МСДН болон ХҮН эвсэхээр санамж байгууллаа

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит сонгуульд эвсэж оролцохоор Хөдөлмөрийн үндэсний нам болон Монголын Социал демократ намын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Гарын үсэг зурах ёслол ХҮН-ын байранд болсон бөгөөд ХҮН-ын дарга Б.Найдалаа, МСДН-ын дарга А.Ганбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Энэ үеэр ХҮН-ын дарга Б.Найдалаа  “Манай хоёр нам хамтран хүнээ дээдэлсэн зүүн төвийн улс төрийн бодлоготойн хувьд эвийг эрхэмлэн, хүчээ нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хамтран ажиллах зорилгоор харилцан тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцох боломжтойг үүгээр мэдэгдэж байна” хэмээлээ.

Харин МСДН-ын дарга А.Ганбаатар  “ХҮН-ын бодлоготой манай намын үзэл баримтлал адилхан.  Тиймээс  цаашид хамтран ажиллах ёстой гэдэг байр суурьтай болж буйд баяртай байна. Энэ оны гуравдугаар сарын 31-нд манай нам 30 жилийн ойтойгоо золгож байгаа.  Намынхаа их хурлыг хийнэ. Тус хурлаар 2020 оны сонгууль болон Монголын социал демократуудын дэвшүүлэх бодлого зорилгыг гаргаж тавина” гэв. Тус хоёр нам хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд: 

“Монгол Улсад нийгмийн баялгийн хуваарилалт гажиж, баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэн, цөөхөн бүлэг этгээдүүдэд эрх мэдэл, эд хөрөнгийн хэт төвлөрөл үүсч, Монгол орон маань монгол ХҮН эрх тэгш, амар амгалан амьдрах боломжгүй, амьд үлдэхийн төлөөх тэмцлийн талбар болжээ. Улмаар Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төр, эв нэгдэл зэрэг төр, нийгмийн суурь үнэт зүйлс алдагдаж, харь гүрний гар хөл бологчид, “авлигын сүлжээний эзэд”-ийн хууль ёсны дарангуйлагч болох шуналын золиос болж байна.

Иймд тусгаар Монгол Улсад шударга ёсыг тогтоох, тэгш боломжийг бүгдэд олгох, хүмүүнлэг, иргэний, ардчилсан төрийн зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэх, хэсэг бүлгийн бус нийтийн сайн сайхны төлөө хүн төвтэй улс төрийн бодлогын зохистой шийдлүүдийг гарган хэрэгжүүлэх нь ардчилсан дэвшилтэт үзэлтэй улс төрийн хүчнүүдийн түүхэн үүрэг болоод байна.

Манай хоёр нам хүнээ дээдэлсэн зүүн төвийн улс төрийн бодлоготой намуудын хувьд эвийг эрхэмлэн, хүчээ нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хамтран ажиллах зорилгоор харилцан тохиролцож хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна. Түүнчлэн нам тус бүрийн эрх бүхий байгууллагаас холбогдох улс төрийн шийдвэрээ гаргасан тохиолдолд 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцох боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ