Тойм:Коронавирусаар өвчилсөн хүн анх удаа эдгэрсэн тохиолдол гарчээ

Одоогоор дэлхийн 13 орны ДЭМБ-ын мэдээллээр 1318 хүн халдварлаад буй коронавирусээр өмнө нь хүн өвчилж байгааагүй учраас үүний эсрэг вакцин, эмчилгээ байхгүй гэж эрүүл мэндийн салбарынхан мэдээлсэн.

Гэвч өнгөрсөн баасан гаригт(2020.01.24) Хятадын Ухань хотод коронавирусээр халдварласан байсан хүн анх удаа эдгэрсэн тохиолдол гарсан талаар мэдээлсэн. 46 настай Янг нь шинэ коронавирусын халдвар авч долоо хоног эмчлэгдэж эмнэлгээс гарсныг доорх бичлэгээс харж болно. Коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд БНХАУ тав дахь өдрөөс эхлэн Ухань хотод 1000 хүний ортой шинэ эмнэлэг барих ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Албаны эх сурвалжуудын мэдээллүүд халдвар авсан хүний тоон дээр эргэлзээ үүсгэж байна

Хятадын Засгийн газраас мэдээлснээр халдвар авсан хүний тоог 1975, нас барагсдын тоог 56 гэж мэдүүлжээ. Харин  ДЭМБ-аас өнөөдрийн(2020.01.26) байдлаар мэдээлснээр халдвар авагсдын тоо 1318, нас барагсдын тоог 41 гэж мэдээлсэн байна. Гэтэл халдвар авагсдын тоо бүр ч их байх боломжтой. Халдвар анх гарсан Ухань хотын өвчлөлийн голомтод ажиллаж байгаа нэгэн сувилагч сошиалд “Хятадын Засгийн газраас гаргасан албан тоо худлаа, үүнээс ч илүү олон тооны хүн халдвар өвсан, нөхцөл байдал хүнд байна, хамгаалалтын хувцас, маскыг Ухань хотруу яаралтай хандивлаж, туслана уу” гэсэн утгатай видеог нийтэлсэн. Голомтод ажиллаж буй сувилагчийн хэлснээр Хятадад коронавирусээр өвчлөгсдийн тоо аль хэдийнэ 90 мянгад хүрчээ. Click To Tweet

Коронавирус гэх энэ вирусийн омогт энгийн ханид буюу томуу, томуу төст өвчнөөс авахуулаад Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж(MERS), Амьсгалын цочмог халтай хам шинж (SARS) багтдаг.  Нэгэн Хятад эрдэмтний хийсэн судалгаанд Хятадад томуу, томуу төст өвчнөөс үүдэлтэйгээр жил бүр 88 100 хүн нас бардаг байна. Хятад улсын томуу, томуу төст өвчний нас баралтын түвшин 1.6-2.6 хувь. Энгийн ханиадтай харьцуулахад хоруу чанар өндөртэй боловч одоогийн нөхцөл байдлаас үзвэл MERS, SARS-ийн хажууд хоруу чанар бага юм байна. Одоогийн байдлаар шинэ коронавирусээр 41 хүн нас барсан нь нас баралтын түвшинг 3.1 хувьд барьж байна. Харин SARS-ын хувьд нас баралтын төвшин 10, MERS-ийн хувьд өвчлөгсдийн 34 хувьтай байжээ. Click To Tweet

Хятадын урд хөрш улсуудад коронавирусын тохиолдол нэмж бүртгэгдсээр байна

Хамгийн сүүлийн мэдээллээр БНСУ-д гурав дахь тохиолдол бүртгэгдсэн бол Малайз,Сингапурт тус тус дөрөв дэх тохиолдол бүртгэгджээ. Шинэ коронавирусын халдвар Хятад улсын урд хөрш улсуудаас гадна Ухань хотоор аялаад ирсэн Канад, Америкийн иргэдэд илэрсэн байна.  Жишээлбэл, Канадын 50 настай иргэн Ухань хотоос нэгдүгээр сарын 22-ны өдөр иржээ. Маргаашнаас нь ханиалгаж эхлэн, 2020.01.23-ны өдөр эмнэлэгт хэвтжээ.

2020.01.26-ны өдрийн 12:00 цагийн байдлаар Хятадаас гадна коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо:

  • Хонгконг: 5
  • Тайланд: 5
  • Австрали: 4
  • Малайз: 4
  • Сингапур: 4
  • Франц: 3
  • Япон: 3
  • БНСУ: 3
  • Тайван: 3
  • Макао: 2
  • АНУ: 2
  • Вьетнам: 2
  • Непал: 1
  • Канад: 1

ОХУ-д хоёр шижигтэй тохиолдол бүртгэгдсэн ч халдваргүй гэдэг нь батлагдсан.

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхэд нэгдүгээрт зөв маскаа зүүх, хоёрдугаарт гараа ариутгах

Эх сурвалж: ЭМЯ

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхэд нэгдүгээрт зөв маскаа зүүх, хоёрдугаарт гараа ариутгах, гуравдугаарт мэдээж халдвар гарсан дээрх улсууд руу, голомт Хятад улс руу зорчихгүй байх хэрэгтэй. Маск зүүхдээ дараахь 3 зүйлийг анхаарах хэрэгтэй болохыг ДЭМБ-ын мэргэжилтэн зөвлөжээ.

1.Эмнэлгийн зориулалттай маскны цэнхэр талыг нь гадагш, цагаан талыг нь дотогш харуулж зүүх.

2.Хатуулгатай талыг нь дээш харуулан зүүх

3.Хамар, амаа бүрэн битүүлж өмсөхийг ДЭМБ-аас зөвлөж байна.

Гараа угаахдаа анхаарах зүйлс:

Эх сурвалж: ДЭМБ, ЭМЯ

Шинэ коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэх ажлыг Австрали, ОХУ, Их Британийн зэрэг дэлхий даяараа эхлүүлээд байна

Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн(NIH)-гээр ахлуулсан вакцин судалгааны төслийн АНУ дахь баг бүрдэж, вакцин эхлүүлэх ажлыг эхлүүлсэн талаар Reuters агентлаг мэдээлжээ. Мөн үүнээс гадна ОХУ, Их Британийн судлаачид вакцин гаргаж авах ажлыг эхлүүлжээ. Эхлээд вирусын генетик кодыг судлан тогтоох ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн(NIH)-ээс мэдээлснээр шинэ коронавирусийн эсрэг вакциныг гурван сарын хугацаанд үйлдвэрлэх найдлага тавиад байгаа юм. 2002-2003 онуудад дэгдсэн SARS-ийн эсрэг вакциныг үйлдвэрлэхэд тус хүрээлэн 20 сарын хугацаа зарцуулжээ.

Эх сурвалж: CNN, bloomberg, nypost,ДЭМБ,ЭМЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ