НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Д.Баттулга, Т.Батцогт, П.Батчимэг нар оржээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв. Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын саналыг нийслэлийн нийт иргэдээс авсны дагуу тухайн саналд үндэслэн нийслэлийн ИТХ-ын 9/36 дугаар тогтоолоор Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний  жагсаалтыг батлан, хийх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн.

Тэгвэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, Ц.Байгалмаа, Ц.Одонтунгалаг, Б.Отгонсүх, Э.Бат-Үүл, Ё.Цацралтуяа, Б.Түвшин, Ч.Гантулга, Б.Цолмон, Т.Цэрэнноров нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагаас Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах санал ирүүллээ. Ээлжит хуралдаанаар ирүүлсэн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд уламжлал ёсоор Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонслоо. Өнөө өвөл агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэдийн хүлээсэн хүлээлтээс давсан эерэг үзүүлэлттэй байгааг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва онцоллоо. Иймээс ирэх жил агаарын бохирдлыг бууруулахад  зөвхөн сайжруулсан түлшнээс гадна дулааны олон эх үүсвэрийг эрэлхийлэх нь чухал гэдгийг  хуралдааны үеэр төлөөлөгчид онцолж байв.

Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хийсэн юм. Танилцуулгад дурдсанаар, нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан түлш үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрийг наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн газрын асуудлыг шийдвэрлэх шатандаа явж байгаа болон сайжруулсан түлшний үнсийг дахин ашиглах талаар хэд хэдэн чиглэлд судалгааны ажлыг хийж байгааг хэлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой төлөөлөгчид асуулт асууж, саналаа хэлэв.

Төлөөлөгч П.Баярхүү: -Байгаль орчныг сайжруулах чиглэлээр энэ жил маш сайн ажиллалаа. Гэвч нэг асуудал байна. Түүхий нүүрс худалдан борлуулж байсан иргэд энэ жил хэрхэн амьдарч байна вэ гэж асуумаар байна. Мөн  өмнө нь сайжруулсан түлш үйлдвэрлэж байсан ААН-үүдийн асуудлыг хэрхэх вэ.Түүхий нүүрс борлуулж, амьдралаа залгуулж байгаад ажилгүй болсон иргэдийнхээ төлөө төлөвлөгөө гаргаж ажиллаасай гэж хэлмээр байна.

Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: -Түүхий нүүрс борлуулж байсан иргэдийн судалгааг өнгөрөгч зун  гаргасан. 500 гаруй цэгт 10 мянга орчим хүн ажилладаг байсан. Тэдгээрийн 1,700 орчим нь өдгөө “Тавантолгой түлш” компанид ажиллаж байна. Мөн 7,000 гаруй нь хүн нь савлагчаар ажиллаж байгаа.

Төлөөлөгч Б.Бямбадорж: -Түүхий нүүрсээр халдаг байсан уурын зуухнуудыг халж хий болон цахилгаан эрчим хүчинд холбоно гэж байна. Хэрхэн хийхээр төлөвлөж байгаа вэ, үүнд ямар гарц гаргалгаа байна вэ. Ялангуяа Сэлбэ дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжгүй байгаа.

Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай: Хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээний газар гэж бий. Тус газар өөрсдийн мэдлийн  халаалтын 200 зуух гэрээтэй ажиллаж байгаа. Нийслэлд  халаалтын 225 зуух байдаг. Бид цаашдаа газрын гүний дулаан гэж байдаг. Цаашид бид дэлхийд нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн технологийг хэрэгжүүлж ёстой. Тэр нь газрын гүний дулааны станц. Энэ ажилд бидэнтэй хамтарч ажиллахад нээлттэй гэдэг саналаа хэлсэн.

Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: Тусгай зөвшөөрөлтэй 206 зуух байсан. Энэ зуухнуудыг хий болон цахилгаанаар хангах ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд зориулан цахилгааны  өргөтгөлийн ажил хийсэн. Үнсийг дахин ашиглах тал дээр ажлуудыг мөн хийж байна. Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт туршилт хийж байгаа. Засгийн газраас үүрэг өгсний дагуу хийж байгаа ажил учраас үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Төлөөлөгч Д.Бадарсан: -Үнсийг дахин ашиглах асуудал их чухал. Олон мянган тонн нүүрс үлдчихсэн байна. Үүнийг яаж ашиглах талаар тодорхой төлөвлөгөө алга. Үнсээ татаж аваагүй, яаж авахаа шийдээгүй байна?

Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: -Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр үнс багасч байгаа. Нийслэлийн хог хаягдлын 49.1  хувийг бүрдүүлж байгаа үнсийг дахин ашиглах тал дээр  цаг хугацаа шаардаж байна. Төвийн дулаанд холбох чиглэлийн маш олон ажил хийж байгаа.

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ өвөл үр дүнтэй ажилласан. Хүмүүсийн хүлээлтээс давсан үр дүн гарсан. Ирэх жил энэ үр дүнгээ улам илүү сайжруулах чиглэлд ажиллах хэрэгтэй. Мөн захын дүүрэг, хороодод онцгой анхаарал хандуулан ажиллан ёстой” гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжив. Ингэснээр Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Д.Баттулга, Т.Батцогт, П.Батчимэг орж ажиллах боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ     

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ