• LIVE:Шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн өртөгтэй 16 баримтыг нэг өдөр бүртгүүлсэн тохиолдол гарчээ

    2020-01-29

    Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, АТБӨЯХАТ, Цахим Татварын шинэ ситемийн талаар хэвлэлийн хурал хийлээ.

    2019 оны НӨАТ-ын буцаан олголтоос 2019 онд 146.1 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөд олгох ажээ.

    ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал:

    НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх явцад албан татвар төлөгчид урамшууллыг олгох ажлыг одоо зохион байгуулж байна. Албан татвар төлөгчийн худалдан авалт хуульд заасан шаардлагыг хангасан бол албан татвар төлөх болон буцаан авах боломж бүрддэг. Хуулийг хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын баталсан журмыг баримталдаг. ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож , хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалт байгаа. Сугалаан дээр мөн адил тохирлын дараа шаардлага хангаагүй гэж үзвэл тохирлын урамшууллыг буцаадаг.

    2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон байна. 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна” гэв.

    ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөгийн ихэнхийг буцааж олгох нөхцөл бүрдсэн бөгөөд 996 иргэний татварын буцаан олголтын хэмжээг хянаж байгаа. Эрсдэл тооцон хянаж үзээд татварын буцаан олголт хийгдэх эсэхийг шийднэ” гэлээ.

    Үүрэн телефоны компанийн 8,000 гаруй баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн байна. Бас нэг өдрийн дотор шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн өртөгтэй 16 баримтыг бүртгүүлсэн тохиолдол байгаа гэв.

    Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг “И-баримт аппликейшнээр зөвхөн баримтаа бүртгүүлэхээс гадна төрийн үйлчилгээний төлбөр, авто машины татварыг төлдөг болсон. Цаашдаа системийг байнга хөгжүүлж, аюулгүй байдлыг сайжруулан ажиллаж байна. Мөн энэ жилээс улирал тутам буцаан олголт хийгдэх болсонтой холбогдуулан мэдээллийг шалгах үйл явцыг сайжруулна” хэмээн ярилаа.

    ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Систем автоматаар ажиллаж байгаа. Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн шатахуун авах боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад зарим хүний аккаунтыг “шалгаж байгаа” төлөвөөс “буцаан олгох” төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л “шалгаж байна” гэсэн төлөвтэй байгаа” гэлээ.

    “Хянагдаж байгаа төлөвт оруулахдаа мөнгөн дүнг бууруулдаг. Хянаж дуусаад зөрчил илрэхгүй бол “буцаан олгох” төлөв рүү шилжүүлнэ. 900 мянган хүн буцаан олголт авахаас 996 нь л хянагдаж байна. Хяналтын явцад иргэд татварын албатай холбогдоод асуудлаа шийдэх боломжтой.

    Татварт эрсдлийн удирдлагын бүтэц ажилладаг. Эрсдлийн шалгуур нууц байдаг учир нь шалгуурыг мэдэж байвал түүнийг тойрсон байдлаар хууль бус үйлдэл хийх нөхцөл бүрдэнэ.

    Зарим иргэд сугалаа явуулахгүй буцаан олголтоо аваад явъя гэх санал гаргадаг. Гэтэл бүх ААН маань НӨАТ суутган төлөгч биш. Сугалаагүй болвол НӨАТ суутган төлөгч биш ААН-ээр үйлчлүүлсэн иргэд хохирно. Тиймээс Засгийн газар аль аль талынхаа эрх ашгийг бодоод сугалаа, буцаан олголт хоёроо хоёуланг нь явуулахаар шийдсэн” хэмээн Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хэллээ.

    Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлэх  ажээ.

     

     

    Gereg.Mn

    2019 онд 146.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг татвар төлөгчиддөө олгохоор болжээ….Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, АТБӨЯХАТ, Цахим Татварын шинэ ситемийн талаар хэвлэлийн хурал хийж байна

    Posted by Gereg.Mn on Tuesday, January 28, 2020

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ