• Д.Энхтүвшин:Бусад 12 лабораториос мөнгөө буцааж авах талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ямар ч мэдээлэл гаргахгүй байна

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтаар хийж байсан хувийн хэвшлийн 28 лаборатораас 15 нь мэргэжлийн ажиллах хүчингүй, тоног төхөөрөмж шаардлага хангахгүй зэргээр шалгалтанд тэнцээгүй гэх мэдээлэл гараад буй. Харин тэдгээр тэнцээгүй лабораториудаас гарсан шинжилгээний хариу үнэн зөв, эсвэл буруу эсэхийг тодруулах, мөн иргэдийн хохирлыг барагдуулж, хариуцлага тооцох ажлыг эхлүүлээд буй “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Энхтүвшинтэй ярилцлаа. 

    -Танай “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санаачлагчдын нэг гэсэн. Төрийн бус байгууллагынхаа талаар танилцуулаач?

    -“Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” сайн дурын ТББ-ыг 2015 онд байгуулж, өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Анх би өөрийгөө элэгний С вирустэй, элгээ нэлээн хатууралтай гэдгээ мэдээд эмнэлгээр явсан боловч 20 жил төлсөн даатгал маань ерөөсөө хэрэг болоогүй. Эрүүл мэндийн даатгалаар  үйлчлүүлэх гэж нэлээн явсан. Тэгээд барахгүй байсан учраас энэ төрийн бус байгууллагыг байгуулсан. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг элэгний эмчилгээ, оношилгоонд нь хамруулж өгөөч гэж хүсэлт тавьсан боловч мөн адил  бараагүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЭМЯ, Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгч, ялсан. Даатгал үйлчилж эхлэхийг хүлээвэл мөдгүй байсан учраас даатгал үйлчилж эхлэхээс нь өмнө нь өөрийгөө эмчлүүлсэн. 2017 оноос эхэлж л даатгал үйлчилж эхэллээ шүү дээ. Манай байгууллагын хувьд энэ Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг санаачлагчдын нэг мөн.

    Ашгүй даатгалд орчихлоо гээд явж байтал даатгалыг чинь мөнгө гэж хардаг хувийн хэвшлийнхэн олон байдаг юм байна. Өвчтөнүүд бидний хувьд олон жил төлсөн даатгалынхаа шимтгэлийг шаардлагатай оношилгоонд нь хэрэглэх нь ээ гэж баярлаж байсан. Харин хувийн лабораториуд маань мөнгө л гэж хардаг юм байна л даа. Тухайн үед бид тэгэж сэтгэсэнгүй.

    -Танай төрийн бус байгууллагын зүгээс зургадугаар сард хийсэн шалгалтаар тэнцээгүй 15 лаборатори шинжилгээ өгсөн иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

    -Зургадугаар сард хийсэн шалгалтын үр дүнг олон сар нууж дарагдуулсан. Бид  арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хурлаар мэдсэн. Тэдгээр лабораториуд яагаад тэнцээгүй гэсэн баримт бичиг, фото зураг нотлох баримтуудыг “Монголын Лабораторийн Нэгдсэн Сүлжээ” ТББ-ын дарга Д.Наранбаатар надад өгсөн. Эдгээрээс харахад манай Эрүүл мэндийн яам их хариуцлагагүй хандсан нь харагдаж байна. ЭМЯ нь тэр лабораториудад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах лиценз өгч байгаа, тэнд ажиллаж байгаа эмч нарт ч тусгай зөвшөөрөл өгч байгаа. Ийм явдал болчихоод байхад тэр лаборатори, эмч нарын лицензийг нь яагаад цуцлахгүй байна вэ гэсэн нэг асуудал байна. Нөгөөтэйгүүр, Эрүүл мэндийн даатгалын сангийн иргэдийн мөнгийг захиран зарцуулахдаа хяналтаа маш муу тавьж байна. Энэ сангийн мөнгийг захиран зарцуулах тогтоол, шийдвэрийг гаргадаг эрх бүхий байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл. Үндэсний зөвлөлийн дарга нь Эрүүл мэндийн сайд. Бид  аравдугаар сарын сүүлээр ЭМДЕГ-т шалгалтын хариу үр, дүнг нэхсэн албан бичиг өгсөн боловч ямар ч хариу өгөөгүй. Ийм учраас бид шат шатандаа хуулийн фирмтэй хамтраад хариуцлага тооцох асуудлыг эхлүүлээд явж байна. Захиргааны хэргээс гадна авлигны шинжтэй, хууран мэхэлсэн  зэрэг эрүүгийн элементүүд ч харагдаж байна.

    -Ер нь Монголын лабораториудад  хяналт тавьдаг эрх бүхий байгууллага байна уу?

    -Надад байгаа нотлох баримтуудаас харахад лабораториуд бол ажлаа хийж чаддаггүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Ганц удаагийн шалгалтаар ч унаагүй юм байна. ЭМЯ Австралийн нэг лабораторийг сонгож, гэрээлээд 3-4 удаа Монголын лабораториудад гадаад хяналт хийлгүүлсэн юм байна. Тэгэхэд одоо тэнцээгүй 15 лабораториудаас ихэнх нь тэнцээгүй. Монгол улс өөрөө стандартын лабораторитой. Тэр нь ХӨСҮТ. ХӨСҮТ-ээс хяналт шалгалт хийхэд бас дахиад тэнцээгүй юм байна. Сая дэлгэж тавьсан нь ЭМДЕГ-аас “Монголын Лабораторийн Нэгдсэн Сүлжээ” ТББ-тай хамтарч гэрээ байгуулсан 28 лабораториуддаа шалгалт хийсний үр дүн.Тэгтэл 15 нь тэнцээгүй. “Хаппи Вэритас”-ын хувьд ЭМДЕГ-тай гэрээ байгуулахдаа манайх Америкийн Женикс гэсэн маш сайн багажаар шинжилгээгээ хийнэ гээд гэрээ байгуулчихсан. Яг шинжилгээ хийхдээ тэр багажаараа биш клиникт хэрэглэх хориотой, зүгээр судалгаанд хэрэглэдэг багажаар буюу хямд зардлаар хийж байсан байгаа. Өөрөөр хэлбэл, хууран мэхэлсэн.

    -ЭМДЕГ-аас мэдээлэхдээ мэргэжлийн ажиллах хүчингүй, тоног төхөөрөмж шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр 15 лаборатори тэнцээгүй. Харин тэр лабораториудаас гарсан хариуг буруу гэж хэлэхгүй гэж байна. Тэгэхээр шинжилгээний хариу нь буруу гэсэн үг юм уу гэсэн эргэлзээ үүсээд байна л даа. Энэ талаар…? 

    -Буруу байх магадлалтай маш олон баримт гарч ирж байна. Дөнгөж сая надтай 20 минутын өмнө уулзаад явж байгаа хүн “Хаппи Вэритас” лабораторид хоёр удаа шинжилгээ өгөхөд хоёр өөр хариу гарчихсан гэж байна. С вирусгүй гэж нэг гараад, дахиад өгсөн С вирустэй гээд гарчихсан. Хоёр хариугаа бариад эмч дээр очсон чинь эмч нь хүртэл гайхаад Хэппи Вэритас луу утасдаад асуусан “вирустэй нь үнэн” гэсэн байгаа юм. Тэгэнгүүт нь тэр хүн маань өөрөө гадаадад сурдаг учраас эмээ гурван сараар нь нэг мөсөн авчихмаар байна гэж эмчээсээ гуйгаад, гурван сараар нь бүтэн доз аваад талыг нь уугаад хордлогонд орчихсон. Ийм тохиолдол маш олон байна. Ганцхан “Хаппи Вэритас” биш, “Итгэл”, “Ай ти” гээд эмнэлгүүдэд ч гарсан. “Ай ти” гэдэг эмнэлэг мэргэжлийн эмчгүй учраас тэнцээгүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл авахдаа л бүрдүүлдэг материалаа хуурамчаар бүрдүүлсэн гэсэн үг.”Итгэл” эмнэлгийн хувьд бас л нөгөө багаж нь асуудалтай. Элэгний В,С вирусын хувьд тухайн хүнд 20IU ml хэмжээнээс хэтэрсэн бол эмчилгээ хийх шаардлагатай гэж үздэг. Гэтэл “Итгэл” гэдэг эмнэлгийн 20IU ml хэмжигдэхүүнийг гаргаж чаддаггүй, хамгийн сайндаа л 700IU ml-ээс дээш байгааг нь гаргаж чадна.

    -Тэгэхээр В,С вирусын халдвартай хүн өөрийгөө вирусгүй гээд, нөгөө талдаа халдваргүй хүн бүтэн доз эм уугаад явж байх эрсдэлтэй гэсэн үг үү?

    -Вирусын халдвар авчихсан, эмчилгээ нэн даруй шаардлагатай хүнийг вирусгүй гээд л явуулах нь байна. Нөгөө талаар, ямар ч элэгний В,С вирусгүй хүнд бүтэн дозоор эмчилгээ бичээд, хордлогонд оруулчихсан маш олон хүний жагсаалт байна.

    Өөрийнхөө эрүүл мэндийг шалгаад явах гэсэн асуудал гарахаар нөгөө эмнэлгээ шалгаад явчихдаг тохиолдол байна. Хэппи Вэритас нэг биш олон салбартай. Тэгэхэд нь нэг өдөр нэг эмнэлгийн гурван өөр салбарт очоод В,С вирусын шинжилгээ авсан гурван өөр хариу гарчихсан. Тэгсэн дөрөв, тав дахь лаборатори дээр нь очиж өгч, эргэлзээгээ алга болгосон байна. Аль нь үнэн бэ гэдгийг нь олохын тулд тэгж их хөдөлмөр, мөнгө, цаг хугацаа зарж байна. Тэр нь дандаа хашрууд байгаа байхгүй юу, 40-өөс дээш насныхан. Залуучууд нь гэсэн тэгж олон шинжилгээ өгсөн зөндөө тохиолдол байна. Бас л мөнгө шүү дээ, нэг шинжилгээ нь 120 мянган  төгрөг. Ер нь шалгалт хийх шалтгаан нь энэ юм. Энэ мэдээллүүд их ирсэн учраас “Монголын Лабораторийн Нэгдсэн Сүлжээ” ТББ-д  хүсэлт тавьсан.

    -Иргэдийн хохирлыг яаж барагдуулах вэ. Тэнцээгүй лабораторид өгсөн иргэдийн шинжилгээг тэнцсэнд нь өгүүлнэ гэсэн ч яриа гараад байна?

    -Эрүүл мэндийн яамнаас 90 мянган хүний шинжилгээг тэнцсэн бусад лабораториудад Эрүүл мэндийн даатгалын сангаас дахин мөнгийг нь гаргаж хийлгэе гэсэн байр суурь гарсан. Нийтийн сангийн мөнгийг дураараа зарж байдаг явдал байх ёсгүй. Хэрвээ тэглээ гэхэд нөгөө тэнцээгүй 15 лабораториосоо мөнгийг нь буцааж гаргуулах хэрэгтэй. Буцааж авах ажил нь их хойрго, удаан байна.

    -Уг нь зөрчил гаргасан бүх лабораториудад л адилхан хариуцлага тооцож, мөнгөө буцааж авах хэрэгтэй. Гэвч “Хаппи веритас” лаборатори 876 сая, “Ай Ти” 500 сая орчим, “Итгэл” 200 сая гаруй төгрөгийн буюу нийт 1.5 тэрбум төгрөгийн акт тавьсан л гэж мэдээлсэн…?

    -15 лабораториос гуравханд нь акт тавьсан. Нөгөө 12-оос мөнгөө буцааж авахгүй юм уу гэсэн шалтгааныг нь асуух гэтэл  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ямар ч мэдээлэл гаргахгүй байна. Бид даатгуулагч. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар даатгуулагч  нь  даатгалын сангийн хөрөнгийн захиран зарцуулалтанд хяналт тавих хэрэгтэй.

    -28 лабораторийг сонгон шалгаруулахад ЭМДЕГ-аас нээлттэй сонгон шалгаруулалт зарласан гэж байгаа боловч олон нийтийн зүгээс авилга авсан лабораториудаа тэнцүүлсэн гэх ч хардлага төрж байна. Энэ талаар таны бодол?

    -Яг л тийм дүр зураг нотлох баримтуудаас харагдаж байна. Бид Авлигатай тэмцэх газраар явна. Лаборатори ажиллуулах боломжгүй, анхан шатныхаа тусгай зөвшөөрөл дээрээ л нугараад уначихаар, боловсон хүчин байхгүй газруудад лиценз олгосон Эрүүл мэндийн яам ч байна. Тэгсэн тэр нөхдүүд лаборатори ажиллуулаад, дээрээс нь сангаас мөнгөөд аваад байж байна. Энэ бол авлига, байж болохгүй асуудал.

    -Шат, шатанд нь хариуцлага тооцох хэрэгтэй юу?

    -Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан, Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төв, тусгай зөвшөөрөл авдаг газрууд гээд шат, шатандаа л ялзарчихсан. Ер нь энэ эрүүл мэндийн салбарынхан  бүгдээрээ  АШУИС-ийн нэг ангийнхан, нэг үеийнхэн, эсвэл аав, ээж нь эмч байсан,нэг үгээр  бүлэглэл үүсчихсэн.  Эрүүл мэндийн сайд нь  өөр салбарын хүн, ганц шонг хааш нь хөдөлгөхөө ч мэдэхгүй. Нөгөө  хэд нь хажуунаас нь тоншоод аргалаад байдаг. Ийм л дүр зураг надад харагдаж байгаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ