжээ.

НББСШУ-ны байнгын хороон дарга Д.Оюунхорол байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-аар батлуулсан хуулийн төслүүдийн  талаар өгсөн мэдээллийг  хүргэе.

1.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулснаар иргэдийг нас хүйсээр нь ангилан тодорхой хугацаанд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд  хамруулах эрх зүйн орчин бүрдэв.

ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНЭЭР…

  • Элэгний хорт хавдрын нас баралтыг 30 хувиар бууруулах
  • ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулах
  • умайн хүзүүний хорт хавдрын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой гэж үзсэн.

Жилд 6000 иргэн хорт хавдартай гэсэн онош сонсдог бол 60 хувь нь сүүл үедээ оношлогдож нас бардаг байна.

Хорт хавдраар өвчлөгсдийн:

  • 35 хувийг элэгний хорт хавдар,
  • 15 хувийг ходоодны хорт хавдар,
  • 69 хувийг улаан хоолойн хорт хавдар,
  • 8 хувийг  умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.

2020 оны төсөвт ЭМЯ-тай хамтран  ХСҮТ-ийн орыг нэмэхэд шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийн суулгаж  батлуулсан.

2. Зарим иргэдийн тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийг батлуулав.

Эрт тэвгэвэрт гарсан  хүмүүсийн олон жил хүсэн хүлээсэн  хууль батлагдсан.  1990 онд Тэтгэврийн хууль батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэсэн  заалтаар ид хийж бүтээх хөдөлмөрийн насан дээрээ  олон эмэгтэйчүүд тэтгэвэрт гарсан байдаг.

Үүнээс болж тэтгэвэр нь бага тогтоогдсон, нийгмийн баталгаа нь алдагдсан зэрэг гомдол санал олон жил яригдсан. Харин энэ удаагийн УИХ,  НББСШУ-ны байнгын хороо шийдвэрлэв.

Үүний үр дүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 21 мянган иргэн НДС-аас тэтгэвэр авч эхэлсэн байна.

  • 14465 нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд,
  • 3700 нь 27 жил ажилласан, нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд,
  • 2900 нь 32 ажилласан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд байна.

Эдгээр иргэдийн тэтгэврийн суурь хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийг  төсөвт суулгаж өгснөөр хууль  цогцоор хэрэгжих боломжтой болсон.

ТАЙЛБАР:Цогцоор шийдвэрлэсэн гэдэг нь өмнө хууль батлагдаад нэг, хоёр жил болоход санхүүжилтийг  нь  шийддэггүй байсан  учраас  асуудал хуримтлагдсан хэвээр  байдаг байсан. Энэ удаагийн хуулиудийг батлахдаа хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг  төсөвт суулгаж, шийдвэрлэсэн.  Ингэснээр иргэдийн өмнө хуримтлагдсан олон   асуудал бодитоор  шийдвэрлэгдэх боломжтой болсон.

3. Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.

Хуулиар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа түншлэлийг өргөжүүлэх таатай орчинг бүрдүүлж төгсөн. Ингэснээр инноваци шингээсэн,  мэдлэгт суурилсан эдиийн засгийг бий болгох, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн технологи нэвтрүүлэх, олон улсын зах зээлд үндэсний брэнд бий болгох, аж ахуйн нэгжүүдэд тодорхой дэмжлэг үзүүлэх хөрс суурь тавигдсан.

4.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн төслийг батлуулав.

2019 оны сүүлээр  улсын хэмжээнд 421.1  мянган ахмад  байгаагийн 54 хувь буюу 229.4 мянган ахмад  763,3 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Хэдэн сараар  урьдчилан зээл аваад тухайн сарынхаа амьжиргааг залгуулна гэдэг хэцүү. Тиймээс Ерөнхийлөгч оны босгон дээр 230 мянган тэтгэврийн зээлтэй  ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай   мэдэгдэл хийсэн.

Хэлэлцүүлгийн явцад ганцхан  тэтгэврийн өртэй ахмадуудын асуудлыг шийдэхгүйгээр эхийн эцээж тугалыг нь тураахгүйгээр асуудалд хандсан.

Зургаан сая төгрөг хүртэлх зээлтэй иргэдийн зээлийг тэглэхээр шийдвэрлэсэн. Мөн хуулийн хэлэлцүүлгийн явцад зээл аваагүй ахмадуудыг орхигдуулж болохгүй гэж үзэж,Үндсэн хуульд тусгасан  баялгийн тэгш хуваарилалтийн зарчмаа баримталж 194 мянган ахмадад нэг сая төгрөгийн  “Эрдэнэс” бонд үнэт цаас олгохоор шийдвэрлэсэн. Мөн 2021 оны тавдугаар сараас өмнө нас барсан ахмадууын үр хүүхдэд үнэт цаасны эрхийн бичгийг өв залгамжлуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр 421 мянган ахмад жигд хамрагдах боломжтой болсон.

“Эрдэнэс” бонд үнэт цаасыг иргэн хүн худалдаалах наймаалах, шилжүүлж боломжгүй зөвхөн өв залгамжлах эрхтэй байна.

 

5.Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулав.

Бурхан багшийн Их дүйчин өдрийг  тэмдэглэх хуулийн төслийг батлуулсан. Үндэсний түүх хэл соёл,  зан заншил, уламжлал, эв нэгдлийг бататгах гээд олон эерэг зүйлийг нийгэмд бий болгох арга хэмжээг зохион байгуулах нь зөв гэж үзэж хуулийн төслийг дэмжсэн.  Энэ өдөр үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн, уламжлалт шашны харилцааг бий болгож байгаа учраас мацаг барих, мод тарих, зэрэг олон нийтийн үйл ажиллагааг дэлгэрүүлэх, нөгөө талаар залуучууд архинаас татгалзах, төрийн өршөөл үзүүлэх, эцэг эхдээ талархал илэрхийлэх, өөрийгөө үнэлж дүгнэх гээд бусад баяраас өөр байх боломж гэж үзэж байна.

  • Мөн өрхийн эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. ХСҮТ-өө 120 ороор нэмэгдүүлэх юм бол үндэсний хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй хүртээмж нь нэмэгдэнэ.
  • Эдийн засгийн нөхцөл байдалдаа үндэслэн багш нарын цалинг 20-26 хувиар нэмэх боломжийг бий болгосон гэх мэдээллийг өглөө.

Цаашид УИХ-ын НББСШУБХ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хууль зүйн байнгын хороотой хамтран ажиллана.  Гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг чангатгаж, хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүүхдийн өмч гэсэн ойлголтыг ч бий болгох ёстой гэдгийг тэрбээр хэлж байна.

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ