Барилгын компаниас хоёр пентхаус, 30 ширхэг байр нэхсэн хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлжээ

2020-01-22

“Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр  Цагдаагийн ерөнхий газрын нэр бүхий хурандаа нар хахууль авсан, нэхсэн бармитыг дэлгэсэн. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн алба хаагч авлига авсан эсэхийг шалгаж, тогтоохоор ажлын хэсэг гарсан талаар тайлбар, мэдээлэв.

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хэлэхдээ “Цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр “Бавгар” компанитай гэрээ байгуулж, орон сууц бариулахаар болсон. Өнөөдрийн байдлаар нэг блок нь ашиглалтад орж, нэг блокийн суурийн ажил явж байна.

Хэвлэл мэдээллээр нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна” гэв.

“Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюуны өчигдөр хийсэн мэдээллийг эргэн сануулахад

“Өнгөрсөн 2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа. Түүнчлэн 2 пентхаус, 30 ширхэг байр нэхсэн. Үүнийгээ болиод 320 сая төгрөг бэлнээр нэхэж, дарамталсан. Би худлаа зүйл ярьсан бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээнэ” гэсэн юм.

Тэгвэл хахуул авсан, нэхсэн хэрэгт нэр холбогдоод байсан хурандаа Б.Цогтбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлсэн гэх мэдээллийг ЦЕГ-аас өглөө.

Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярын хувьд 2018 онд ажлын хэсгийн ахлагчаар томилогдож, цагдаагийн алба хаагч талаасаа орон сууцны гэрээнд оролцсон байна.

Түүнчлэн “Бавгар” компанийн зүгээс Авлигатай тэмцэх газарт мэдээлэл, баримт материалаа өгчээ. Хурандаа Ж.Болд “Энэ авлигын асуудалтай холбоотой өргөдөл, гомдол ЦЕГ-т өмнө нь ирүүлж байгаагүй гэж ойлгож байна. Хэвлэл мэдээллээр яригдсан, нэр дурдагдсан цагдаагийн хурандаа нарыг шалгаж, тогтооно. Цагдаагийн ерөнхий газраас шударга бус үйлдэл, сахилга, ёс зүйн зөрчилтэй эвлэрэхгүй. Цагдаагийн ерөнхий газраас ямар нэгэн байдлаар тус компанид шахалт дарамт үзүүлэх асуудал байхгүй” гэдгийг онцолсон.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ