• Н.Энхболд: Хятадын талаас ирэх монгол иргэдийг “Чингис хаан” нисэх буудал, Замын-Үүдийн галт тэрэгний буудлаар л хүлээж авна

    Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан талаар  УИХ чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн БХ-ын сайд Н.Энхболд  мэдээллээ. 

    Н.Энхболд “Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдлээ гэдэг мэдээлэл дэлхийн дахинд гарснаас хойш энэ чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комисс хоёр удаа хуралдсан. Өнөөдөр бас ҮАБЗ хуралдаж, энэ аюулаас сэргийлэх, яаралтай үед онцгой арга хэмжээ авах асуудлыг ярилцсан. Өмнөх хурлуудаар ч ярилцаж ирсэн.  

    Нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, ЭМ-ийн сайд, ГХЯ. БСШСЯ, Хил хамгаалах Ерөнхий газар, ЦЕГ, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналт, нийслэлийн онцгой комиссын төлөөлөл оролцсон. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гаргаад явж байна. Өнөөдөр ҮАБЗ хуралдсан.  Дөнгөж сая Засгийн газар хуралдаж, тодорхой арга хэмжээ авахаар болсныг танилцуулъя.

    Засгийн газрын өнөөдрийн хурлаар зарим хилийн боомтуудыг хаах, үйл ажиллагаанд нь хязгаар тогтоох шийдвэр гаргалаа.  Манайх Хятад улстай хамгийн урт хуурай замаар хиллэдэг орон. Тиймээс үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. ҮАБЗ-ийн удирдамж бас энэ чиглэлээр гарсан.

    -Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын, төмөр, хуурай замын бүх боомтоор БНХАУ-ын болон Хятад улсаар дамжин Монгол Улсад ирэх болон дайрах гуравдагч улсын иргэдийг  хоёрдугаар сарын 1-ий өдрөөс гуравдугаар сарын 2-ы өдөр дуусталх хугацаанд нэвтрүүлэхгүй.

    -Хятадын талаас ирэх монгол иргэдийг “Чингис хаан” нисэх буудлын боомт, Замын-Үүдийн галт тэрэгний буудлаар л хүлээж авна. Гэхдээ өнөөдөр шийдвэр гарч байгаа учраас БНХАУ-д байгаа олон иргэн байна. Тэд эх орондоо ирэх хүсэлтийг гаргаад байгаа. Бид галт тэрэг болон нэмэлт автобус гаргаж, иргэдээ татаж авсаар байгаа.  Гэхдээ монгол иргэд Хятадад байсаар байна. Бусад боомтуудаар эх орон  руугаа ирэхээр хүсэлт тавьж байгаа өөрийн иргэдээ хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл зүүн, баруун талын нэг нэг буюу нийт хоёр боомтоор нэвтрүүлнэ. Түүнээс хойш зөвхөн Замын-Үүд, Чингис хаан онгоцны буудлаар л нэвтрүүлэх арга хэмжээ авч байна.

    -Монгол болон БНХАУ-ын хил дагуух автозамын боомтуудаас тодорхой нэр зааснаас бусдыг нь түр хаана.  Энэ хугацаанд Монгол Улсын иргэд эх орон руугаа ирэх л боломжтой. Бусад улсын иргэдийг хилээр оруулахгүй.  Ялангуяа Хятад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй дэглэмд оруулж байна. Энэ хооронд Замын-Үүд болон Эрээн боомтын хооронд ачаа тээвэр эрхэлж байгаа галт тэрэгнүүд хэвийн явна.  Хил хаана гэдэг маш олон талын үр дагавартай. Дэлхий даяар түгшүүр зарлаад байгаа энэ өвчнийг эх орондоо оруулахгүй байх нь зөв. Гэвч бүх зүйлээ хаачихаж болохгүй. Тиймээс эскпортын бүтээгдэхүүнийг гадагш нь гаргах ажлыг хийнэ.  Манай экспортын бүтээгдэхүүнийг гадагш нь гаргаж байгаа тээврийн жолооч нарт онцгой анхаарч ажиллана.

    -БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж байгаа учраас  манай улсаас буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

    -Ухань хотод манай улсын 33 иргэн амьдарч байгаа. Хоёр иргэн тэндээ үлдэнэ гэсэн байр сууриа бичгээр албан ёсоор ирүүлсэн. 31 иргэн биднийг аваач, эх орондоо очъё гэсэн. Өнөөдөр иргэдээ авах зөвшөөрлийг Хятадын талаас авсан. Одоогоор хэзээ онгоцоо явуулах вэ гэдгээ холбогдох байгууллагууд ярьж байна. Ойрын хугацаанд онгоц нисгэнэ” хэмээв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ