Хятадын ГХЯ-наас коронавирустэй тэмцэхэд тайван, итгэл үнэмшилтэй байхыг зөвлөжээ

2020-01-30

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ сарын 27-ны өдөр Бээжин хотод суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудад зориулан шинэ коронавирусын халдварт өвчний нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурлыг зохион байгуулжээ. Уг хурлын үеэр Хятадын Засгийн газар шинэ коронавирустай тэмцэхдээ хүний амь, эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд тавьж, БНХАУ-д оршин суугаа гадаадын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байгааг мэдэгдэж, шинэ коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд дараах гурван зүйлийг онцолсон байна. Үүнд:

Түүнчлэн Хятадын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс шинэ коронавирусын халдварт өвчин гарснаас хойш авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлсэн байна. Үүнд дараах 6 ажлыг онцолжээ:

  • Халдварт өвчин гарсан даруйд засаг захиргааны нэгжүүдэд шинжлэх ухааны аргачлалын зааварчилгааг хүргүүлсэн. Халдварт өвчний шалтгаан нь шинэ коронавирус болохыг богино хугацаанд буюу 7 хоногт тогтоож чадсан.
  • Иргэд болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үед мөрдөх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг гаргаж, олон нийтэд хүргүүлсэн.
  • Суурин газарт амьдарч буй иргэдэд зориулж зөвлөмж гаргаснаар нийтээр амьдрах орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийсэн.
  • Засаг захиргааны нэгж хооронд халдварт өвчний талаар мэдээлэл солилцох механизмыг бий болгож, өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар гарсан шинэ ололтуудыг цаг алдалгүй хүргэж байна.
  • Нийтийн тээврээр тархалт явагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гаргаж, замын хяналт, шалгалтын цэгүүдийг байгуулсан.
  • Амьтны мах, далайн гаралтай болон зэрлэг амьтны бүтээгдэхүүн борлуулж буй захын хяналтыг сайжруулсан. Үхань хотын аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, соёл, урлагийн арга хэмжээг цуцалсан зэргийг шуурхай хэрэгжүүлсэн гэв.

Хятадын Засгийн газар гадаадын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, Үхань хотод байгаа гадаадын иргэдэд шаардлагатай хангамж, туслалцаа үзүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж Хятадын ГХЯ-наас мэдэгджээ. Мөн Халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, өөрийн орны иргэддээ Хятадын холбогдох байгууллагаас хүргүүлж буй заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллахыг зөвлөж, хамтран ажиллахыг хүсэлт болгосон байна гэж Бээжинд суугаа манай ЭСЯ-наас мэдээлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ