Сошиалаар ялалтаа тунхаглах нэг хэрэг, сонгуулийн тойрогт өрсөлдөх өөр хэрэг

УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуультай холбоотой шуугианууд үргэлжилсээр л байна.

Ирэх сарын 1-нээс наана УИХ-ын сонгуулийн тойргууд хэдэн мандаттай байхыг шийднэ. Өнөө маргаашгүй хэлэлцэгдэх энэ асуудал дээр улстөржих хүмүүс цөөнгүй л байна.

Гэхдээ УИХ-ын ээлжит сонгууль бүрээр эрх барьж байгаа улстөрийн хүчин өөрт ашигтай гэж үзсэн сонгуулийн хууль, түүн дундаа тогтолцоо, тойрог мандатын хуваарилалтыг хийсээр ирсэн. Энэ удаа ч эрх барьж МАН томсгосон мажоритар тогтолцоо бүхий хуулийг баталсан бол одоо тойргоо таалалдаа нийцүүлэн хуваах гэж байна.

Хэдий өрсөлдөгч, сөрөг хүчнийхэн нийслэлийн 28 мандатын дөрвийг ганц мандаттай Булган, Сүхбаатар, Дундговь, Говь-Алтайд нэг нэгээр нь нэмж тус бүр 2 мандаттай болгож байгааг шүүмжилж байгаа ч өмнөх эрх баригч АН-ыг бодвол харин ч шударга хуваарилалт болж байгаа гэж үзэж болно.

Мөн үүн дээр газар нутаг, хүн амын тоо зэрэг шалгууруудыг авч үзээд өмнөх зарим аймгийн мандатын тоог бууруулж, заримынх нь мандатын тоог нэмэх нь зүйд нийцэх мэт.

Жишээ нь Хэнтий аймаг байна. Дорнод аймаг /2 мандат/-аас хүн ам цөөн ч мандат нь гурав. Үүнийг өмнөх 2016 оны сонгуулийн өмнө АН-ынхан хийсэн. Ингэхдээ Чингис хааны төрсөн аймаг бусдаас илүү байх ёстой ч билүү нэг тийм алиа тайлбар хийж байж билээ. Уг нь бол АН-ынхныг хуйгаар нь сонгочихно гэж найдаад л ийм олон мандат хуваарилсан байдаг юм. Гэвч МАН уг гурван тойрогт босоо байж чадсан юмдаг.

Гэхдээ Хэнтий урд өмнө ч гурван тойрог буюу гурван мандаттай явж ирсэн. Үүнийг Б.Баабар “Хэнтийн гурван тэнэг” хэмээн томьёолж байсан удаатай. Энэ удаа уг нь хүн амын тоо, газар нутгийн хэмжээг баримтлаад Дорнодод гурав, Хэнтийд хоёр мандат олгомоор санагдана.

Гэхдээ л хэн эрх барьж олонхи байна, түүний зурсан зургаар улстөрийн тоглоом өрнөдөг болохоор дээрх дөрвөн мандатыг нийслэлээс хассан л өөрчлөлт хийгдэх болов уу.

УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл төдийгүй хувь нэр дэвшигчид ч ялна гэсэн итгэлтэйгээр л сонгуульд оролцдог нь жам. Тиймээс ч эрх баригч МАН, сөрөг хүчин АН, гуравдагч болохоор тэмүүлэгч бусад улстөрийн намууд, тэдгээрээс нэр дэвшихийг хүсэгчид, тэр байтугай бие даан нэр дэвшихээр шулуудагсад олонд харагдчих, танигдчих гээд л телевизийн эфирээр гарах шиг болж байна.

Ямар мэргэн түргэн нь МАХН ялна, бие даагч хуульч залуучууд ялна, “монгол ялна” үргэлжлүүлэн ялна, бие даагчид ялна гээд хэлчихсэн юм, нэг л их ялалт ярьсан нөхдүүд сошиалд чихэлдэх шиг болж байна.

Гэхдээ сошиалаар өөрийгөө “од”, тод гээд бодчихсон нөхдүүд наад “хайрцаган” дундаасаа гарч илүү олон нийт, хар массынхаа дунд орж сэтгэ ээ Click To Tweet. Түүнээс сошиал дахь хэдэн хүн, ганц нэг аймгийн групп та бүхнийг дэмжиж байгаа нь том тойрогт очиход чинь дэмжээд уухайлаад сонгочихно гэсэн үг бишийг мэдэж авах хэрэгтэй.

Үүнийг Чингис хааны хэлсэн гэдэг билүү “Морин дээрээс дэлхийг эзлэхэд амархан Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэдэг үгээр тайлбарлавал ойлгомжтой Click To Tweetсанагдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ