
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлыг 30 орчим хувиар нэмсэн шийдвэр энэ оноос хэрэгжиж эхэлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагч болон даатгагч төлнө гэж заасан. Даатгагч төлөх төлбөрийг 400 мянган төгрөг болж нэмэгдүүлжээ. Өмнө нь хувийн болон улсын эмнэлгийн даатгалаас төлөх тариф өөр байсан бол хоёрдугаар сарын 1-нээс адилхан 400 мянган төгрөг болж байна. Click To Tweet
Ингэснээр эрүүл мэндийн тусламжийн чанарт дэвшил гарна гэж үзэж байгаа ажээ.
ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан “Даатгалын байгууллага зөв оношилгоо, зөв эмчилгээ хийгдэж байна уу үгүй юу гэдгийг нягталж байж санхүүжилт олгоно. Өөрөөр хэлбэл, хэвтэн эмчлүүлж байгаа онош болгон дээр эмнэлзүйн удирдамжийг баримталж санхүүжилт олгоно гэсэн үг юм.
330 орчим төрлийн оношийн санхүүжилтыг өөр өөр аргачлалаар бодож гаргасан. Жишээлбэл, уушгины хатгаа, ходоодны үрэвсэл гэх мэт тус тусдаа өөр оношийн бүлэг байна. Энгийнээр тайлбарлахад, хүндрэлгүй мухар олгойнд зардал бага гарна, хэрэв үрэвсэж хүндэрсэн бол зардал их гарна гэсэн үг юм” хэмээн тайлбарлав.
Энэ жил 506,5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар төсөвт суулгасан. Энэ нь өнгөрсөн оноос 20 хувиар нэмэгдсэн төсөв юм. Ингэж нэмэгдүүлснээр ард иргэдийн халааснаас мөнгө гарахгүй, эм, тариа авахгүй байх нөхцөл бий болно гэж үзэж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй