Оюутолгойн ТУЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй, хаалттай зарлах уу гэдгийг шийдвэрлэнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж “Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах УИХ-ын тогтоол гарсан. Бидний дүгнэж байгаагаар Оюутолгойн дахь манай ТУЗ бусад компанийн ТУЗ-тэй харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай биш байна гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Улс орны эрх ашиг учир энэ дээр хэн нэгнийг хаацайлж болохгүй. Тиймээс шалгуурыг нь адилхан болгож байна.

Мэдээж гүний уурхайд ажиллаж байсан мэргэжилтэй, том төсөл удирдаж байсан бусад зүйлсэд ч нөлөө үзүүлж чадах хүн Монгол Улсыг төлөөлнө гэж ойлгож болно. Санхүүгийн асуудлууд, татварын маргаан байгаа учир олон улсын түвшинд ажиллах чадвартай банк санхүүгийн мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Мөн олон улсын мэргэжлийн эрх зүйч байх хэрэгтэй.

Ингэж байж ТУЗ-ийн гишүүн маань Монголын талын үүргийг бидний хүсч байгаа түвшинд гүйцэтгэнэ гэж үзэж буй.  Тиймэс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шалгуур үзүүлэлтийг оруулж, сайдуудын саналыг авч баталлаа. Шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалт зарлана. ТУЗ-ийн гишүүнийг нэг жилийн хугацаатай томилж, ажлыг нь жил бүр дүгнэж явахаар шийдвэрлэсэн” гэлээ.

-Одоо ажиллаж байгаа гурван гишүүнийг солино гэсэн үг үү. Н.Багабанди гуай шаардлагад нийцэхгүй юм шиг сонсогдож байна?
-Би хувь хүн яримааргүй байна. Шалгуурыг нь өндөрсгөж байгаа. Ерөнхий зарчим л ярьж байна. Тэр зарчимд нийцсэн хүмүүс ажиллана гэж ойлгож болно.  Жишээлбэл, англи хэлтэй гэж анкетандаа бичсэн байдаг. Тэгвэл англиар чөлөөтэй харилцах, TOEFL-ийн хэмжээний англи хэлтэй байх шаардлагатай. Одоогийн ТУЗ-ийн гишүүнээс шалгалт авна. Дэлхийн том корпорацийн дүрмээр ярих ёстой. Олон улсын түвшинд чадавхижуулахаас өөр аргагүй. Цаашид Монголын талаас авах ноогдол ашгийг яаж наашлуулах вэ гэдэг дээр арга зам эрэлхийлж байгаа.

-Оюутолгойн ТУЗ-ийн сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ? 
-Өнөөдрийн тухайд Ажлын хэсэг Засгийн газарт саналаа танилцуулсныг хуралдаанаар дэмжсэн. Сайдуудын өгсөн саналуудыг нэгтгэж, нягтлахад тодорхой хугацаа орно. Нягтлах техникийн ажлууд байгаа. 14 хоногийн хугацаа орох болов уу. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, хаалттай зарлах уу гэдгээ мөн шийдвэрлэнэ. Нээлттэй зарлаад ярилцлагын хэлбэрээр явуулах нь зүйтэй юм болов уу гэж бодож байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ