
“Иргэдийн шударга шүүх” ТББ болон “БАВГАР” ХХК-иас цагдаагийн хурандаа нар авилга авсан,нэхсэн баримтыг дэлгэж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
ЦЕГ-аас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 блок 376 айлын орон сууц барих төслийг эхлүүлжээ.
Ингээд 2015 онд ЦЕГ “БАВГАР” ХХК-иар барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр болж талууд гэрээ байгуулсан аж. Нийтдээ дөрвөн блок баригдах уг хотхоны 64 айлын “А” блок өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Тэгвэл ЦЕГ-аас байгуулагдсан барилгын ажлын хэсгийн ахлагч, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нарын нэр бүхий хурандаа нар гүйцэтгэгч компаниас өнгөрсөн хугацаанд их хэмжээний авилга авсан, авилга нэхсэн, хийсэн ажлын санхүүжилтийг олгохгүй байсаар өнөөг хүрсэн зэрэг ноцтой баримтыг дэлгэв.
Гүйцэтгэгч “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюуны хэвлэлийн хурлын үеэр хэлсэн мэдээллийг тоймлон хүргэе.
- Би худлаа мэдээлэл өгч байгаа бол хариуцлагаа 100 хувь хүлээнэ.
- Миний ээж А.Хандмаа анх 2015 онд хууль сахиулагчдын хотхоныг барих ажлын гэрээг байгуулсан. Би 2018 оны нэгдүгээр сард компанийн захирлаар томилогдсон. Ээж маань 2015-2017 онд компанийн захирлаар ажиллаж байсан. 2017 оны арван хоёрдугаар сард авто ослын улмаас таалал төгссөн. Тухайн үед компани хүлээж авахад, миний мэдэхээр 2015-2017 онуудад ажлын хэсэг нэртэй хэсэг хурандаа нар 927 сая төгрөгийн авилга авсан байсан. Арматур буулгасан нэртэйгээр. Үүнийг нотлох санхүүгийн тайлан нь ч бий.
- Хамтран ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч компаниуд ч хүнд байдалд орж эхэлсэн. Ээжийнхээ хийж байсан ажлыг дуусгахын тулд 2018 оноос өндөр хүүтэй зээл авч ажлаа хийсэн. 2018 оны эхний гурван сард авилгын тухай янз бүрийн юм яригдаагүй. ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга Цогтбаяр гэдэг хүн алба хаагчдын мөнгийг шахаж өгүүлэх, хяналт тавих үүрэгтэйгээр хамтарч ажилласан боловч өөр юм ярьж эхэлсэн. Энэ төслийг ээжид чинь авч өгөхөд бидний дунд хийсэн яриа байгаа.
Өнөөдрийг хүртэл ашиглалтад орсон пентхаусаас хоёрыг зүгээр өг гэж шахаж шаардсан. Пентхауснууд нь 380 орчим м.квадрат, зэх зээлийн үнэлгээгээр тэрбум орчим төгрөг. Ашиглалтад ороогүй баригдаж байгаа В,Г блокоос 30 ширхэг байр үнэгүй өг гэж нэхэж эхэлсэн.
- Хэрэв өгөхгүй бол энэ ажлыг чинь зогсооно. Өөр компанид ажлыг чинь өгнө. Бидний үгээр байхгүй бол шоронд явна. Гэхчлэнгээр дарамталж эхэлсэн. Хэн дуртай нь мөрөөрөө байгаа хүнийг яллаад шоронд явуулчихдаг юм уу. Хуулиа хамгийн сайн мэддэг хүмүүс.Хурандаа нар яагаад зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг дарамтлаад мөнгө нэхээд байгаа юм бэ. Click To Tweet Хууль зүйн сайдаас би асуумаар байна.
- Барилга барихаар бүх шатны төрийн байгууллагатай харьцдаг. Мэргэжлийн хяналт татвар, нийгмийн даатгал, цагдаа, дулаан ус авахад хүртэл төрийн бүх байгууллагуудтай холбоотой ажилладаг.
Төрийн байгууллагуудаар гарын үсэг зуруулахад маш хэцүү. Дандаа мөнгө ярьдаг, хоолонд оруулна, архи уулгана, эсвэл хэн нэгэн даргаар яриулж түүнд нь мөнгө өгвөл ажил урагшаа явдаг.
Бодит үнэн ийм л байна ш дээ. Би ганцаараа биш маш олон компани мөнгө өгдөг юм байна лээ. Яагаад мөнгө өгөх ёстой юм бэ. Ажлаа шударга хиймээр байна.
- Хурандаа нар намайг өрөөндөө дууддаг. Хэрэгтэй юм ярих гэж байгаа юм байна гэж ойлгоод очихоор урдаас мөнгө нэхдэг. Би өгч чадахгүй гэх болгонд маргаан дэгддэг. Яагаад мөнгө өгөх ёстой юм бэ гэж асуухаар “бага залуу хүн юмны учир мэдэхгүй байна. Өгөхгүй бол чиний ажил явахгүй” гэдэг. Миний дүү амьдралаараа тоглуулна. Чи буруугүй ч гэсэн буруу болгоод яллаад явуулдаг гэж надад тав хоногийн өмнө хэлсэн.
- 2019 оны аравдугаар сарын 9-нд надад байраа больё, 320 сая төгрөг бэлнээр нь авъя гэсэн. Надад тийм их мөнгө байхгүй гэж хэлдгээ л хэлсэн. Шударга, хариуцлагатай байя. Биднийг хамгаалах ёстой хуулиар яагаад биднийг дарамтлаад байгаа юм. Тангараг өргөсөн цагдаа хүн ийм байж болох юм уу. Мөнгө өгөхгүй бол ажил хийлгэхгүй гэж айлгах ёстой юм уу.
- Нийгмийн эмзэг бүлгийн буюу төрийн албанд ажиллаад байргүй хүмүүст туслах зорилгоор квот олгосон байр. Гэтэл одоо маш олон мөнгөтэй хурандаа нар байр авсан. Би амь насаа алдсан цагдаагийн албан хаагчдын ар гэр, бүх насаараа цагдаагийн байгууллагад ажилласан ч орон гэргүй байгаа тэр зорилтот хүмүүст нь тусалмаар байна. Авах ёстой хүмүүс нь байраа аваасай гэж хүсэж байна. Түүнээс биш мөнгөтэй хурандаа нарын мөнгийг үржүүлж өгөх гэж би энэ ажлыг хийж байгаа юм биш.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй