• Трампын Ойрхи Дорнод ба Төв Ази дахь бүтэлтэй, бүтэлгүй төлөвлөгөө

    2020-02-05

    -Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нөлөөлсөнгүй-

    Дэлхий дахин коронавирусийн аюул заналд хүлэгдэн буй энэ цаг үед АНУ-д томоохон үйл явдлууд өрнөж, удирдагчид нь Ойрхи Дорнод, Төв Азид энх тайван тогтоохоо амлан уралдаж байна.

    Д.Трампад зарласан импичментийг санал хураалт өнөөдөр АНУ-ын Сенатын танхимд болох гэж байна. Тэгвэл өчигдөр Д.Трамп Айова мужид болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихийг хүсэгчдийн сунгаанд тасархай ялалт байгуулаад байна. Энэ сацуу Трамп болон түүний засаг захиргаанаас сүүлийн хэд хоногт танилцуулж буй төлөвлөгөөнүүд олон улсын анхаарлын төвд байна.

    Эхлээд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сарын 28-нд Палестин-Израилийн зөрчлийг шийдвэрлэх “зууны тохиролцоо” төлөвлөгөөг танилцуулсан. Тэрхүү төлөвлөгөөгөөр Израиль-Палестины зөрчлийг зэрэгцээ хоёр тусгаар улс байгуулах замаар шийдвэрлэхээр шийджээ. Иерусалим бүхэлдээ еврейчүүдийн нийслэл болох боловч хотын зүүн хэсэгт Палестины нийслэлийг байгуулах боломжтой гэж заажээ.

    Палестины газар нутаг одоогийнхоос хоёр дахин томорч байгаа бөгөөд нийслэлд нь АНУ элчин сайдын яамаа нээх аж. Үүнээс гадна Иордан голын баруун эрэг болон Газын зурвасыг Палестинчуудад өгөх ч энд бас Израилийн суурьшлын бүсийг зөвшөөрөх ёстой гэнэ. “ХАМАС” бүлэг зэвсгээ хурааж, Газын зурвас нутаг цэрэг зэвсэггүй бүс болох юм байх.

    Ингэснээр ирээдүйн Палестин улс Газын зурвас, Иордан голын баруун эрэг гэсэн хоёр салангид газар нутагтай болох ба тэдгээрийг туннель болон агаарын замаар холбох боломжтойг төлөвлөгөөнд заажээ. Палестины тусгаар улс байгуулагдах үйл явцыг дуустал буюу дөрвөн жилийн хугацаанд Израиль улс еврей иргэдийг Палестины газар нутагт нэмж суурьшуулах ажлаа зогсоох ёстой.

    Ойрхи Дорнодын сөргөлдөөн шийдвэрлэгдсэн тохиолдолд Палестин улс АНУ-аас 50 тэрбум долларын тусламж авна гэж тус төлөвлөгөөнд тэмдэглэжээ.

    Трампын энэхүү төлөвлөгөөг Израилийн тал таатай хүлээн авсан ба Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Цагаан ордонд хэлсэн үгэндээ “энх тайвныг тогтоох бодит зам” гэжээ.

    Тэгвэл Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас “Би Трамп, Нетаньяху нарт Иерусалим зарагдахгүй гэж хэлэх байна. Палестинчуудын эрх наймааны бараа биш бөгөөд худалдагддаггүй. Та нарын тохиролцоо бол хуйвалдаан. Тийм учраас хэрэгжихгүй” гэж мэдэгдсэн. Мөн Д.Трампын төлөвлөгөөнд мянган удаа үгүй гэж хэлэхээ мэдэгдээд “Түүхийн хогийн саванд хаягдах зүйл” гэж шүүмжилсэн байна.

    1967 оны Араб-Израилийн дайны дараа Израиль улс палестинчуудын нутаг болох Иордан голын баруун эргийг эзлэн авч, жүүд иргэдийг суурьшуулах болсон. НҮБ Палестин, Израиль хоёр улс зэрэгцэн орших нь Ойрхи Дорнодод энх тайван байдал тогтоох гол шийдэл гэж үзсээр ирсэн. Трампын засаг захиргаа хоёр улс байгуулах шийдлийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бол шинэ төлөвлөгөөндөө анх удаа ийн тусгажээ.

    Гэхдээ Трампын энэхүү  төлөвлөгөөг дэлхийн олон орны удирдагчид биелэгдэх боломжгүй гэж үзэж байна.

    Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх АНУ-ын шинэ төлөвлөгөөг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэхийг Владимир Путинээс хүссэн.

    Д.Трампын Ойрхи Дорнодыг төвхнүүлэх амбицтай төлөвлөгөөний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео Төв Азийн /Өмнө нь Дундад Ази гэдэг байсан, эдүгээ станууд ч гэдэг/ бүс нутгийн орнуудад айлчилж тус бүс нутгийн шинэ стратегийг танилцууллаа.

    Казахстаны ерөнхийлөгч Токаевтай хэлэлцээр хийх үедээ Помпео “Казахстаны хэрэгжүүлж буй улс төр, эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг АНУ эерэгээр үнэлж байна. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа дэлхийн энх тайвныг хамгаалахад найдвартай түншийн харилцаа болно хэмээн үзэж байна” гэжээ. Тэрээр Токаевд хандан АНУ-ын боловсруулж буй Төв Азийн бүс нутгийн шинэ стратегийн үндсэн агуулгыг танилцуулаад: “Шинэ стратеги нь Төв Азийн бүс нутгийн тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг дэмжинэ гэж мэдэгдсэн.

    АНУ болон Төв Азийн таван орон “С5 + 1”-ийн яриа хэлэлцээний механизмыг нотолж, Казахстанд, Афганистаны асуудлаарх тусгай төлөөлөгчийн газар байгуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, Афганистаны эдийн засгийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөгөө зарласан байна.

    АНУ ба Төв Азийн таван улс хамтран ажиллах, түншлэх декларацид 2015 онд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. АНУ болон Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменстан улсууд ордог юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ