• НӨАТ-ын буцаан олголтыг ирэх Даваа гарагаас өгч эхэлнэ

    2020-02-04

    Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.

    Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарж байна. 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

    148,000 тэрбумыг ирэх Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 10-наас олгож эхэлнэ. Хоёрдугаарт, 912,000 иргэн буцаан олголт авч байгаа. Өнгөрсөн жил 796,000 иргэн авч байсан бол энэ жил 115,000-аар нэмэгдсэн.

    Татварын багц хуультай холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхэлнэ. Дөрөвдүгээр сар, долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголт ороод явна.

    996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээ зөрчилтэй байна гэж үзээд хянаж байгаа. Цахим систем эрсдэл үүсэхэд хүнээс үл хамаараад эрсдлийн мэдээллийг өгдөг, үүнийг хянаад засаж залруулдаг. Хууль хэрэгжих хугацаанд зарим зөрчил илэрсэн. Тухайлбал, зочид буудлын ажилтан иргэдэд олгох ёстой НӨАТ-ыг их дүнгээр буюу 80-аад сая төгрөгийг өөр дээрээ бүртгүүлж авсан байгаа.

    Автомашин борлуулсан иргэн НӨАТ-гүй зарчихаад хил гааль дээр төлсөн НӨАТ-ыг буцаан авах зэрэг зөрчлүүд байсан тул хяналт шалгалтууд хийгдээд арилгах чиглэлээр ажилласан.

    2019 онд улсын төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Үүнтэй адил иргэдийн буцаан олголт нэмэгдэж байна. Иргэд баримтаа бүрдүүлж, нэхэж авах, бүртгүүлэх ажилд идэвхтэй байгаад баярлаж байгаагаа илэрхийлье.

    НӨАТ-ын буцаан олголтоо шууд авахгүйгээр төрийн үйлчилгээнүүдээ төлөх боломжийг ирэх улирлаас бүрдүүлнэ. НӨАТ-ын орлогоор төрийн үйлчилгээний төлбөрүүдийг төлөх боломжийг ийнхүү бүрдүүлж байна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ