З.Энхболд:Социализмын үед хайгуул хийгээд илрүүлсэн бүх орд бол улсын өмч,хэн ч маргахгүй

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын допингийн асуудлыг яагаад шийдэхгүй удаад байна вэ?

-Өмнө нь цол хураасан улсууд шүүхээр явж байгаад Ерөнхийлөгчийн цол хүчингүй болгосон зарлигийг буцааж хүчингүй болгодог асуудал гараад байсан учраас хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээзнэсэн байдалтай байна. Допинг хэрэглэсэн эсэхийг Ерөнхийлөгчийн тамгын газар тогтоохгүй. Хуулийн байгууллагаас хэрэглэсэн нь тогтоогдсон гэсэн эцсийн хариу ирвэл зарлиг гаргана. Түүнээс наана гоомой юм хийхгүй  гэж байгаа.

-Э.Оюунболд аварга цагаан сараар барилдана гээд байгаа. Барилдах юм уу?

-Түүнийг Үндэсний бөхийн холбоо л мэднэ. Ерөнхийлөгч Э.Оюунболдыг барилдуулах эсэхийг мэдэхгүй.

-Гишүүд Австралид казино тоглосон асуудал яригдаж байна. Та ямар байр суурьтай байна?

-Хэдэн сарын өмнө Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулаад казино тоглосон бол халдаг болсон. Тэр хуулиар хэдэн албан хаагч халагдсан. Тэр жишгийнхээ дагуу арга хэмжээ авах байлгүй дээ. УИХ-ын гишүүн ч  гэсэн төрийн албан хаагч юм чинь. Ялгаагүй л төрийн албан хаагч юм чинь халах байлгүй дээ. МАН тэр хуулиа хэрэгжүүлэх нь үү гэдгийг харъя. Манай намын Д.Эрдэнэбатын зураг мөн байна гэж та нар хэлээд байна. Би бол арай биш юм уу гэж харсан.

-Хариуцлагыг аль түвшинд ярих ёстой вэ?

-Төрийн албан хаагчийн ёс зүй яригдаж байгаа учраас УИХ-ын Ёс зүйн дэд хороо ажиллах ёстой. Засгийн газрын хамаарал бүхий хүн байсан бол хариуцлагыг Засгийн газар ярих ёстой. Энэ тохиолдолд УИХ-ын Ёс зүйн хороонд ярина.

-Зарим шүүгчдийн бүрэн эрхийг яагаад сэргээв?

-АТГ-аас ШЕЗ рүү бичиг явуулаад 17 шүүгчээс зургаа билүү долоон шүүгчийн  хэрэг нь нотлогдохгүй байгаа учраас түдгэлзүүлэхээ болино уу гэсэн. Тухайн үедээ АТГ-ын дарга Дашдаваа түдгэлзүүлэх үндэслэлтэй гээд баахан видео бичлэг үзүүлээд байсан шүү дээ. Одоо болохоор үгүй л гэж байна билээ. Бид дотоод ажилд нь оролцох биш. Түүнээс биш Ерөнхийлөгчийн үзэмжээр энэ шүүгч авлига авсан байж таараа гээд халдаг хууль байхгүй.

-Хайгуулын лицензүүдийг, тэр дундаа Цагаан суваргын тодорхой хувийг төр авна гэж мэдээлж байсан. Юу болсон бэ?

-Зөвхөн цагаан суварга биш улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улс авах ёстой. Энэ бол зарчим. Түүнийг МАН, Засгийн газар хийхгүй гурван жил болж байна. Тэр хувийн компани өөрөө эрсдэл хийж тэр орлогыг олоогүй учраас. Рио тинто шиг өөрийн хөрөнгөөр эрсдэл хийгээд, өрөмдөөд олчихсон бол Ашигт малтмалын хуулийнхаа дагуу л явна. Социализмын үед хайгуул хийгээд илрүүлсэн бүх орд бол улсын өмч. Түүнтэй хэн ч маргахгүй.

-Та УИХ-д нэр дэвших үү?
-Дэвшиж л таарна шүү дээ.

-Тэгээд яагаад ажлаа өгөхгүй байгаа юм бэ?

-Сайдтай адил зиндааны албан тушаал эрхэлдэг болохоор ажлаа хийнгээ сонгуульд нэр дэвшиж болдог улс төрийн албан тушаал.

-Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын хороо хуралдах байсан ч ирц хүрээгүй гэж хуралдахгүйгээр хуулийн хугацаа 48 цаг өнгөрсөн. Үүнийгээ хууль зөрчихөөс өөр аргагүй байдал байлаа гэж Ц.Нямдорж сайд мэдээлэл хийсэн. Энэ зөв юм уу?

-Шинэ юм биш. Байнга л хууль зөрчиж байгаа шүү дээ. Зөрчөөд л явж байхаас. Ч.Улаан сайд нь алга болчихоор  хуулиа зөрчөөд болж байна. Бодоход заавал ирц бүрэн байж хуралдана гэсэн зүйл байхгүй байлгүй дээ. Ч.Улаан сайдыг байхгүй байна гэдгээр шалтаглаж л байгаа байлгүй дээ бодоход.

-Та Өвөрхангай аймгаас нэр дэвших үү?

-Хаанаас ч нэр дэвшиж болно.

-Тэтгэврийн зээл тэглэх асуудал юу болж байгаа бол?

-Тэтгэврийн зээл тэглэх ҮАБЗ-ийн шийдвэр 12-р сарын 18-нд гарсан. УИХ, Засгийн газар үүнийг хэрэгжүүлсэн. Бодвол түргэн шуурхай хэрэгжүүлэх байлгүй дээ.

-Хууль тогтоох байгууллага хууль зөрчөөд байгааг хэн хянах ёстой юм бэ?

-Сонгогчид л хянах ёстой. Ерөнхийлөгч энэ УИХ туйлын бүтэлгүй байна гэж гурван удаа мэдэгдсэн ч тарахгүй л байна.

-Та намын сонгуулийн штабыг удирдах уу?

-Одоогоор шийдэгдээгүй л байна. Юм жаахан тодорхой болог.

-Та сонгуульд АН-аас өрсөлдөнө. 100 саяын дэнчинг нь төлөх үү?

-АН нэр дэвших бодолтой хүмүүсийг Улс төрийн намын тухай хуулийн дагуу иргэн хүнээс нэг сая, байгууллагаас 10 сая төгрөг хүртэл хандив цугуулж өгөхийг хүсч байгаа. Энэ мөнгө бол АН-ын хувьд хандив. Тэр мөнгийг би хандивлахгүй. Намайг гишүүн болгоё гэж бодож байгаа хувь хүн, албан байгууллагууд хуулиараа зөвшөөрөгдсөн хэмжээнд өгөх мөнгө. Ер нь хандивгүйгээр дэлхийн аль ч улсад сонгууль явдаггүй. Хамгийн их хуульд нийцсэн дэлхий нийтийн жишгээр явж байгаа. Түүнээс биш хувиасаа мөнгө төлөөд сонгуульд ордог тийм тэнэг хүн дэлхийд байхгүй. МАН, Ерөнхий сайдын хэлснээр ямар ч хандив авахгүйгээр сонгууль хийнэ гэдгийг харин хуулийн байгууллагууд шалгах хэрэгтэй. Зардалгүйгээр сонгууль хийнэ гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр ямар зардлаар сонгууль хийж байгаагаа а,б-гүй тайлбарлах ёстой.

-100 саяын дэнчин өгөөд сонгуульд ялагдсан ч гэсэн нам улс төрийн бодлогоор дэмжинэ гэсэн тайлбарыг С.Эрдэнэ дарга хийсэн?

-Тэр бол АН-д ямар ч нөхцөл болзолгүй өгч байгаа хандив. Тэр мөнгөөр АН сонгуулиа хийнэ. АН ялна уу, ялахгүй байна уу, түүнээс үл хамаарсан хандив. Улс төрийн намын тухай хуулийн хандив гэсэн хэсгийг олоод уншвал бүх зүйл ойлгомжтой болно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ