ДЭМБ коронавирусийн халдвартай холбоотойгоор онц байдал зарлалаа

Хятадын Хубэй мужийн Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэхэд дэлхийн ихэнх улс орнууд бэлтгэлгүй байгаа гэсэн үндэслэлээр ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) өчигдөр орой олон улсын хэмжээнд онц байдал зарлахаар шийдлээ.

Женевт болсон хэвлэлийн хурал дээр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус энэ шийдвэрээ Хятад улс халдварыг тогтоон барьж чадах эсэхэд итгэхгүй байгаа гэсэн үг биш, харин эрүүл мэндийн систем сул хөгжсөн улс орнууд хамгаалах чадваргүй байгаатай холбоотойгоор гаргасан гэж тайлбарлажээ.

Өнөөдөр өглөөний байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 9,480, нас барсан хүний тоо 213 хүрээд байна.

Өчигдөр ДЭМБ бас дэлхийн улс орнуудад хэд хэдэн зөвлөмж хүргэсэн. Үүнд вакцин бүтээх ажлыг хурдасгах, халдвартай тэмцэх бэлтгэлээ сайтар хангах, худал хуурмаг мэдээлэл тархахаас сэргийлэх, олж авсан мэдээллээ ДЭМБ-тай нээлттэй хуваалцах зэрэг багтсан юм.

Мөн ДЭМБ-ын удирдлага хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хил хаах, Хятадын жуулчдыг хориглох зэрэг хэт хатуу алхам хийхгүй байхыг улс орнуудад анхааруулжээ.

Өчигдөр ОХУ-ын засгийн газар Орос-Хятадын хилийг хааж, Хятадын жуулчдыг нэвтрүүлэхгүй болж байгаагаа зарласан. Гэсэн ч ДЭМБ дээрх анхааруулгадаа ОХУ-ын нэрийг дурдаагүй юм.

Дэлхийн томоохон авиа компаниуд Хятад руу хийх нислэгийнхээ тоог багасгах, зарим нь бүр зогсоох арга хэмжээ аваад буй. Ийм арга хэмжээг буруутгасан  Тедрос “коронавирусийн тархалттай тэмцэж байгаа Хятад улсад хүндэтгэл үзүүлэхийн оронд шийтгэх ёсгүй” гэж мэдэгджээ.

ДЭМБ-ын шуурхай хороо өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа шинэ коронавирус хүнээс хүнд халдахгүй байгаа тул олон улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэж дүгнэсэн юм. Харин долоо хоногийн дараа уг шийдвэрээ эргэн харж, ийнхүү онц байдал зарлалаа.

Хүнээс хүнд халдсан тохиолдлууд илэрч, Хятадаас гадна улс орнуудад халдвар тарж эхэлсэн тул анхны шийдвэрээсээ ухарсан нь энэ бололтой.

ДЭМБ-ын хэвлэлийн хурлын өмнөхөн АНУ-д коронавирус хүнээс хүнд халдсан анхны тохиолдлыг илрүүлсэн байна. Гэхдээ халдвар тархах эрсдэл бага хэвээр байгааг тус улсын эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд мэдэгджээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр хүнээс хүнд халдсан нийт найман тохиолдол Хятадаас бусад улс орнуудад илрээд байна. Хятадаас гадна 18 улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 98 болоод байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ