
Өчигдөр төрийн ордонд нээгдсэн “ХАР ЗАХ” оройдоо хаалгаа барив. Сэтгүүлчдэд мяалуулсан САЙД нүүрээ буруулж бантав. Сонгогчдоос айсан ГИШҮҮД хүнээ байж новшров. Улс төрчдийг амьдаар нь харна, алтаар бөөлжүүлнэ гэж андуурсан ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД нүд нүцгэн, гар хоосон буцав. Үндэсний үйлдвэрлэл, ганзгын наймааны ялгааг ч гадарладаггүй АРД ТҮМЭН баялаг бүтээгчдээ ад үзэж, адгийн муугаар чичлэв.
Төрийн ордонг “зах” болгох нь хэний санаа байв?
ХХААХҮЯ-наас “Үндэсний баяраараа Үндэсний бүтээгдэхүүнээ” гэсэн сүржин нэртэй аян сэдэж, аль сарын өмнөөс сүр болж, үй түмэн үндэсний үйлдвэрлэгчдийг бөөгнүүлж, Төрийн ордон руу орох машины дугаар, барааны тоо, тавиурны нэр, худалдагчийн регистр гээд бөөн ажил болсон.
Төрийн ордноос эхлэх байсан уг үзэсгэлэн яармаг яам тамгын газруудаар үргэлжлэхээр төлөвлөгдсөн байв. “Мишээл экспо”-гийн цагаан сарын үзэсгэлэнд алалцаад ч орж чаддаггүй, оръё гэсэн ч үнийг нь дийлдэггүй ЖДҮ-чдээ дэмжсэн ухаантай, уул санаа нь. Улс орон даяар үндэсний үйлдвэрлэлээ сурталчилж, урагшаа гарах мөнгөний урсгалыг багасгая гэлцэж байв. Улс төр, үйлдвэрлэл хоёрыг ойртуулан учруулж гэмээ нь экспортыг нэмэгдүүлэх зорилтыг нь дэмжих болов уу гэж найдаа юм болов уу?
Цусаар уйлаад ч тоож ирдэггүй, зоосны нүхэнд дөнгөлөгдсөн сэтгүүлчдээр үйлдвэрлэгчдээ ганц удаа үнэгүй магтуулчих санаатай байсан юм болов уу? Өөр газар хийсэн бол өнөөх сэтгүүлчид нь муулах нь байтугай, зүглэх ч үгүй, УИХ-ын гишүүд нь зугатах нь байтугай дуулах ч үгүй өнгөрөх байсан биз. Од болж гялалзаагүй ч онигоо болж алдаршлаа, бидний хэдэн үйлдвэрлэгчид.
Үндэсний үйлдвэрлэгчдийн төсөөлөл юу байв?
Төрийн худалдан авалт шахуу юм болно, төрийн золгуутны бэлгийг бэлдэлцэнэ ухааны төсөөлөл авсан үндэсний үйлдвэрлэгчид аль байдгаараа дээл хувцасаар гоёж, авдар сав, ширээ сандлаа тэврээд, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж, үүрийн 7 цагаас ордны үүдэнд дугаарлаж, харуулуудад хашуулж, шалгуулж арай гэж орцгоов. УИХ-ын гишүүдийг амьдаар нь харна, юу чаддагаа төр засагтаа харуулна, сэтгүүлчиддээ бахархуулж, ард түмэндээ магтуулна гэсэн гэнэн бодол тээсэн шилмэл үндэсний үйлдвэрлэгчид урмаа, нуруугаа, найдвараа хэмхчүүлээд, үндэсний хэмжээнд доромжлуулаад буцав.
Яагаад больж болсонгүй вэ?
Үйл ажиллагааны өмнөх өдөр Засгийн Газар хуралдаж олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Бүгд амьсгаа даран эцсийн хариу хүлээж байв. Бүтэн сар бэлдсэн арга хэмжээнийхээ үр дүнг үзмээр байв ч үхлийн аюлтай коронавирусаас айж байлаа. Үйл ажиллагааг болдогоороо болно гэж Яамнаас мэдэгдэв. Шийдвэрийг Яам бус Сайд бус харин Засгийн газар гаргасан биз ээ гэж бодоод, оролцоно гэж нэрээ өгсөндөө бантаад, амласандаа хүрээд, Яамныхаа нэрийг бодоод, Сайдынхаа нүүрийг бодоод, засгаас зохиож буй үйл ажиллагааг хүндэтгээд бүгд оролцов.
Зарим үйлдвэрлэгчид бүр бүтээгдэхүүнээ бэлдэж шөнөжин ажилласан бол зарим нь алс холын орон нутгаас зорин ирсэн байлаа. Бидний дунд хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэгчид хүртэл байв. Сайдтайгаа уулзана, салбараа сурталчлана, бодлогод нөлөөлнө, болж өгвөл Цагаан сарыг дайлаар мордоно ухааны юм бодсон үндэсний үйлдвэрлэгчид “татгалзахын аргагүй санал”-д тоомжиргүй хандаж чадаагүй.
Хандлага хаашаа эргэв?
Үйл ажиллагааг нээж үг хэлсэн Сайдыг үхэр бууны сумаар сэтгүүлчид “галлав”. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан гэж буруутгав. Бантсан Сайд бараа сураггүй алга болов. Сэтгүүлчид харин баялаг бүтээгчдээ захын наймаачин, панзчинтай зүйрлэж, дунд нь зогсож байгаад доромжилж гарлаа. Тэгсэн хир нь Яамны санаачлагаар хэвлэлийнхэнд зориулж сэтгэл гаргаж бэлдсэн үндэсний үйлдвэрлэгчдийн бэлгийг хээв нэг аваад хялалзаж зэхэлзээд алга болов. Харин сэтгүүлчдийн шүүмжлэл, сонгогчдын дургүйцэлд бантсан Засгийн газар бүх бурууг Сайдад чихээд зохион байгуулалттайгаар нүүр буруулав. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ урмыг бодоод УИХ-ын гишүүдтэй уулзуулах гэж гуйж гувшиж аргаа барсан Яамны ажилчид үйлдвэрлэгчиддээ бариулж идүүлэх шахлаа. Энэ үеэр салбарын Сайд нь айсан хүн адуу үргээнэ гэгчээр олны жишгийг дагаж, хийсэн үйлдэлдээ гэмшиж, хар толгойгоо хаацайлж, хайрт үйлдвэрлэгчдээсээ нүүр буруулав.
Харин бид яав?
Коронавирусын халдавр тээгч мэт гадуурхагдаж, Төрийн ордонд карантилагдаж, хар захаараа дуудуулж, хэрэглэгчдээсээ зэмлэл хүртэв. Хөөрч догдолсон үйлдвэрлэгчид хөлөө чилтэл зогсов, хөндий сэтгэлтэй Гишүүдийг нүдээ чилтэл хүлээв. УИХ-ын гишүүдийг мөнгөтэй гэж найдсандаа бус, орлого олж баяжаад гийгүүлнэ гэж бодсондоо бус, төр засгийн ивээлээр түмэн олонд сурталчлагдаж, сайшаал магтаал урмын үг сонсож, салбарын хөгжлийг мандуулна гэж итгэв. Сайдтайгаа гар барьж, зургаа авхуулна гэж мөрөөдөв. Өлсөж үхэхийн даваан дээр ордны “гуанз”-наас 9000 төгрөгийн үнэтэй будаа нь зажлууртай, байцаа нь түүхий, хонины өөхтэй, нэр нь үл мэдэгдэх нарийн өөхөн хуурга маягийн хоол хийж өгснийг дурьдалгүй өнгөрч чадахгүй нь.
Хэн хохиров?
Цөөн бараатай ирье гэсэн нэгнийг яамнаас барааныхаа тоог нэм гэж зөвлөсний дагуу үйлдвэрлэгчид хөөрч догдлоод 100 гаар бус 1000 аар тоологдох бараатай ирэв ээ, хөөрхий. 140 шахам үндэсний үйлдвэрлэгчид дор бүрнээ 1-3 худалдагч хөлслөж, бараа таваар бэлдэж, унаа хөсөг түрээслэж, бүр ширээгээ хүртэл авч ирэв. Нэг портер хөлслөхөд 100,000 төгрөг, нэг худалдагчийн ажлын хөлс 30,000-50,000 төгрөг. Хамгийн багаар бодоход үндэсний үйлдвэрлэгчиддээ 10 гаруй сая төгрөгийн бодит хохирол учруулжээ. Үүнээс цаашлаад хоол унд, бензин тос, бэлэг сэлт гээд тоолж болно. Хамгийн их гарз нь нэр хүндээ гутаан доромжлуулсан сэтгэл санааны хохирол байлаа.
Бид юун дээр алдав?
Засгийн Газрын шийдвэртэй холбогдуулан арга хэмжээг цуцлаж болох байлаа. Адгийн наад зах нь хойшлуулж болох байлаа. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэгчээр айхгүй хийсэн юм бол алзахгүй даваад гарар байлаа. Хаа холоос зориод, хамаг сэтгэлээ дайгаад ирсэн үндэсний үйлдвэрлэгчдийнхээ урмыг бодоод худалдан авалт хийж гийгүүлдэггүй юм бол худлаа үнэн үзэж өгч болсонгүй юу, Гишүүд ээ? УИХ-ын гишүүдийнхээ өмнөөс уучлалт гуйдаггүй юмаа гэхэд өөрийг нь дэмжээд ирсэн үйлдвэрлэгчиддээ баярлалаа гэж хэлэх хоншоор байсангүй юу, Сайд аа? Орон даяар сурталчилж өгч гийгүүлдэггүй юмаа гэхэд хар захтай зүйрлүүлж доромжлохгүй байж болсонгүй юу, Сэтгүүлчид ээ? Захаар үйлчлүүлдэггүй мэт аашилж, Засгийн газрын хуучин барилгыг Авидын орон мэт шүтдэг Ард түмэн минь нөхцөл байдлыг нүдээрээ биш сэтгэлээрээ харж болсонгүй юу?
Үр дүн юу байв?
Төр, хэвлэл, хэрэглэгч, үйлдвэрлэгчид талцан дайтлаа. Үндэсний үйлдвэрлэгчид салбарын Сайддаа итгэл алдарлаа, УИХ-ын гишүүдийн үнэн төрхийг олж үзлээ.
Одоо тэгээд яа гээв?
УИХ-ыг 2020 онд бүрэн солих нь зөв гэвэл улс төржсөн болох уу? Улаан сайдыг огцор гэвэл шарлахсан болох уу? Уучлал гуй гэвэл тунирхсан болох уу? Татвар төлөхгүй гэвэл даварсан болох уу? Төртэй дахиж харьцахгүй гэвэл томорсон болох уу?
Үйлдвэрлэл эрхлэх гэж, үнэт зүйлээ хадгалж үлдэх гэж ЖДҮ-чид яаж хөдөлмөрлөдөгийг мэдэх үү? “Хохь чинь” гэж хэлэх нь олон байх, “хүний өмнөөс үйлдвэрлэл эрхлэж байгаа юу?” гэж ам асуух нь бүр олон байх.
Гэсэн ч бид улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг бататгаж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахиулахын төлөө зүтгэж буй нийгэм, эдийн засгийн зүтгэлтнүүд гэдгийг сануулъя. Үндэсний үйлдвэрлэл гэдэг улс орны бие даасан, эдийн засгийн хараат бус байдлыг бий болгодог чухал салбар шүү.
Коронавирусын халдвараас сэргийлж Хятал улс хилээ хааж гэмээ нь манай улс шиг импортын хамааралтай улс эд таваарын хомсдолд орно. Өөрсдийгөө хамгаалах маскгүй байгаагаа л хар. Маскны хэдэн үйлдвэрээ дэмжиж, импотын хамаарлаа бууруулсан байсан бол өнөөдөр ийм гачигдал үүсэх үү? Гадаадад амьдардаг Монголчууд гэр бүлийнхэндээ санаа зовж агаарын ачаагаар амны хаалт илгээе гэлцэж байна.
Ардчилалын эхэн үеийг сана. Үндэсний үйлдвэрлэл зогсвол ард түмэн яаж өлсдөгийг бид үзээгүй биш, мэдэхгүй биш. Үндэсний үйлдвэрүүдээ дэмждэг Солонгос улсыг хар. Гадаад оронд амьдарсан ч эх орноосоо хоолоо захиж идэх эх оронч сэтгэлтэй байдаг юм билээ. Гэтэл манайхан яадаг билээ? Импортын барааг зоргоор нь тавьж, эрээний бараатай эх орны үйлдвэрлэлийг өрсөлдүүлж, чадлаараа яваа үйлдвэрүүдээ захын наймачидтай адилтгаж, голж гоочилдог. Эцэст нь ийм байдал үүсэхэд үндэсний үйлдвэрүүдээ хүчин чадал нь хүрэлцэхгүй, хүний нөөц нь хангалтгүй, арчаагүй, авралгүйгээр нь дуудах уу?
Үндэсний үйлдвэрлэл гэлтгүй улс орны хөгжлийн садаа нь үнэндээ бүх нийтийн хандлага, эх оронч үзлийн хомсдол, хулчгар, хувиа хичээх байдлын хавтгайрал, шударга бусын давамгайлал юм. Түүний бодит жишээг бид өчигдөр харлаа.
Амандаа зүүх хаалтгүй, гараа угаах савангүй, идэх хоолгүй, уух эмгүй тэр өдрийг үзэх гээгүй юм бол үндэсний үйлдвэрлэлээ үл ойшоохоо больцгоо гэвэл бас хараасан болох уу?
Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье. Гилгэрэм брэндийг санаачлагч Ч.Батцэцэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Ene arai dendenee ted uur gazar bol huurkhun orlogo olno shuu de undesnii uildverlel gej yu we heden oims l bna shuu de gadaad ruu ywuulakhchikh oligtoi zuil ch bgui aaruul n guriltai aarts n ustai hataasan borts n daagdakhgui iim l bna