Д.Тогтохсүрэн:Сонгуулийг 29 тойрогт явуулна, хоёр элчин сайдад нэр дэвшигчийг дэмжээгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтаар нэгдсэн шийдвэр гаргажээ. УИХ-ын сонгуулийг тойрог 29 байх бол нийслэлийнх үүний 9 тойрог болгожээ. Харин Нийслэл 24 мандат, орон нутгийн 20 тойрог, 52 мандаттай байхаар тохирсон байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хотын тойргоос дөрвөн мандатыг хасна. Хот 24 мандаттай байна. Сонгуулийн тухай хуульдаа олон мандат бүхий томсгосон тойргоор явуулна гэж заасан. Тэгэхээр нэг тойрог хоёр ба түүнээс дээш мандаттай байх зайлшгүй шаардлага бий болсон.

Тиймээс хотоос дөрвөн мандатыг авч Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймагт нэмж байна. Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэнэ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр тойрог болгоно” хэмээн тайлбар өглөө. Нийслэл 9 тойрог 24 мандаттай байна.

Бүлгийн хэлэлцсэн дараагийн асуудал Элчин сайдуудын талаар байлаа. МАН-ын бүлгийн хурлаар шинээр томилогдох 11 Элчин сайдын асуудал орж ирсэн. Үүнээс есөн хүнийг дэмжсэн. Хоёр хүнийг дэмжээгүй. Нэг нь БНЭУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн н.Бүрэнбаяр гэж хүн байгаа. Энэ хүн 66 настай учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу дэмжих боломжгүй. Хоёрдугаарт, БНСУ-д суух элчин сайдад нэр дэвшсэн н.Өнөрзаяа гэдэг хүнийг мэргэжлийн биш учраас дэмжээгүй.

Халдашгүй байдлын дэд хорооны Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг бүлгээр ярилцсан. Энэ асуудлаар эргэж ярилцъя гэсэн шийдэлд хүрсэн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ