• Х.Нямбаатар:Намар эрт харанхуй болдог учраас орон нутгийн сонгуулийн санал хураалт дуусах цагийг 20 болгосон

    2020-01-30

    УИХ-ын чуулганаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Энэ удаагийн хуулийн гол онцлог дэлхийн нийтийн жишигт нийцсэн чиглэл рүү явлаа. Аймаг, орон нутагт нөхөн болон дахин санал хураалтыг  орон нутгийн сонгуулийн байгууллагууд зарладаггүй, зарим тохиолдолд бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгасан ч дахин болон нөхөн сонгууль явуулахгүй байх тохиолдол даамжирч байсан. Үүнд энэ удаагийн хуулиар цэг тавьж чадлаа. Жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногт улс орон даяар нөхөн болон дахин сонгуулийг нэгэн зэрэг явуулахаар хуульчилж өгсөн. Энэ удаагийн сонгууль анх удаа ирцийн босгогүй сонгууль болно.

    Өөрөөр хэлбэл,нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчөө сонгох сонгуульд иргэд идэвхитэй, хариуцлагатай орох ёстой болж байгаа юм.  Сонгуулийн соёл тогтсон Япон зэрэг оронд ирцийн босгогүйгээр орон нутгийн  сонгуулиа явуулдаг. Өөр нэг онцлог зохицуулалт нь санал хураалтыг 20 цагаар дуусгавар болгоно.  Өглөө 07 цагт сонгуулийн санал хураалт эхэлж, тухайн өдрийн оройн 20 цаг гэхэд санал хураалт дууссан байна.

    Орон нутгийн сонгууль намар орой болдог. Намар орой эрт харанхуй болно. Харанхуй болохоор сонгуулийн хууль тогтоомжийг маш ихээр зөрчдөг. Архи уулгах, мөнгө тараах гэх мэтээр. Тиймээс 20:00 цагт санал хураалтыг хаахаар шийдвэрлэж байгаа юм. Дэлхийн ихэнх улс 18:00 цагт хаадаг юм билээ. Манайх арай ч тэгж огцом цагийг нь багасгаж болохгүй гэж үзсэн. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн төрийн болон захиргааны албан хаагчид орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, ТУЗ-ийн дарга гэх албан тушаалтнууд наймдугаар сарын 1-ий өдөр ажлаа хүлээлгэж өгөхөөр зохицуулж өгсөн.

    ТББ бие даан нэр дэвшигчдээ нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа. Парламент, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль дундаа нэг зөрчлийн хуультай. Мөн сонгуулийн дүнг зарлахаас татгалзсан, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд илтэд халдсан үйлдэлд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил гаргасан бол төрийн албанд 3 жил хүртэлх хугацаагаар ажиллахыг хориглох зохицуулалтыг ч оруулж ирсэн.  Бүр тодорхой хэлбэл, сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс сонгууль будилаантуулсан гэх зэрэг ноцтой зөрчил гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Нэмээд 3 жил хүртэлх хугацаанд төрийн албанд орох эрхгүй болно гэсэн үг. ” гэлээ.

     

    Gereg.Mn

    Posted by Gereg.Mn on Wednesday, January 29, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ