Д.Тогтохсүрэн:Хууль хэлэлцэхэд ойлголттой болох гэж казинод орсон

УИХ-ын таван гишүүн УИХ-ын даргын хамт Австрали улсын Канберра хотод болсон Ази,Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд зургаан хоногийн хугацаатайгаар оролцоод ирсэн. Тэр үеэрээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали улс дахь Элчин сайд Б.Чулуунхүү нар казино тоглосон эсэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “13-16-ны өдрүүдэд хуралд оролцсон. Тэр үеэрээ бас их олон хүмүүстэй уулзалт хийсэн. 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах нэг өдрийн аяллын хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд худалдааны төв, гудамжууд гээд олон газраар явж танилцсаны хүрээндээ казиногийн худалдаа, бизнесийн хамгийн том төв болох Деста-Сидней бизнес төвтэй бид нар Элчин сайдын хамт танилцсан. Энэ төв нь дэлгүүртэй, ресторантай, соёл урлагийн тоглолт, өөр бас бус арга хэмжээ зөндөө болдог төв юм байна лээ. Энэ төвийн нэг хэсэг нь тэр казино байсан. Тэр казиногийн үйл ажиллагааг орж сонирхож үзье гэдэг байдлаар гурван гишүүн Элчин сайдтай орсон. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австралид улсад суугаа элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв үйл ажиллагаатай нь танилцья гээд орсон. Ороод үйл ажиллагаатай нь танилцсан. Том танхимтай, олон хүн бужигнасан газар байна лээ. Ороод гарах явцад бид нарын зургийг авсан байна гэж бодож байгаа. Бид нар тэнд бол удаагүй, гол нь үзэж сонирхьё гэж л орсон” хэмээлээ.

Мөн “УИХ дээр Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Казиногийн тухай хуулийг боловсруулах, санал дүгнэлтийг боловсруулах бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ их хурал амжвал казиногийн хуулиа ярьчихмаар байна гэж бас яригдаж байгаа. Энийг ч бодсон гэсэн, Д.Эрдэнэбат гишүүн бид нар ч хоорондоо ярьж байсан, хэдүүлээ нэг сонирхож үзэе, ямар газар байдаг юм байна,хууль хэлэлцэхэд ойлголттой болвол яасан юм бэ гээд бид дөрөв орсон, үзсэн сонирхсон” гэж ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ