Д.Сарангэрэл:Коронавирусийн халдварын тохиолдол гарвал тусгаарлахаар ХӨСҮТ-д 50 ортой тасаг бэлдсэн

2020-01-24
Шинэ төрлийн коронавирусийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө.

Д.Сарангэрэл “ДЭМБ-аас өгсөн мэдээллээр вирусийн үүсэл тодорхойгүй бөгөөд урьдчилсан байдлаар могой, минж, дорго, сарьсан багваахайнаас үүдэлтэй байж магадгүй гэж таамаглаж байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан үед томуу, томуу төст өвчинтэй адил шинж тэмдэг илэрч байгаа. Манай лаборатори 21 төрлийн вирусийг илрүүлдэг. Халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа хүмүүсээс шинжилгээ аваад 21 төрлийн вирусээс аль нэг нь илэрвэл шинэ төрлийн коронавирусийн халдвартай биш гэж үзэж байна. ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа нэг хүний шинжилгээний хариу өнөөдөр 14:00 цагт гарна.

Хил гаалиар орж ирж байгаа хүмүүс халуурч байвал шууд тусгаарлаж байгаа. Ингээд шинжилгээний хариугаар үгүйсгэгдвэл эмнэлгээс гаргана. Халдварын тохиолдол гарвал тусгаарлахаар ХӨСҮТ-д 50 ортой тасаг бэлдсэн.

Өнөөдрөөс эхлэн өдөр бүр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ хамтраад маш хурдацтай өөрчлөгдөж байгаа өвчлөлийн явцын талаар мэдээлэл өгөх шийдэлд хүрээд байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ