• Э.Бат-Үүлийг хоёр сая төгрөгөөр торгох шийтгэлийг шүүхээс хэвээр үлдээлээ

    2020-01-21

    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Э.Бат-Үүлд ногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалт буюу “гүтгэх” зөрчлөөр хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээлээ.

    Э.Бат-Үүл нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Эрдэнийн Бат-Үүл нэртэй твиттер хуудсанд “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаам цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа? Хуцлаа л байна!” гэх сэтгэгдэл оруулж, З.Энхболдын нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан буюу Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүтгэх” зөрчилд холбогдсон.

    Уг мэдээлэлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гомдол гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд ногдуулсан хоёр сая төгрөгөөр торгох шийтгэлийг хэвээр үлдээсэн.
    Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж шийтгэврийг хэвээр үлдээжээ.

    Эх сурвалж: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ