Х.Болорчулуун:Хулгай л бол хулгай, өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээнэ

2020-01-23

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай  ярилцлаа.

-Мал хулгайлсан этгээдэд оногдуулах ялыг Эрүүгийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж чангатгасан. Гол өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Миний бие орон нутгаас сонгогдсон зарим гишүүдийн хамт Малын хулгайтай тэмцэх чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулсан. Өмнө нь  малын хулгайч торгуулах юм уу, аймгийн төвдөө очиж 7-14 хоног нийтэд тустай ажил хийгээд л эрх чөлөөтэй болдог байсан юм. Хулгай л бол хулгай шүү дээ. Тиймээс малын хулгайд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Click To Tweet300 мянган төгрөгөөс дээш эд хөрөнгөө алдвал эрүүгийн хэрэг үүсдэг. Гэтэл нэг бод багадаа сая төгрөгийн үнэлгээтэй. Ийм байхад эрүүгийн хэргийн хариуцлага хүлээхгүй хэдэн төгрөгөөр торгуулах эсвэл  нийтэд тустай ажил хийсэн болж аймгийн төвд сэлгүүцэж байгаад буцдаг байж болохгүй. Хуучин хуулиар найман бод 24 богоос доош бол хөнгөлөх зүйл заалтуудтай байсан юм.

Өөрөөр хэлбэл, найман бод, 24 богоос доош мал хулгайлсан бол дээр хэлсэн торгуулах эсвэл нийтэд  тустай хөдөлмөр эрхлээд өнгөрдөг байсан гэсэн үг. Үүнийг малын хулгайчид андахгүй болчихсон учраас хуульд заасан энэ тоонд тааруулж хулгай хийдэг байдал хулгайчдын дунд нэг ёсны тогтсон жишиг болчихсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл шинэчилсэн хуулиар энэ тоог багасгаж, хоёр бод найман бог болгож багасгасан. Гэхдээ нэг мал хулгайлсан хүн хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэж байхгүй.

Хуулийн зүйл заалтаараа ердийн, хүндрүүлсэн, онц хүнд гэсэн ангилалтай. Өөрөөр хэлбэл, хоёр бод, найман богоос доош тооны мал хулгайлсан бол ердийн гэсэн ангиллаар шийтгэл ногдуулна. Энэ ангилал нь хоёр төрлийн ялтай юм.

  • Нэгдүгээрт, зорчих эрхийг нь хязгаарлана,
  • хоёрдугаарт, зургаан сараас тав хүртэлх жилийн хорих ял ногдуулдаг байхаар хуульчилсан.

Харин хүндрүүлсэн нөхцөл нь хоёроос найм хүртэлх жилийн ялтай байна. Онц ноцтой буюу гурав дахь ангилалд найм ба түүнээс дээш жилийн ял ногдуулдаг байхаар хуульчилсан.

-Хүнд болон онц хүнд гэсэн ангилалд хэчнээн тооны малын хулгайг хамааруулах вэ?

-Хоёр бог найман бодоос дээш тооны мал хулгайлсан, мөн бүлэглэж үйлдсэн болон машин техник ашиглаж зохион байгуулалттай хулгайлсан бол хүндрүүлсэн ангилалд хамаарч, найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх юм. Харин онц хүнд ангилалд олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн, давтан, хил дамнуулсан  үйлдлүүд хамаарах юм. Үүнээс гадна гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол мөн хүндрүүлсэн ангилалд хамааруулж авч үзнэ.

-Амжиргааны эх үүсвэрээс салгасан бол хүндрүүлэх зүйл заалтаар шийтгэгдэнэ гэж туссан. Амжиргааны эх үүсвэр гэхээр малчин хоёр саалийн үнээтэй байлаа гэхэд түүнийг нь хулгайлсан бол хүндрүүлэх зүйл заалтад орно гэж ойлгосон. Зөв үү?

-Яг тийм Хоёр саалийн үнээтэй, түүгээрээ амжиргаагаа залгуулж байгаа хүний хоёр үнээг нь хулгайлчихвал тэр хүн амжиргааны ямар ч эх үүсвэргүй болно биз дээ. Мянган малтай айлын хоёр үнээ, хоёрхон үнээтэй хүнийг хоослох хоёрын хооронд амьдралын эх үүсвэрийн том ялгаа бий. Энэ үүднээс амжиргааны эх үүсвэрээс салгасан буюу ноцтой хохирол учруулсан гэсэн зүйл заалтаар хүндрүүлсэн ангилалд ял эдлүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэг мал хулгайлаад тэр нь тухайн малчинд ноцтой хохирол учруулсан бол найм хүртэлх жилийн ялаар шийтгэнэ гэсэн үг. Click To Tweet

Гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол хүндрүүлэхэд орох уу?

Орно.Гойд ашиг шимтэй малыг хулгайлсан бол хүндрүүлсэн зүйл ангиллаар яд ногдуулахаар хуульчилсан. Мал гэсэн ерөнхий нэртэй ч дотроо ашиг шимээрээ өөр өөр. Машин байлаа гэхэд экселийг жийптэй харьцуулж үнэлж болохгүй биз дээ. Үүнтэй адилхан.Өдөрт 20 литр гардаг саалийн үнээг гурван литр гардаг үнээтэй зүйрлэж болохгүй. Click To Tweet Хоёр килограмм ноолуур гардаг ямааг 300 грамм ноолуур гардаг ямаатай ашиг шимийн хувьд адилтгах нь учир дутагдалтай. Гойд ашиг шимтэй малд тусгай сертификат олгосон байдаг. Үүнтэй адилхан улс бүсийн наадамд түрүү булаалддаг морийг хонины морьтой адил хэмжээнд үнэлэхгүй. Энэ утгаар нь гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол гэж тусгайлан зааж өгсөн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ТЭР ХОЁР БОД, НАЙМАН БОГ ГЭЭД БАЙГАА ЧИНЬ Л МАЛЫН ХУЛГАЙГ ӨӨГШҮҮЛЖ, ДЭВРЭЭГЭЭД БАЙГАА Ш ДЭЭ. ЗААВАЛ ХЯЗГААР ТОО ТОГТООХ ХЭРЭГ БАЙГААМУУ. ЯМАР УЧИР ЖАНЦАНТАЙ ЮМ БЭ.  ТЭГЭЭД БАС ӨНЧИН ИШИГ Ч ХУЛГАЙЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ЯРИНА. АМ АЖИЛ ХОЁР ЧИНЬ ЗӨРӨӨД БАЙНА. ПОПУЛИСТ БОЛОРЧУЛУУН АА. ЭНЭ ТООНД ХҮРГЭЛГҮЙ МАЛ ХУЛГАЙЛДАГ ТЭГЭЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДГҮЙ БАЙДАЛ ЧИНЬ МАЛЧДЫГ ХОХИРООЖ БУХИМДУУЛААД БАЙНА. ХӨӨЕ УХААРААЧ !!!!!!

Холбоотой мэдээ