• С.Мөнхчулуун:Дүүргүүдийн ИТХ-ын дарга нарыг шууд нийслэлийн  ИТХ-д оруулдаг байх ёстой

    2020-02-03

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуунаас  дараахь асуултад хариулт авлаа.

    -Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталсан. Аймаг, сум, нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг давхар дэвшүүлдэг байхаар зохицуулсныг та юу гэж харж байна вэ?  

    -Би хувьдаа зөв гэж харж байгаа. Яагаад гэхээр би өөрөө төрийн захиргааны байгууллагад олон жил ажилласан. Миний ойлгосон зүйл юу вэ гэхээр дүүргүүдийн ИТХ-ын дарга нарыг шууд квотоор нийслэлийн  ИТХ-д оруулдаг байх ёстой. Нийслэл дүүргүүдээс бүрддэг. Тиймээс дүүрэг, дүүргийн ИТХ-ыг  удирдаж байгаа хүмүүс нь дүүргийн иргэдийн хурлаа төлөөлөөд нийслэлд шууд ордог байх ёстой. Дүүргийн төлөөлөгч нийслэлийн төлөөлөгч байх нь зөв зүйл гэж харж байна. Ингэснээр дүүрэгт нэр дэвшиж байгаа хүмүүсийн чадвар, чансаа, мэргэжил, боловсрол илүү байна. Дүүргийнхээ хуралд оролцоод гаргах шийдвэр нь ч  хүртээмжтэй, чанартай гарна гэж ойлгож байгаа.

    ИТХ нь иргэдийн төлөөллийн байгууллага. Ямар нэгэн улс төрийн намд харьяалалгүй шууд иргэдээсээ сонгогддог  байгууллага. Гэтэл улс төрийн сонгуультай хольж явуулдаг нь анхнаасаа буруу байсан. Одоо иргэдийн хурал нь УИХ-ийн сонгуулиасаа тусдаа явах юм байна. Цаашдаа Сонгуулийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын нэгжийн тухай хууиуд дээрээс ИТХ дахь намын бүлгүүд гэдэг зүйлийг авч хаях нь зүйтэй. Энэ нь иргэдийн төлөөллийн байгууллагыг улс төржүүлээд байдаг буруу зүйл юм. ИТХ-ийн сонгууль УИХ-аас тусдаа байх ёстой.

    -Энэ хуулийг шат ахисан, хэд хэдэн онцлог заалт орсон хууль боллоо гэж хэлэх хүмүүс олон байгаа. Тэдгээрийг нэг нь орон нутгийн сонгуулийн санал хураалт дуусах цагийг урагшлуулсан?

    -Тэгэлгүй яахав. Цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 20 цаг болгосон. Мөн 28 хувийн босго гэж байсныг байхгүй болгосон. Энэ бол зөв. Улсын хэмжээд сонгуулийн өдрөө зарласан  байхад иргэд сонгуулиа өгөх үүрэгтэй. Иргэний хариуцлага гэж юм  байна. Сонгууль гэдэг чинь ард иргэдийн ирээдүйн дөрвөн жилийн амьдрал ямар байх вэ гэдгийг авч явах хүмүүсийг сонгох чухал алхам гэдгийг ойлгож, хариуцлагатай хандах ёстой. Манайд ямар ч сонгуульд өглөөнөөс эхлээд орой хүртэл завсаргүй дугаар үүсгэдэг зүйл байдаггүй. Оройн 20 цагаас хойш хүмүүсийн саналыг өгүүлэхийн тулд зөөдөг байх жишээний. Энэ нь иргэд сонгуульд хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл юм.  Сонгууль болоод дууссаны дараа сайн, муу гэж ярьдаг. Гол нь иргэд маань өөрсдөө сонголтодоо хариуцлагатай л хандах хэрэгтэй.

    -Нийслэл коронавурисийн талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

     Нийслэл  Онцгой комиссын шийдвэрээр нэгдсэн удирдлага дор ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргад долоон тэрбум төгрөгийн нөөц хөрөнгө байдаг. Зарцуулалт, зорилтыг хуульчилж өгсөн. Юунд зарцуулах вэ гэхээр онцгой байдлын үед эсвэл, гал, усны гамшиг, өвчин зовлон тохиолдсон үед гаргана гэсэн  байдаг. Одоогийн  байдлаар коронавирусийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнд нийслэлээс мөнгө гаргаагүй байна. Өвчин бүртгэгдээгүй байгаа учраас мөнгө гаргаагүй гэдэг асуудлыг өнгөрсөн пүрэв гаригийн чуулган дээр ярьсан. Коронавирустэй олон улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор ДЭМБ-аас онц байдал зарласан. Монгол Улсын ХӨСҮТ дэлхийн жишигт нийцсэн лабораторитой. Эхний ээлжинд 50 ортой тусгаарлах тасаг бэлдсэн байгаа юм билээ. Холбогдох байгууллагууд цаг алдалгүй, түргэн шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлж  байна.

    gereg.mn

    Холбоотой мэдээ