• Д.Тогтохсүрэн: Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрог болгох асуудал яригдсан

    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

    Д.Тогтохсүрэн “Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, тойрог байгуулах мандат хуваарилахтай холбоотой асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцэнэ.

    Хоёрдугаарт, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Гуравдугаарт, Аймаг нийслэл ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан уг хуультай холбоотой зарим заалтыг хэлэлцэнэ.

    Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлт гарсан. Үүнийг бүлгийн хуралдаанаар сонсоно. Өмнө нь хэлэлцүүлэг явуулчихсан. Одоо бол эцсийн шийдвэрийг гаргана гэж ойлгож болно.

    Хотын тойргоос дөрвөн мандатыг хасна. Хот 28 мандаттай байна. Үүнийг 24 болгохоор ярьж байна. Сонгуулийн тухай хуульдаа олон мандат бүхий томсгосон тойргоор явуулна гэж заасан. Тэгэхээр нэг тойрог хоёр ба түүнээс дээш мандаттай байх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс хотоос дөрвөн мандатыг авч Дундоговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймагт нэмж байна. Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэнэ.

    Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг тус бүрт нь хоёр тойрог болгох асуудал яригдаж байгаа. Бүлгийн хуралдаанаар эцэслэнэ. Ер нь, хоёулаа таван мандаттай болчихоод байгаа юм. Баянзүрх дүүрэг 361 мянган хүн амтай. Сонгинохайрхан дүүрэг 330 орчим хүн амтай байна. Нэг нэр дэвшигч 300 мянган хүнд хүрч ажиллана гэдэг бол хэцүү. Тиймээс сонгогчдод хүрч ажиллах байдлыг нь харгалзан үзнэ. Энэ бүхнийг бодож үзээд 2-3 мандаттай хоёр тойрог болгох асуудлыг ярьж байна. Бүлгийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ