Б.Гончигдамба: Шаардлагаа биелүүлэхгүй бол Цагаан сарын барилдаанд бөхчүүд барилдахгүй 

2020-01-24

Монголын үндэсний бөхийн холбооны асуудлаар бөхчүүд мэдээлэл хийж Монголын Үндэсний бөхийн холбооны Их эе, Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2003 онд батлагдсан Баяр наадам зохион байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулахыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Нийт 264 бөхийн гарын үсэгтэй мэдэгдлийг МҮБХ-ны тэргүүнд хүргүүлж байгаагаа хэллээ.

Б.Гончигдамба: Шаардлагаа биелүүлэхгүй бол Цагаан сарын барилдаанд бөхчүүд барилдахгүй 

Энэ үеэр улсын гарьд Б.Гончигдамба хэлэхдээ “Энэ цаг үед барилдаж байгаа бөхчүүд олон асуудалтай тулгарч байна. Бид нэгдэж, ярьж, бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүлж байж цаашдаа тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй юм байна гэсэн байр суурьтай байна. ы

МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон Цэцдийн зөвлөлийн дарга, дархан аварга Г.Өсөхбаяр нарт албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх гэж байна. МҮБХ бол Их эе хурал, Цэцдийн зөвлөл, тэргүүлэгч гэсэн гурван шатны хурлын бүрэлдэхүүнээс бүрддэг. Бид уг нь энд ирэхгүйгээр энэ холбоо, Цэцдийн зөвлөл бидний өмнөөс ажиллаад явах ёстой гэж үздэг. Тийм ч учиртай. Энэ цаг үеийн бидний барилдааны үйл ажиллагаанд бөхийн холбоо асар идэвхигүй оролцож байна. МҮБХ-ны барилдаан зохион байгуулж байгаа үйл ажиллагаа нь 2003 оны хуулиар явж байгаа. Энэ хууль нэлээд олон жил болсон хууль. Тиймээс цаг үетэйгээ нийцсэн хуулийн төслийг санаачлах ёстой гэж шүүмжилж байгаа юм. Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол бөхчүүд цагаан сарын барилдаанд барилдахгүй гэсэн бодолтой байгаа. Мөн цаашлаад бусад спортын холбоод шиг бөхчүүд өөрсдөө эрх ашгийнхаа төлөө нэгдэж, барилдаанаа зохион байгуулаад явах практик руу орох боломжтой гэж харж байгаа. Допингийн асуудлаар олон хүмүүсийг битгий хардуулаач ээ. Хэн нь тодорхойгүй 30-аад хүн допинг хэрэглэсэн нуусан дарсан гэх мэдээлэл яваад байна. Нэгдүгээрт сэргээш хэрэглэж байгаа бөхчүүд өөрсдөө буруутай. Хоёрдугаарт нууц, хориотой бодис зарж борлуулж байгаа нөхдүүд буруутай. Хуулийн байгууллагууд нь шалгаасай. Гуравдугаарт сэргээш хэрэглэвэл болох юм бишүү гэсэн бодол тээх байдалд  бөхчүүдээ байлгаад байгаа нь МҮБХ-ны алдаа.” гэв.

Н.Батсуурь: Бөхчүүд Э.Оюунболд гэдэг хүнтэй тэмцээд байгаа юм биш

Монгол Улсын аварга Н.Батсуурь “Олон жил талцаж байгаа талцлыг арилгамаар байна. Тийм ч учраас бөхчүүд нэгдэж, холбоогоо цааш нь сайн сайхан болгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Нийт бөхчүүд маань үндэсний бөхийнхөө өв соёлыг залуучууддаа түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож, холбоотойгоо хамтран ажиллахыг хүсч байгаа юм. Баяр наадмын тухай хууль 17 жил өөрчлөгдсөнгүй. Тиймээс өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.

МҮБХ алдаа дутагдалтай ажиллаж байгаа болохоор бөхчүүдийн нэр хүнд их унаж байна. Допингийн асуудалд эр тэгш шийдвэр гаргадаг баймаар байна. Нэг хүнийх нь эрхийг зургаан сараар, нөгөөхийг нь хоёр жилээр хасдаг нь шударга бус. Бид МҮБХ-ноос цалин мөнгө авдаггүй, нийгмийн даатгал төлдөггүй. Бэртэж гэмтлээ гэхэд хариуцах эзэн байхгүй ийм хүмүүс. Энэ мэт асуудлуудыг нарийн дүрэм журамдаа тусгаж өгөх хэрэгтэй. Э.Оюунболд гэдэг хүнтэй бөхчүүд тэмцээд байгаа юм биш. Дэлхий нийтээрээ допингтой тэмцэж байхад Монголд допингийн асуудлаар яаралтай шийдвэрээ гаргадаггүйгээс л ард түмэн талцаж хэрүүл уруул болж байна. Түүнээс биш бөхчүүд барун зүүн аймгаараа ялгарсан асуудал байхгүй. Бүгд л нэг цаг үед барилдаад явж байгаа бөхчүүд.” гэх байр суурь илэрхийллээ.

Ц.Содномдорж: Шээс солигдож, будлиан гарах боломжгүй 

Монгол Улсын арслан Ц.Содномдорж “Миний бие бөхчүүдтэйгээ нэгэн байр суурьтай байна. Их эе хуралдах цаг болсон байна. Бөхчүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Шударга үнэн их алдагдаж байна. Энд сууж байгаа бөхчүүд бүгд допингийн шинжилгээ өгч байсан, төрийн наадамд түрүүлж үзүүрлэж байсан бөхчүүд. Бид шинжилгээ өгөхдөө камерын өмнө дотуур хувцастайгаа очоод хоёр хянагчийн хажууд шээгээд шээсээ хоёр саванд хувааж хийгээд таглаад лацаддаг. Тэр шээсний савны таглааг гараар онгойлгох боломжгүй. Лаборатори дээр очоод тусгай багажаар онгойдог. Тийм учраас ямар нэг будлиан гарах, шээс солигдох боломжгүй гэж боддог. Үндэсний их баяр наадам бол Монголын ард түмний эв нэгдлийн баяр. Монголын ард түмэн ардчилсан Ерөнхийлөгчөө сонгосон. Ардчилал ямар утгатай вэ гэвэл шударга үнэний төлөө байх. Манай ардчилсан Ерөнхийлөгч өөрөө бас спортын Ерөнхийлөгч байгаа” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ