Ж.Бат-Эрдэнэ:Н.Номтойбаяр гишүүн өөрөө нээлттэй байхад,  хуулийг  арай чангаруулж хэрэглээд байгаа юм болов уу гэж ойлгосон

2020-02-04

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн дараах асуултад хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?  

-Номтойбаяр гишүүний асуудалд  нэг зүйлийг хэлэх ёстой гэж бодож байна.УИХ-ын гишүүн ч бай, Монгол Улсын иргэн хэн ч байсан өөрийгөө өмгөөлөх, өөрийн талаар мэдээлэл өгөх эрх нь Үндсэн хуулиар нээлттэй. Тэр хүн мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан эсвэл тухайн хэргийг онц ноцтойгоор гуйвуулсан эсвэл хэргийн ул мөрийг балласан бол хэн байх  нь хамаагүй таслан сэргийлэх арга хэмжээ авна. Гэтэл Номтойбаяр гишүүний хэлж байгаагаар очоод мэдүүлэг өгөх гэхээр мэдүүлэг авдаг хүн нь байхгүй, маргааш ир, нөгөөдөр гээд явуулдаг байсан гэнэ. Өөрөө гүйж очиж мэдүүлэг өгсөн гэж яриад байгаа.

Энэ хүн өөрөө ийм нээлттэй байхад хуулийг  арай чангаруулж хэрэглээд байгаа юм болов уу гэсэн ойлголт харагдаж байна.

 Ардчилсан нам   мандат хуваарилалтыг  Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандахаа илэрхийлсэн. Ямар нэгэн маргаан гарах уу?

-Маргаан гарна гэж би харахгүй байна. Гол зарчмаа л бид барих ёстой.Тухайн нутгийн иргэд жигд сонгуулийн мандаттай байж, гишүүнээрээ дамжуулж өөрсдийн санаа бодлыг УИХ болон бусад төрийн бодлогод оролцуулах бололцоог хангах нь чухал. Ардчилсан нам ямар үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж харж байгааг мэдэхгүй байна. Мандат хуваарилдаг зарчмаа баримталж л хуваарилсан.

Мандатыг хуваарилж байгаагийн цаад гол ач холбогдол нь иргэд тэгш  шударга зарчмын дагуу саналаа өгөхөд  оршиж байгаа юм. Газар нутаг, хүн амын тоо зэрэгт тулгуурлаж мандат хуваарилдаг. Гол өөрчлөлт нь урьд өмнө   хоёр мандаттай байсан Булган, Сүхбаатар,Говь-Алтай, Дундговь аймагт мандатын тоог нэгээр нэмсэн.

Урьд нь эдгээр аймгуудын мандатыг авч Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд нэмсэн шүү дээ. Одоо буцаагаад өгч байгаа юм.

Үүнийг нийслэлчүүдээс мандатыг нь авсан мэтээр  ойлгож байгаа  байх. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нийслэлчүүд нягтрал сайтай амьдарч байна.  Мэдээлэл авах боломж бололцоотой, саналаа өгөх орон байр,  унаа тэрэг нь элбэг байна. Харин орон нутгийн хувьд өөр шүү дээ. Уулзалт, цуглаанд очих, мэдээлэл авах нь арай хязгаарлагдмал. Жишээ нь, би л гэхэд Булган аймгийн  сум, баг дээр нэг очоо  л явдаг. Тэр болгонд иргэд, малчид ирж чадах эсэх нь эргэлзээтэй. Тарааж өгсөн материал унших, амаас ам дамжсан мэдээллийг л авч байна шүү дээ.

-Зээл аваагүй ахмадуудад  гурван сая төгрөг олгох хуулийн төслийг УИХ-ын Л.Болд, Ж.Батзандан нар өргөн барьсан. Энэ боломжтой юу?

-Би нэг л зүйлийг л  ярьдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажлын  байр, үйлдвэрлэлийг  бий болгооч, ядуурлыг бууруулаач ээ гэж ярьж ирсэн. Ажлын байрыг хэн бий болгох юм. Аж ахуйн нэгжүүд, иргэд өөрсдөө  бий болгоно.  Төр дангаараа бий болгож чадахгүй ш дээ.Үүнийг дэмжсэн үйл ажиллагааг явуулж өгөөч ээ гэж л хүсдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийн санд хэдэн төгрөг хийгээд өгөөч ээ гэж мөн ч их хүссэн. Энэ жил нэг ч төгрөг оруулсангүй. Гэтэл ахмадуудын зээлийг төлөх асуудалд 900 тэрбум төгрөг гарч байгаа юм. Том мөнгө. Бодлого яагаад жигд явахгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг гаргаж тавьдаг. Гэхдээ хэдэн ахмадаасаа  харамлаад байх зүйл байхгүй. Хамгийн гол нь жигд  анхаардаг баймаар байна. Эдийн засаг тэлэх тусам улс орны  эдийн засаг,  Монгол хүний цаашлаад өрхийн чадавх сайжрах асуудал юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ