Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд:Манай аймаг уул уурхайгүй, Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болж хөгжинө

2020-01-24

-Хөвсгөлийг уул уурхайгүй  ганц аймаг гэж хэлж болно.  Ард иргэд нь ч газар нутгаа ухуулахгүй гэж нэлээн тэмцдэг. Та орон нутгийн удирдлагын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Уул уурхайг хоёр талаас нь ойлгох  хэрэгтэй л дээ. Төрийн болон хөгжлийн бодлого шийдвэр аль аймгийн хөгжлийн алсын хараатай яаж, хэрхэн уялдаж байгаагаас хамаарна. Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болж хөгжих зорилготой. Мөн алсын хараандаа ногоон, эко орчинг бүрдүүлсэн, ногоон эдийн засгийг эрхэмлэсэн, шинэ шилдэг үйлдвэрлэл инновацийг нэвтрүүлсэн аялал жуулчлалын тулгуур төв болж хөгжинө гэж алсын хараагаа тодорхойлсон.

Тиймээс уул уурхайгаас аль болох ангид байх зорилготой. Click To Tweet

Хоёрдугаарт, манай аймагт өнөөдрийн байдлаар хүчинтэй байгаа 27 хайгуулын болон ашиглалтын  лиценз байна. Сүүлийн хэдэн жил уул уурхайн эдгээр лицензүүдээс нэгийг нь ч хугацаа сунгах, дэмжих саналыг гаргаагүй.

10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин лицензийн тоо буурсан. Ер нь бид цаашдаа аймгийн хэрэгцээний томоохон үйлдвэр, үйлдвэрлэлд болон орон нутгийн хэрэгцээнд ашиглах зориулалттай уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааг явуулна. Тухайлбал, Могойн голын уурхай байна. Аль нэг уурхайнхаа баялгийг бид ашиглана. Click To TweetЭнэ байгалийн баялаг дээрээ түшиглээд аймагтаа цахилгаан станц барих санал тавьж байна. Мөн орчны аймгуудынхаа хэрэгцээг хангах шахмал түлшний үйлдвэр барих гэх мэт томоохон зорилгыг бид тавьж байна. Ингэснээр аймаг, орон нутгийн төсвөө бүрдүүлнэ. Иргэд ажлын байртай болно. Орон нутагт төсөв бүрдсэнээр бид илүү их хөгжлийн бүтээн байгуулалтаас гадна хүн рүү чиглэсэн олон зүйлийг хийх боломж бүрдэнэ. Бид өөрөөр уул уурхай ашиглах бодлого, шийдвэр байхгүй. Нэг ёсондоо энэ цэгүүд дээр уул уурхайн баялгаа ашиглана. Бусад тал дээр ашиглах, зорилт байхгүй.

-Хөвсгөлийн нутгаар  төмөр зам дайруулах асуудал нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Томоор нь харвал улс орны хөгжлийн бодлого. Энэ асуудал юу болсон бэ?

-Төмөр зам ганцхан Хөвсгөл аймгийн асуудал биш юм. Монгол Улсын хөгжлийн асуудал. Би аймгийн удирдлагын хувьд төмөр замыг эсэргүүцэж байна, дэмжиж байна гэдэгтээ гол нь биш. Монгол Улсын хөгжлийн бодлогыг Хөвсгөл аймаг засаг захиргааны нэгжийн хувьд биелүүлж,  ажиллах үүрэгтэй.

Харамсалтай нь төмөр зам барих төслийн санхүүжилт тодорхой хэмжээгээр хойшилж байгаа юм билээ. Засгийн газар, УИХ-аас шийдвэрүүд нь гарсан. Гурван улсын Ерөнхийлөгч нарын санамж бичгээр үзэглэж, баталгаажуулсан асуудал шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч орчихсон. Тиймээс энэ бол ганцхан Хөвсгөлийн асуудал биш юм. Засаг захиргааны нэгжийн хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгасан асуудлыг бид биелүүлэх үүрэгтэй. Иргэдийн хувьд ганц нэг эсэргүүцэх хүн байхыг үгүйсгэхгүй. Нийтлэг, нийт олонхынхоо эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг бид явуулах болно. Нэг хэсэг нь эсэргүүцлээ, мууллаа гээд төрийн бодлого зогсоно гэж байхгүй. Click To TweetАймаг хөгжлийнхөө алсын хараатай уялдуулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийсээр байх болно.

-Хөвсгөлийн зарим сумдад өвөлжилт хүнд  байгаа. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Аймгийн зургаан суманд өвөлжилт хүнд байна. тухайлбал, Галт, Жаргалант,Шинэ-Идэр, Их-Уул, Цэцэрлэг сумдад өвөлжилт хүнд байна. Намар эрт  орсон цас нь хайлж мөстсөн. Аравдугаар сараас зарим сумдад малд тэжээл тавьж эхэлсэн. Аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээл гаргаж, малчдад өгсөн. Нийт сумдаар цасан бүрхүүл байна. Дахин их хэмжээгээр цас орвол өвөлжилт хүндрэх сумд нэмэгдэхээр байгаа. Аймаг өөрсдийн нөөц боломжоороо эхний ээлжийн арга хэмжээгээ аваад явах боломж байгаа. Цаашид цаг агаар хүндрэхгүй л бол өвөлжилтийг аймгийн хэмжээнд давж гарах боломжтой гэж үзэж байна. Хаваржилт ямар байх вэ гээд цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан. Өмнөх жилүүдийн дундажтай адил  байхаар байна. Өнгөрсөн жилийн тухайд зуны эхэн сар гарсан  байхад нэг см-ийн зузаантай цас орсон. Тухайн үед аймаг аюулгүйн нөөцдөө байсан өвс тэжээлээ гаргаж хүндрэлийг даван туулж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ