
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй ярилцлаа.
–Дорнод аймаг ядуурлын төвшингөөр дээгүүрт ордог. Энэ нь юутай холбоотой вэ?
-Ядуурлын төвшин өндөр, анхаарал татсан аймгуудын нэг бол Дорнод аймаг.
1990-ээд онд Дорнодын долоон үйлдвэр гэж байлаа. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр бүгд хаалгаа барьж, хэдэн мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Өнөөгийн ядуурлын гол эх үүсвэр нь энэ юм.
Ажилгүй болсон хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд ,одоогийн 50-60 настай, хөдөлмөрийн насны хүмүүс гэсэн үг л дээ. Орон нутгийн төвшинд ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад өөрсдөөс шалтгаалах бүхий л зүйлсийг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хийж байна. Гэсэн ч хангалтгүй байна. Орон нутаг дангаараа ядуурал, ажилгүйдлийг бууруулж чадахгүй. Тиймээс “Засгийн газрын зүгээс онцгой анхаарах шаардлагатай” гэсэн саналаа хүргүүлсэн. Гэсэн ч хүний хөгжлийн индексээрээ Дорнод аймаг улсын хэмжээнд хоёрдугаарт бичигдсэн сайн үзүүлэлтийг нэрлэж болно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Орхон аймгийн дараа бичигдсэн. Өрсөлдөх чадвараараа анх удаа эхний тавд багтсан. Click To Tweet
Улсын төсвөөс хуваарилж байгаа төсвийн хэмжээгээрээ хамгийн бага аймгуудын тоонд ордог. Тухайлбал, энэ онд л гэхэд 20 орчим тэрбум төгрөгийг хуваарилсан Click To Tweet бол зарим аймагт 100 гаруй тэрбум төгрөг байх жишээний. Барьцаж байгаа мэтээр ойлгож болохгүй л дээ. Засгийн газар ядуурлын төвшинг бууруулахын тулд ямар зорилт хэрэгжүүлэх вэ гэдгээ улсын төсвийн нэгдсэн бодлоготойгоо уялдуулж шийдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
-Орон нутгийн зүгээс ядуурлын төвшинг бууруулахад ямар арга хэмжээ авч байна вэ?
-Байгалийн баялаг ашиглаж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанид иргэдийг ажилд оруулахад зуучилж байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах гэх мэт арга хэмжээг өөрсдийн эрх хэмжээнийхээ хүрээнд хангалттай хийж байна гэж би хэлнэ. Нөгөө талаар биднээс хамаарахгүй, хийж чадахгүй, шийдэж чадахгүй олон зүйл байна шүү дээ. Дорнод аймгийн онцлог бол хүн амын 60 хувь нь аймгийнхаа төвд оршин суудаг. Хуучин аж үйлдвэржсэн хот болгож хөгжүүлэх зорилт тавьсан байсан юм. Улаанбаатар хотын дараа Дархан, Эрдэнэтээс өмнө хот байсан. Би дээр хэлсэн. . Дорнодын долоон үйлдвэрт хэдэн мянган хүн ажиллаж байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр бүгд хаалгаа барьсан.
Тиймээс манай аймагт ядуурал, ажилгүйдлийг бууруулахад Засгийн газрын бодлого, дэмжлэг хэрэгтэй байна. Орон нутгийн төсвөөр нэг ч үйлдвэр барьж чадахгүй.
-Дорнодод хятадууд мал худалдаж аван малчин болж суурьших нь олширсон гэх мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Ийм зүйл байхгүй. Нийгмийн сүлжээгээр янз бүрийн юм ярьж, гарч байдаг. Нэг хэсэг нь дэвэргэж, нөгөө хэсэг нь итгэж үнэмшдэг. Дорнодчууд энэ асуудалд сэтгэл нь их эмзэглэсэн. Яагаад гэхээр дорнодын ард иргэд, тэдний үр хүүхдэд их муухай санагдсан. Байхгүй зүйлийг байгаа мэтээр, харсан юм шиг дэвэргэж, улс орны хэмжээнд ярих нь хэр зүй зохистой юм бэ. Энэ асуудлаас болж хүүхдүүд хоорондоо муудалцсан асуудал ч гарсан. Нийслэлд Эмээлт гэж газар байна. Хятад эзэнтэй олон компани үйл ажиллагаа явуулж байгааг бид бүгдээрээ мэднэ. Хятад хоолны газар ч нийслэлд байгаа биз дээ. Дорнод аймагт гудамжаар явахад Хятад хүнтэй таарахгүй. Хятад хүмүүс Дорнодын газар нутаг дээр эзэн сууж, Дорнодчууд газар нутагтаа эзэн болж чадахгүй байгаа мэтээр ярьж болохгүй л дээ. Click To Tweet
-Та “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг нь зогсоох хүртэл шийдвэрийг гаргаж байсан. Ингэсний үр дүнд компанийн олон асуудал нээлттэй болсон гэж хэлж болно. Хоёр жилийн үйл явц шүү дээ. Одоо компани үүргээ биелүүлж байна уу?
-Засгийн газартай гэрээ байгуулсан “Петро Чайна Дачин Тамсаг” гээд хятадын хамгийн том хөрөнгө оруулалттай компани манай аймагт үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 500-700 ажилтан оруулж ирж тэнд ажиллуулдаг. 2005 оноос Дорнод аймгийн Халхгол, Матад сум 19-р талбайд газрын тосны үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр цагаас л “Газрын тосны үр өгөөж Монголчуудад мэдрэгдэхгүй байна. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэд байгалийн баялгийнхаа ашиг шимийг хүртэхгүй байна” гэсэн хэл ам тасрахгүй үргэлжилсээр байсан. Үндсэндээ газрын тосны талбайгаас хилийн боомт хүртэл хатуу хучилттай зам тавиагүйгээс олон салаа зам бий болж малын бэлчээр талхлалт, цөлжилт үүсэх нөхцөл шалтгаан бий болсон. Тиймээс бид 2017 онд газрын тосны тээвэрлэлтийг зогсоосон. Үүний дараа Ашигт малтмал газрын тосны газар, “Петро чайна дачин тамсаг” компани, Дорнод аймгийн Засаг дарга гурав гэрээ хийсэн боловч гэрээнд тусгагдсан үүргээ тус компани биелүүлээгүй. 2018 онд дахин газрын тосны тээвэрлэлт ба гүний ус ашиглахыг зогсоосон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нэг байр суурьтай байсан. Яг 37 хоног “Петро чайна дачин тамсаг” компанийн газрын тосны тээвэрлэлт, гүний ус ашиглалт зогссон юм. Бид гаргасан шийдвэртээ хатуу зогсож 2018 оны 10 дугаар сард Ашигт малтмал газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, “Петро чайна дачин тамсаг” компани гурван талт хэлэлцээрийн ширээний ард дахин суусан. Хэлцэл олон өдөр үргэлжилж амаргүй байсан. “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг зогсоосны дараа удирдлагууд нь 100 хувь өөрчлөгдөж шинэчлэгдсэн юм билээ. Хэлэлцээрийн үр дүнд тус компани газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа Дорнод аймгаас тавьж буй шаардлагуудыг хангаж ажиллахаа илэрхийлсэн.
-Хятадын хөрөнгө оруулалттай хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?
-500,600 орчим ажилтантай, үүнийх нь 100 гаруй хятад ажилтантай “Шин–Шин” гээд холимог металлын уурхай үйл ажиллагаа явуулж байна. Мөн жоншны чиглэлээр хэд хэдэн уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмж их тухай хуультай. Үүнийхээ дагуу лицензийг нь Монголд бүртгэлтэй компанид олгоод хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Харин хууль бус асуудалтай бид хатуу тэмцэнэ. Тухайлбал, Дорнод аймагт хятадын хөрөнгө оруулалттай компани хоёр ч газар хууль бусаар барилга барьсныг албадан буулгахаар шийдвэрлэсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Бадамсүрэн даргаа хятадуудтай сайн тэмцээрэй,дачин тамсаг даварсан газар шүү.
хил хүртэлх замаа таваихгүй бол хаах хэрэгтэйшдээ алийн болгон дээрэлхүүлж байх юм бэ.