Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болов

Эртний их түүхт Грек улсын шинэ Ерөнхийлөгч тодорчээ. Грекийн Захиргааны дээд шүүхийн Ерөнхийлөгч Екатерина Сакелларопулу энэ сарын 22-нд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж Грекийн парламентын хэвлэлийн алба мэдээлэв.

Сакелларопулуг парламентын ээлжит бус чуулганаар санал хураахад 294 гишүүнээс 261 гишүүн дэмжсэн байна. 33 депутат түдгэлзэж, зургаа нь санал хураалтад оролцоогүй байна.

Сакелларопулу нь ийнхүү Грекийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ. Тэрээр 3-р сарын 13-нд тангараг өргөнө, Төрийн тэргүүн асан Прокопис Павлопулосын бүрэн эрх тэр өдөр дуусгавар болох юм.

Кэтрин Сакелларопулу 63 настай, тэр Салоники хотод төрсөн, Афины үндэсний болон Каподистри улсын их дээд сургуулиудад хуульч мэргэжлээр суралцаж, Парисын их сургуулийг олон нийтийн эрх зүйн чиглэлээр төгссөн.

Тэрбээр ерөнхийлөгч болохоосоо өмнө Грекийн Захиргааны дээд шүүх тэргүүнээр ажиллаж байсан анхны эмэгтэй болсон юм.

1-р сарын 15-нд түүнийг нэр дэвшүүлэхийг Ерөнхий сайд Кириакос Мицотакис санал болгожээ. Сакелларопулуг нэр дэвшүүлэхийг эрх баригч Шинэ Ардчилал нам ба сөрөг хүчний Радикал Зүүн эвсэл, Өөрчлөлт хөдөлгөөн зэрэг намын гишүүд дэмжжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ