Н.Номтойбаяр улстөрд гэнэт орж ирсэн шигээ гэнэт явахад хүрэв

УИХ өнөө маргаашгүй Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийднэ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын Халдашгүй байдлын Дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч хэлэлцээд түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы саналыг зөвшөөрсөн. Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлэг болон холбогдох байнгын хороод улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх юм. Хэрвээ УИХ түүнийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал  тэр өдөртөө багтаад л түүнийг хорих магадлал тун өндөр.

Ийнхүү сүр дуулиан болон улстөрөөс явахад хүрээд буй Н.Номтойбаярын  улстөрд орж ирсэн нь ч шуугиантай гэнэтийн зүйл байж билээ.

2008 оны дуулиант сонгуулийн жилд болсон долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа С.Баяр АН-тай хамтран “стандарт бус” Засгийн газар байгуулсан бөгөөд 2012 оны  сонгуулийн жил гармагц АН Засгийн газраас гарсан. Улмаар АН-ын гишүүдийн хашиж байсан сайд, дэд сайдын суудалд МАН өөрийн хүмүүсээ суулгасан бөгөөд тэдний нэг    Н.Номтойбаяр гэдэг хэний ч танихгүй шахам  залуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга болж байв.

Тэр үед МАК-ийн босс Нямтайширийн хүү  Н.Номтойбаярыг шатаалгасан намын байраа барьж байсан МАН-д тэрбум төгрөгийг хаяад ийнхүү орж ирсэн хэмээн шуугисан. Тэр үед МАН-ын дарга Сү.Батболд, генсек нь У.Хүрэлсүх байлаа.

Ийнхүү асар их мөнгө өгөөд улстөрд харайгаад орж ирсэн Н.Номтойбаярыг дагаад зодоон цохио хийж, охид бүсгүйчүүдийг хүчинддэг, бүхнийг мөнгөөр хэмждэг баячуудын хүүхдүүдийн тухай байнга яригдах болсон.

Тэр өөрөө ч МАН-д мөнгөөр орж ирсэн тухайгаа хоёр жилийн өмнө ил тод ярьсан нь бий. Тэрээр дарга нарынхаа  “хоолойд нь тултал, хошногоор нь цухуйтал мөнгө чихсэн” гэж ярьсан.

Ингэж улстөрд орж ирээд УИХ-д нэр дэвших эрхийг авч, 2012, 2016 онуудад Дорнодоос хоёрантоо сонгогдсон. 2016 онд МАН сонгуульд ялахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын судалд сууж Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүн болсон.

Сайдаас нь огцруулж, гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газартай анхнаас нь тар түр хийсээр ирсэн.

Н.Номтойбаяр нэг удаа УИХ дээр өөрийгөө Монголыг идсэн 30 гэр бүлийн нэг мөн эсэхийг Ерөнхий сайдаас асуугаад тийм гэсэн хариулт авч байлаа. 36 лиценз эзэмшдэг, улсын төсвөөр хайгуул хийсэн Цагаан суварга ордыг эзэмшиж байгаа зэргийг нь тоочиж байлаа. Яг тэр цагаас түүний асар их мөнгө, аавынх нь сүр хүч урьдынх шиг нөлөөгүй болж эхэлсэн нь ойлгогдсон.

Түүнээс хойш Н.Номтойбаяр Засгийн газар, Ерөнхий сайдтай нэг их харгалдаж үзэгдэх нь багассан. Учир нь Н.Номтойбаярын “Бенз жийп” Булганд хүн дайрч алсан гэдгээс эхлээд УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн нас барсантай холбогдсон нь ийм байдалд хүргэсэн.

Энэ бүхэн эцэстээ ийнхүү Н.Номтойбаяр хэмээх залууг улстөрд гэнэт орж ирсэн шигээ гэнэт явахад хүргэж байгаа нь энэ бололтой.

Н.Номтойбаярыг Г.Батхүү агсаны амь насны хэрэгт сэжиглэж буйг олон янзаар тайлбарласаар л байна. Ерөнхий сайдтай таарамжгүй байсных нь шан гэх нэг хэсэг байхад УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа талийгаачийн хүү Б.Ганхөлөг, Дорнод аймаг буюу Н.Номтойбаярын тойрогт нэр дэвших магадлалтай дүү П.Батчимэг нартай нь, цаашлаад улстөрийн томоохон хор хутгаачидтай холбон тайлбарлаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ