ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусын дэгдэлт эрчимтэй тархаж байна. Манай улс эрсдэл өндөртэй орны тоонд орж байна. Сүүлийн гурав дөрөв хоногт Эрээн, Замын-Үүд зэрэг хилийн боомтоор орж ирэх монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Энэ хүмүүс дунд халуурах шинж тэмдэгтэй хүмүүс орж ирж байна.
Нэгдүгээр сарын 03-нд ДЭМБ-аас анхны зөвлөмжийг авснаас эхлээд бидний сургалт сурталчилгаа, мэдээлэл эхэлсэн. Гэтэл түүнээс хойш өвчлөл гарсан газар руу зорчиж ирээд биеийн байдал нь халуурах шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд байна. Тухайлбал Дархан-Уул аймагт нэг хүн тусгаарлагдсан. Энэ хүн дэлхий дахинд коронавирус тархсан энэ үед гадаад оронд зорчсон. Манай иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг анхаармаар байна.
Мөн энэ хүн өөрийгөө тусгаарлаад эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаа нь манай зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа бас нэг сайн талтай. Иргэд гадаадын өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх гэсэн зөвлөмжийг маш сайн мөрдөх хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдолд өөрийгөө 14 хоног дотроо ажиглаад, халуурах, суулгах, цээжээр өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэг илрэх юм бол маскаа зүүгээд эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагынхан 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Цаашдаа ч улам эрчимжүүлж ажиллана” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй