Э.Мөнх-Очир:ҮОХ-ны хурлын бүрэлдэхүүний дөнгөж 30 хувь хүрэхтэй, үгүйтэй нь МҮОХ-ны жинхэнэ эзэд байна

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт “Шангрила” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдахаар болсон тухай мэдээлжээ.

Токио-2020 зуны олимп хаяанд ирсэн энэ үед Монголын үндэсний олимпийн хороо ийнхүү албан ёсны ерөнхийлөгчтэй болох гэж байгаа ажээ. 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Д.Загдсүрэн өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа өгсөн билээ.

Тэгвэл энэ удаагийн хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо/Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч/-г сонгох сонгууль явагдах юм. Энэ удаа МҮОХ-ны ерөнхийлөгчид тус хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболлын холбооны гишүүн Ц.Бат-Энх нарыг өрсөлдөж байгаа тухай бус мэдээлэл бий.

Гэвч МҮОХ бусармаг үйл ажиллагаа явуулдаг цөөн хүний байгууллага мэт болсон гэж шүүмжлэх хүмүүс олон.

Тэдний нэг Монголын биатлоны холбооны Ерөнхийлөгч, Монголын буудлага спортын холбооны дэд Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Олимпийн спортын холбоодын Ерөнхийлөгч нарт хандан захидал бичиж хүргүүлжээ.

Э.Мөнх-Очир “Доорх захидлыг Олимпийн спортын холбоодын Ерөнхийлөгч нарт өнгөрсөн долоо хоногт цахим шуудангаар хүргүүллээ. Спортод хайртай түмэн олон харна уу:

****************************************************************

ОЛИМПИЙН СПОРТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНАА

МҮОХ-ны талаар санал солилцох тухай

МҮОХ-ны жинхэнэ эзэд болох Олимпийн төрлийн спортын холбоод бид Монгол улсад Олимпийн Хартийг биелүүлэх цаг иржээ. Өнөөдрийг хүртэл маш олон жил МҮОХ-нд Олимпийн спортын холбоод бид биш хөдөө, орон нутгийн олимпийн зөвлөлийн дарга нар гэх хувь хүмүүс Олимпийн чуулган, Гишүүдийн хурал дээр дийлэнх нь байж, улмаар тэдний саналаар МҮОХ-ны шийдвэр тодорхой нэр бүхий хүмүүсийн хүслээр гарч, МҮОХ нь хэсэг бүлэг хүмүүст үйлчилдэг улстөржсөн “хувийн” байгууллага болооод удаж байгаа болно.

Гэтэл Олимпийн Харти ёсоор нэн тэргүүнд Олимпийн хөтөлбөрт ордог спортын төрлүүдийг хөгжүүлэх, ОУОХ-ноос олгодог санхүүжилт, төсөл хөтөлбөр, тусламжийг ил тод, нээлттэй зарчмаар олимпийн спортуудыг хөгжүүлэхэд зарцуулдаг байгууллага байх ёстой юм. Тийм ч учраас Олимпийн Хартийн 28.3-т ҮОХ-ны бүрэлдэхүүний олонхийг, өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүний 50-иас дээш 100 хүртэл хувийг Олимпийн хөтөлбөрт ордог холбоод бүрдүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байдаг. Дэлхийн 209 орны ҮОХ-доос Серби, Чехословак, Дани, Бразил зэрэг олон орны Олимпийн хороодын санал өгөх эрхтэй гишүүн холбоод нь 100% олимпийн спортын холбоод байна.

Харин Монгол улсын хувьд энэ харьцаа 30:70 буюу өдийг хүртэл болсон хурлын бүрэлдэхүүний дөнгөж 30 хүрэхтэй үгүйтэй хувь нь МҮОХ-ны жинхэнэ эзэд байсаар ирсэн байна. Үндсэндээ шийдвэр гаргах үйл явцад жинхэнэ эздийг огт оролцуулалгүй өдийг хүргэжээ.

Одоо мөрдөж байгаа МҮОХ-ны 2016 оны дүрмийн 5.1.1-т Олимпийн Хартийн зарчмыг хадгалан Олимпийн спортууд давамгайлахыг тусгаж өгсөн боловч, бодит байдал дээр аанай л олимпийн бус хувь этгээдүүд шийдвэр гаргаж байх (үүний цаана нэг хүн, түүний бүлэглэл хэмжээ хязгааргүй сонгогдон ноёрхлоо хадгалах) нөхцөлийг маш зальжин аргаар мөнхүү дүрмийн 14.3-н эхний догол мөрөнд оруулж өгснөөр өнөөг хүртэл МҮОХ-ны жинхэнэ эзэд хэн ч биш хэвээр, МҮОХ нь олимпийн спортын байгууллага биш хувь хүний аж ахуй мэт байдал хэвээр байсаар байна. Дүрмийн 14.3-н эхний догол мөрөнд зааснаар “Чуулганы төлөөлөгч гэх хувь хүмүүсийг МҮОХ-ны гишүүнээр батламжлан” “МҮОХ-ны гишүүд” гэх хувь хүмүүс бүхэл бүтэн олон мянган тамирчдыг төлөөлдөг спортын холбоодоос ч илүү эрх мэдэлтэй болж, нөгөө бүлэглэл, хэсэг хувь хүмүүст л ашигтай нөхцөл байдал үргэлжилсээр байна.

Нэгэнт өнөөгийн МҮОХ-нд ямар ч асуудал тавиад хууль дүрмээ мөрддөггүй учраас өнгөрсөн жилийн эхээр Олимпийн Харти зөрчсөн дээрх байдлыг ОУОХ-нд олимпийн спортын 4 холбооноос тавьж, хувь хүмүүсийг гишүүнчилж огт болохгүй, хэрэв зөрчил үүсгээд байгаа бол МҮОХ-ны дүрмийн 14.3-н эхний догол мөрийг устгах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ОУОХ-ноос МҮОХ-нд ирүүлсэн боловч харин ч эсрэгээр нь хувь хүмүүсийг гишүүнчлэн, Олимпийн Харти зөрчиж байгаагаа ил зарлан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж байгаа нь харамсалтай байна. МҮОХ-ны гишүүнчлэл нь спортын холбоодоос бүрдэх (дийлэнх нь олимпийн спортын) байтал эдгээр холбоод дээр 160 гаруй хүн нэмэгдээд МҮОХ-ны бүтэц замбараагаа алдаад байгаа юм. 2018, 2019 онуудад хэд хэдэн удаа буруу бүрэлдэхүүнээр хуралдаад байна.

Нэгэнт ОУОХ-ноос албан ёсны заавар зөвлөмж ирсэн, мөн эрт орой хэзээ нэгэн цагт Олимпийн Хартийн дагуу МҮОХ нь жинхэнэ эздэдээ ирэх нь тодорхой боловч өөрсдийн сонирхол, өөрийн спортод хайртай дуртайдаа спортын холбооны ажлыг олон мянган тамирчдынхаа өмнө хариуцан авсан Та бидний үүрэг хариуцлага, нөгөө талаас бидний эрх ашиг нь МҮОХ-ны бүтцийг Олимпийн Хартид нийцүүлэн зохион байгуулахыг цаг алдалгүй хийхийг шаардаж байна гэж үзэж байна.

Иймд Олимпийн хөтөлбөрт ордог спортын холбоодын Ерөнхийлөгч нарын МҮОХ-ны талаар санал солилцох уулзалтыг ирэх хоёрдугаар сарын эхний хагаст багтаан зохион байгуулах саналыг дэвшүүлж байна.

ОУОХ-ноос удаа дараа ирүүлсэн зөвлөмж, ялангуяа 2019.01.22-нд ирүүлсэн тодорхой заавар, зөвлөмжийг орчуулгын хамт, мөн спортын 4 холбооноос ОУОХ-нд явуулж байсан захидал, МҮОХ-ны хурлууд Олимпийн Харти зөрчин хувь хүмүүсийг гишүүнчилсэн мэдээ, Олимпийн Хартийн холбогдох заалтууд зэрэг бичиг баримтыг хавсаргав.

ХҮНДЭТГЭСЭН,

ЭНЭБИШИЙН МӨНХ-ОЧИР

МОНГОЛЫН БИАТЛОНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,

МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ” гэжээ

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ