
Үндэсний үйлдвэлэгч “ГИЛГЭРЭМ” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батцэцэгтэй ярилцлаа.
-“Гилгэрэм” брэнд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Авлигын эсрэг саван” үйлдвэрлэдэг. Би таныг авлигад ямар нэгэн байдлаар өртөж байсан учраас үүний эсрэг тэмцэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон гэж ойлгож байна. Зөв үү?
-2018 оны намар “ ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл аваад өгье, 10 хувийг нь өгчих, ШУТС-ийн тэтгэлгийг аваад өгье тэдийг нь өгчих” гэх мэт санал надад ирж байсан. Би үйлдвэрлэгч хүний хувьд шударга бус нийгмийг хүсээгүй. Ялангуяа үндэсний үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт ийм юм байж болохгүй гэж үзсэн. Авлигын хамгийн хортой зүйл инновацийг үгүй хийдэг. Инновацлаг сэтгэлгээнээс татгалзаж эхэлдэг. Яагаад гэхээр хэн инновацтай нь ялах биш танил талтай хэн нэг нь хожно гэсэн хандлага бий болдог. Хүн яг өөр дээрээ ирэхээр илүү сайн мэддэг юм билээ. Тухайн үед би ийм санал ирэхэд үнэхээр гутарсан.
Ямар нэгэн юм хийж эсэргүүцлээ илэрхийлмээр байсан ч яаж гэдгээ мэдэхгүй байсан. Ингээд хийж чаддаг зүйлээрээ, үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэдгийг ойлгож, авлигын эсрэг саван хийсэн. Би өөрийн үнэт зүйлээ авч үлдэхийн тулд шударга ёсны үнэт зүйлээ хадгалж үлдэхийн тулд авлигын эсрэг саван хийсэн.
Бас бусад хүмүүст ч гэсэн ганц хүн ганцаардахгүй ямар нэгэн юм хийх ёстой гэсэн дууриаллыг харуулах үүднээс хийж эхэлсэн. Би өөрийнхөө үнэт зүйлд үнэнч байх ёстой гэдэг утгаараа эсэргүүцлээ илэрхийлээд явж байгаа.
-“Гилгэрэм” брэндийн гол түүхий эд нь юу вэ. Анх брэнд үүсгэх болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Одоогоос гурван жилийн өмнө “Гилгэрэм” брэндийг үүсгэн байгуулсан. Анх би жирэмсэн байхдаа тэмээний чөмөгний тосыг хэрэглэж үзээд ямар ч язралтгүй төрж байсан л даа. Үүндээ их олзуурхсан. Тэгээд дахин хүүхэддээ хэрэглэх гэж “Хүчит Шонхор” захаас чөмөг худалдаж авч байсан. Чөмгөө хагалах, тосоо ухаж авах гээд ерөнхийдөө их ажиллагаатай байсан. Эндээс л анх санаагаа олсон. Тухайн үед надтай адил жирэмсэн, хэвтрийн дэглэмтэй, үе мөчний, арьс харшлын өвчтэй хүмүүс тэмээний чөмөг хэрэглэхэд бэрхшээлтэй юм байна, нөгөө талаас тэмээний чөмөг зах дээр хаягддаг юм байна гэдгийг олж мэдсэн. Анх гурван төрлийн саван хийж байсан бол одоо зургаан төрлийн саван, нэг төрлийн тосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоо бид экспортод зориулан шинэ нэр төрлийн брэнд хөгжүүлж байна. Манай бүтээгдэхүүний гол түүхий эд малын чөмөгний тос. Малын чөмөг ханаагүй тосны хүчил, коллаген, амин дэм ихтэй, малаас авч болох хамгийн өндөр чанартай тос нь чөмгөндөө байдаг. Click To TweetОдоогоор дөрвөн ажлын байр бий болгоод ажиллаж байна, цаашдаа тавьсан зорилго зорилт их бий.
-Үйлдвэрлэгч компаниуд нэгдэж “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ-ыг байгуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
– “Европын холбооны Монгол Улсын худалдааг дэмжих төсөл”-өөс манай улсад 2018 оны арван нэгдүгээр сард судалгаа хийж, Монголоос сарлагийн хөөвөр, торомны ноос, арьс ширэн бүтээгдэхүүн, чацарганын тос, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг Европын улсуудад экспортлох нэн тохиромжтой гэж үзсэн. Ингээд Европын холбоо руу гарах боломжтой бүтээгдэхүүнүүдийг экспортлоход үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлье гэсэн. Click To Tweet
Гэхдээ эдгээр компаниуд тус тусдаа байвал дэмжлэг үзүүлж чадахгүй, нэгдэж нийлээд кластерын зохион байгуулалтад орох нь зүйтэй гэж зөвлөж, Герман болон бусад Европын холбооны орнуудаас кластерын зөвлөх ирүүлж, бидэнд зөвлөгөө сургалт өгсөн.
Бүтэн нэг жил уулзсан л даа. Энэ хугацаанд өрсөлдөгч компаниуд биенээ ойлгох, ашиг сонирхлоо нэгтгэх, үзэл баримтлалаа гаргах, үнэт зүйлээ тодорхойлсон. Ингээд өнгөрсөн оны наймдугаар сард үйлдвэрлэгч нар албан ёсоор анхны хурлаа хийж, 100 хувийн дэмжлэгтэйгээр “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ-ыг байгуулсан. Арван нэгдүгээр сард кластерын Хамтын ажиллагааны өдөрлөг арга хэмжээгээ зохион байгуулж, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд стратегийн ач холбогдолтой 90 гаруй байгууллагын 200 орчим төлөөлөл, ХХААХҮЯ тэргүүтэй төрийн болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний хүрээнд байгалийн гаралтай болон органик гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагын техникийн үзүүлэлтийг тодорхойлсон ISO/16128/ дугаар бүхий олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Манай кластерын 15 компани 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүндээ энэ стандартыг нэвтрүүлж, Стандарт хэмжил зүйн газарт албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байгаа. Кластерын зориулалтаар нэгдсэн 15 компанийн хоёр нь төрийн бус байгууллага, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч хоёр компани, үлдсэн 11 нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар юм. Мөн 90-100 хувийн байгалийн гаралтай, ISO- той зохицож байгаа 100 гаруй бүтээгдэхүүнийг бүртгэж, Монголд үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүнийг нэг дороос худалдаж авах боломжтой бааз үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, www.mongoliancosmetics.com вэб сайтыг ажиллагаанд оруулж, онлайнаар бүтээгдэхүүн захиалах боломжтой болсон.
-Ирэх гуравдугаар сард Италид зохион байгуулагдах гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцоно. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Итали улсын Бологна хотод ирэх гуравдугаар сарын 12-15-ний өдрүүдэд олон улсад хамгийн нэр хүндтэй “КосмоПрофБологна-2020″гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэнд 12 үйлдвэрлэгч Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Энэ үзэсгэлэнд манай улсаас өмнө нь оролцож байгаагүй. “Европын холбооны Монгол Улсын худалдааг дэмжих төсөл” болон МҮХАҮТ дэмжсэнээр энэ жил оролцох боломж нээгдсэн. Үзэсгэлэнд оролцох талбайн түрээс зэргийг дээрх төслөөс дэмжиж байгаа. Мөн үзэсгэлэнд оролцох компани бүрийн бүртгэлийн хураамж 700 евро, түр импортын барьцаа төлбөр буюу компани тус бүр төлөх ёстой байсан 1450 еврогоос чөлөөлсөн. Дээрээс нь “Европын холбооны Монголын худалдааг дэмжих төсөл”-өөс үзэсгэлэнгийн тахим тохижуулах, бараа бүтээгдэхүүнээ хил гаалиар оруулах зардал гэх мэт олон зардалд дээрх төслөөс тус үзүүлж байгаа нь бидэнд маш том дэмжлэг болж байна. Үзэсгэлэнд оролцох 12 компани цаашдын үйл ажиллагаандаа маш том зорилго, зорилт тавьж байна. Европын холбоо гэлтгүй дэлхийн зах зээлд өөрсдийгөө таниулах боломж гэж харж байгаа. Click To Tweet
Гоо сайхны энэхүү үзэсгэлэнд 70 гаруй орны 3000 гаруй дэлхийн шилдэг үйлдвэрлэгч нар оролцож,150 гаруй орны 300 мянган зорилтот зочид төлөөлөгчид оролцдог юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эцсийн хэрэглэгчид оролцохгүй B2B үзэсгэлэн учраас өндөр хэмжээнд зохион байгуулагддаг, өндөр шалгууртай үзэсгэлэн болдог. Монголын үйлдвэрлэгч нар үзэсгэлэнд оролцсоноор бараа бүтээгдэхүүнээ таниулахаас гадна олон улсаар дүнгээ тавиулна.
Бид олон улсын зах зээл дээр гарах боломжтой юу, бидний өрсөлдөх чадвар ямар төвшинд байна, цаашлаад дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүний чиг хандлага юу байна вэ, Монгол Улсын гоо сайхны бүтээгдэхүүний салбарын эскпортын болон хөгжлийн бодлого хаашаа чиглэвэл зохистой вэ гэх мэтчилэн маш олон асуултын хариултыг энэ үзэсгэлэнд оролцсоноор авна.
Тиймээс энэ үзэсгэлэн бидний хувьд чухал ач холбогдолтой юм.
-Экспортод гаргаж байгаа юу?
-.Нидерланд руу цөөн тооны бүтээгдэхүүн туршилтын журмаар гаргасан. Нидерланадынхаа харилцагчийг үзэсгэлэндээ урьсан. Европын холбооны стандартыг хангаж байж, лабораторийн шинжилгээ зэрэгт орсны үндсэн дээр Европт худалдаалагддаг. Тиймдээ ч энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон бараа бүтээгдэхүүнээ буцаагаад авч ирэх ёстой. Тэнд нь борлуулж болохгүй гэсэн үг.
-“Гилгэрэм” үгийн утга нь юу вэ, цаашдын зорилго?
-Өнгө зүс жавхлантай гэсэн үг л дээ. Дээр үед гоё арьстай эмэгтэй хүнийг гилгэрэм сайхан эмэгтэй гэж магтдаг байсан юм билээ. Үүнээс санаа авч нэрлэсэн. Малын чөмөгний тосны үнэ цэнийг бид үл мэдэж, булууны ясыг хаяж байна.
Манай брэндийн гол зорилго ясны чөмөгний органик хаягдлыг багасгаж, хариуцлагатай хэрэглээг дэмжиж, эрүүл мэндэд нөлөөтэй эмийн бус бүтээгдэхүүн хөгжүүлж, эко инноваци нэвтрүүлэх юм.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байхад тулгардаг бэрхшээл зөндөө байдаг байх. Энэ бүхнийг хэрхэн даван туулж байна вэ?
-Тэгэлгүй яахав. Импортын бараа хараа хяналтгүйгээр орж ирж байгаа нь асуудал юм. Зарим төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн Монголд ургадаггүй ургамлын тос ордог. Импортоор түүхий эдээ оруулж ирэхэд татвартай байх жишээний. Гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эдийн татварыг чөлөөлсөн ч тодорхой нөхцөлтэйгөөр, тодорхой компаниудад гэсэн шалгуур тавьсан. Энэ нь хангалтгүй юм.
Яагаад гэхээр гаднаас орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн ямар ч хяналтгүй байна ш дээ. Click To Tweet Онлайнаар, өөр ямар сувгаар байдаг юм худалдааны бүхий л хэлбэрээр хараа хяналтгүй борлуулагдаж байна. Тэгэхээр дотоодын зах зээлээ бодлогоор хамгаалж чадахгүй байгаа учраас бидний өрсөлдөх чадамж сул байна.
Органик түүхий эдээр хийж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнийг химийн найрлагатай бүтээгдэхүүнтэй эрүүл мэнд, чанар талаас нь харьцуулах боломжгүй. Хоёрдугаарт, НӨАТ-ын өртэй компаниудыг ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд хамруулахгүй гэсэн шаардлага байгаа. НӨАТ-ын өртэй болбол энэ сангаас зээл авах боломжгүй байх жишээний. Би хувьдаа үүнийг босго өндөр байдлаар хүнд суртал бий болгож байна гэж харж байгаа. Үүнийг байхгүй болгох шаардлагатай. Мөн импортоор орж ирж байгаа гоо сайхны бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх, дотоодоосоо орлох боломжтой бүтээгдэхүүнийхээ судалгаа гаргаж, дүн шинжилгээ үнэлгээ хийх хэрэгтэй гэх мэт хийх ажил их байна. Ялангуяа, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл бие даасан хууль байхгүй. Бид органик гэдгээ нотлох боломжгүй байна. Click To TweetХүнс саяхнаас хуультай болсон. Хүнсэнд хэрэглэгддэг зарим төрлийн түүхий эдийг органик гэж нотлох боломжтой боловч хууль дутмаг. Тэгэхээр гоо сайханд ядаж л аюулгүй байдлын хууль хэрэгтэй байна. Энэ жил МҮХАҮТ-аас санаачлаад ЭМЯ-нд Гоо сайхны аюулгүй байдлын тухай хуулийн төсөл санаачлах хүсэлт тавьсныг дэмжсэн байна лээ.
-Кластер гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?
-Кластер гэдэг нь холбооноос ялгаатай. Холбоо тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг нэгтгэхийг хэлдэг. Харин кластер нь тухайн зах зээлийн нэмүү өртгийн сүлжээний бүх оролцогчийг хамруулдаг. Өөрөөр хэлбэл, манай кластерт төрийн бус байгууллага хоёр байна. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч байна. Сав баглаа боодол үйлдвэрлэгч нар ч байна. Дээрээс нь гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүд ч орох боломжтой. Төрийн байгууллагууд бидэнтэй уялдаа холбоотой ажиллаж байна. Кластерын зохион байгуулалт гэдэг нь ерөөсөө л нэмүү өртгийн сүлжээний бүх оролцогч нарыг хамруулдаг учраас хамтын ажиллагааны хувьд илүү үр дүнтэй гэж үздэг.
-Хэрэглэгчид дотооддоо үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүн авах сонирхол байна уу эсвэл импортоор орж ирж байгааг нь уу. Ер нь гоо сайхны бүтээгдэхүүн сонгох мэдлэг нь ямар байна вэ?
-Гоо сайхны бүтээгдэхүүн сонгоход наад зах нь химийн суурь мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Click To Tweet Зарим хэрэглэгч тухайн гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага, үнэ зэрэгт ач холбогдол өгдөг. Ядаж л эргүүлж тойруулаад он сар, орц найрлага дээрээс нь химийн орц найрлагатай байна уу үгүй юу гэдгийг нь мэдэж авах чадвартай. Энэ хүмүүсийн хувьд үндэсний үйлдвэрлэгч органик гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ таатай байдаг. Сонголтоо хийж чаддаг гэсэн үг. Гаднын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа ч гэсэн бид дотооддоо үйлдвэрлэж, үнээ аль болох доод хэмжээндээ барьдаг.Тухайн хэрэглэгч хэдий хэмжээгээр гоо сайхны бүтээгдэхүүний суурь мэдлэгтэй байна төдий чинээ органик гоо сайхны бүтээгдэхүүн рүү тэмүүлдэг. Click To Tweet
Өнөө үед ямар ч төрлийн бүтээгдэхүүнийг орлуулах боломжтой болсон. Чихэр, амттаныг хүртэл орлуулж хийж байгаа шүү дээ. Гоо сайхны салбар үүнд хамгийн их өртөж байгаа. Ялангуяа, муу тосыг дахин боловсруулаад химийн аргаар үнэр амтгүй болгож байна.
Гоо сайхны бүтээгдэхүүнийг гоё үнэртэй, амтыг өнгөтэй болгохын тулд хямдхан үнэр, өнгө оруулагчийг хийдэг байх жишээний. Ийм бүтээгдэхүүнийг сонгосон хэрэглэгч нар яваандаа харшилтай болох гэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг. Гэхдээ сүүлийн үед харьцангуй хүмүүс ойлгодог болсон. Тиймдээ ч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар нэмэгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
s
Шударга эмэгтэй.Амжилт хүсье.