
Монгол Улсын Шилдэг 30 багшийн нэг, АБТА, Монгол Улсын Зөвлөх багш “Би багш” нэвтрүүлгийн оролцогч нэг 24 дүгээр сургуулийн бага ангийн багш Ж.Буянхишигтэй ярилцлаа. Тэрээр 2019 оны Бага ангийн онцлох багш хийгээд Чингэлтэй дүүрэгтээ бага ангийн багш нарын ажлын индексийн үзүүлэлтээр тэргүүлжээ. Бага байхдаа жүжигчин болохыг хэсэгтээ мөрөөдсөн ч эцэст нь азаар багшийн сургуульд орж, мэргэжилдээ улам дурлаж, хамаг сэтгэл зүрхээ багшийн ажилд зориулдаг болсон хэмээн ярилаа.
-Шилдэг багшаар шалгарсанд баяр хүргэе. Хэр хугацаанд, ямар болзол, журмын дагуу шалгаруулалт явагдсан бэ?
-Өнгөрсөн оны гуравдугаар сард Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бага ангийн багш нарын ажил хөдөлмөрийн онцлогийг олон нийтэд ойлгуулж таниулах зорилгоор “Би багш” төслийг санаачилсан. “Би багш” нэвтрүүлэгт оролцохын тулд эхлээд сургуулиасаа, дараа нь аймаг, дүүргийнхээ шилдэг багшаар шалгарсан. Монгол улсын есөн дүүрэг, 21 аймгийн шилдэг 30 багш маань есдүгээр сарын 24-нөөс эхэлсэн “Би багш” төслийн гуравдугаар шат буюу телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсон. Миний хувьд гуравдугаар даалгаврыг дуустал явсан.
-Шилдэг багшийн шалгаруулалтын явцад бусад багш нартай уралдсан нь жирийн үед хүүхдүүддээ хичээл заахаас ямар ялгаатай байв?
– Эхний даалгавруудын хувьд хүүхдүүдтэй тулж харьцаагүй боловч өгөгдсөн асуудлын хүрээнд өөрсдийн туршлагад үндэслэж, аль болох тэр асуудлын гарц болох шинэ арга зүйг гаргаж ирснээрээ онцлогтой.
Нэгдүгээр даалгавар болох багш, эцэг эхийн үл ойлголцол юунаас болж үүсдэг вэ гэсэн асуудлыг хөндсөн даалгаварт багаараа хоорондоо ярилцаад, нэгдүгээр ангид авианы дуудлагыг буруу хэлдгээс болж хүүхдүүдэд уншиж сурахад бэрхшээлтэй байдаг асуудлыг шийдэх гарцыг олохыг зорьсон. Миний хувьд “Марчаахай” сургалт, танин мэдэхүйн контент үйлдвэрлэдэг компанитай хамтарч Цагаан толгойн үсгийн зөвлөх багшаар ажиллаж байхдаа авианы дуудлагыг оруулахаар тухайн үедээ санаачилж байсан. Авианы дуудлага нь эгшиг үсэг дээр маш тод гардаг хирнээ гийгүүлэгч авиаг дуудахад бэрхшээлтэй байдаг.
Эцэг, эхчүүдийн хувьд бид нарын сурч байсан үеэс авиа нь одоо өөр болчихож гэсэн зөрүү ойлголттой байдаг. Уг нь бол өөр болсон юм байхгүй.
Тухайн үедээ багш Цагаан толгойн үсгийг зааж байхдаа авиагаа зөв дуудуулж байсан боловч нээх удаан хэрэглэдэггүй учраас эцэг, эхчүүд мартчихаад гайхаад байдаг. Үүнийг шийдэх гарцыг бид нарын хувьд авианы дуудлагатай видео хичээлийг гаргаж эцэг эхчүүдэд хүргэх гэж олж харсан. Тэр үед багшийн хоолой шохойноос болоод сөөнгө болчихсон байдаг учраас би өөрөө дуу оруулахад зохимжгүй байгаад байсан. Тэгээд мэргэжлийн киноны дуу оруулдаг жүжигчнээр дуу оруулахад тэр хүн хүртэл “ямар хэцүү юм бэ, ингэж дууддаг юм уу” гэж байсан. Жишээлбэл, Д үсгийн дуудлага гэхэд “д”, м үсгийг өмнөө хойноо ямар ч эгшиггүй цэвэрхэн авиагаар дуудах ёстой. “Мээ” гэдэг үгийг уншихад хүүхэд эмээ гэдэг үгээр уншаад алдаа гараад уншиж сурахад бэрхшээл тулгадаг. Үүнээс болоод би бүгдийг сурна, мэднэ, чадна гээд өндөр эрмэлзэлтэй ороод ирсэн хүүхэд холбож унших чадвараа удаан эзэмшсэнээс болоод сэтгэлээр унах, өөртөө үл итгэх байдал үүсдэг. Богино хугацаанд уншиж сурах чадвар олгоход энэ маань маш чухал нөлөөтэй.
Хоёр дахь даалгавар нь цахим орчны зөв зохистой хэрэглээ байсан. Одоогийн хүүхдүүд маань цахим ертөнцийн уугуул иргэд бол бид нарын хувьд суугуул иргэд. Яагаад гэвэл бид багаасаа цахим орчинтой ойр өсөөгүй, бараг 18 нас хүрээд л гар утастай танилцсан. Одоо шинээр төрж байгаа хүүхдүүдийн хувьд гэдсэнд бүрэлдэж эхэлснээс нь хойш л ээж нь гар утастай харьцаж байгаа.Жирэмсэн эхчүүд гар утасны хэрэглээ өндөр байвал төрсөн хүүхэд нь анхаарал дутмагшлын эмгэгтэй төрөх магадлал 50 хувь байдаг Click To Tweet.Тэр хүүхэд маань долоон нас хүртлээ гар утастай нөхөрлөөд байх юм бол энэ эмгэг 80 хувь хүртэл өснө гэсэн судалгаа гарсан байдаг. Click To Tweet Хүүхдүүдээс судалгаа авахад эцэг, эхчүүдийн гар утасны хэрэглээ маш өндөр, хүүхэддээ хандуулах цагаа утсаа бариад л суучихдаг гэсэн үр дүн гарсан. Энэнээс болоод эцэг, эхийн анхаарал сулрана, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болж, хүүхэд ганцаардаж эхэлдэг. Ганцаардсан хүүхэд яадаг вэ гэвэл том хүмүүсийг дуурайгаад гар утас эсвэл компьютер тоглодог.
Гурав дахь даалгавар нь гэр бүлийн зургаар хүүхдийг шинжих байсан.
Ангидаа ирээд хэрэгжүүлэхэд гар утасны хэрэглээ өндөртэй гэр бүлийн хүүхэд өөрөө гар утас барьчихсан, аав,ээж хоёр нь бас буйдан дээрээ гар утас барьчихсан зурсан.
Тийм хүүхдүүдийнхээ эцэг, эхтэй нь тусгайлан уулзаж, зөвлөгөө өгөх шаардлага юм байна гэж харсан. Гэр бүлийн зургаас тухайн гэр бүлийн харилцаа ямар байна гэдгийг харах боломжтой.
-Таны хүүхдүүддээ хичээл заах өөрийн гэсэн арга барил юу вэ? Анх багшилж эхэлсэн үе, одооны заах арга барилд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Бид нарыг төгсөөд, багш болж байх үед хүүхдэд мэдлэгийг шууд хүргэдэг академик боловсролын үе байсан. Монгол хэл, Математик хоёрыг голлоод, бусад хичээлийг туслах хичээл гэсэн маягтай орхигдуулах тал байсан. Одоо ч гэсэн зарим залуу багш нарыг хараад байхад багадаа ямар багшаар хичээл заалгаж байсан, бага ангийнхаа багшийн арга барилыг дуурайгаад бас л зөвхөн мэдлэг олгох гэсэн тал ажиглагддаг.
Одоо бол маш өөр,хүүхдээр өөрөөр нь юмыг хийлгэж, сонирхлыг нь татаж, шинжлэх ухааны мэдлэгийг хамгийн энгийнээр ойлгуулдаг болсон үе. Миний хувьд ч гэсэн адил, багшаар ажилласан 31 жилийн хугацаанд цаг үеэ дагаад байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэхийг хичээж ирсэн.Сүүлийн үеийн боловсролын гол зорилго бол зөв хүн болгох гэдэг рүүгээ илүү чиглэдэг болсон. Click To TweetБид нар ч гэсэн энэ чиг хандлагатай нийцэж, хөгжих ёстой. Дэлхийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-наас хэрэгжүүлдэг Боловсролын чанарын шинэчлэл төсөл хөтөлбөрт гурван багштайгаа нийлж бичсэн “Сурагчдын ялгаатай байдлыг илрүүлэн оношилж, хөгжүүлэх” аргазүйн аргачлал төсөл маань амжилттай шалгарсан. Сурагчдын ялгаатай байдлыг өмнө нь манай багш нар сурлагын хоцрогдол, мэдлэгийн төвшнөөр нь, оюун ухаан талаас нь хардаг байсан бол бид нарын хувьд орчин үеийн чиг хандлага өөр болсон учраас арай өөр талаас нь харж аргазүйн боловсруулах хэрэгтэй гэж бодсон. Хүүхдийн хөгжлийн үндсэн гурван тулгын чулууг оюун ухаан, бие бялдар, нийгэмшил гэсэн 3I стандартаар тодорхойлсон Click To Tweet. Бид нар өмнө нь оюун ухаан тал руу нь илүү их, харин нийгэмшил тал руу нь маш бага хардаг байсан байна.
Гэтэл хүний оюуны хөгжлийн 10Q-ний ихэнхи нь нийгэмшлийн чадвартай холбоотой байдаг учраас хүүхдийн зөвхөн IQ-г нь биш бусад Q-нүүдийг нь хөгжүүлэх шаардлагатай.
“Сурагчдын ялгаатай байдлыг илрүүлэн оношилж, хөгжүүлэх” төслийн хүрээнд манай сургууль өөрийн гэсэн сэтгэл зүйн өрөөтэй болох үндэс тавигдана. Цаашид сургууль маань мэргэжлийн сэтгэл зүйчтэй болно.
-Өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн хүүхдэд А үсэг зааж, хэдэн хүүхдийн бага ангийн багш гэсэн эрхэм алдрын эзэн болсон бэ?
-400 гаруй хүүхдийн анхны А үсгийг заасан байна. Анх нэгдүгээр ангиас нь аваад гуравдугаар анги төгсгөдөг байсан бол дараа нь дөрөв, тэгээд сүүлдээ тавдугаар анги төгсгөдөг болсон.
-Эрдэм ном огт сурахгүй хүүхэд гэж ер байдаг уу? Амьдрал дээр тийм хүүхдүүд байдаг.Тэдний онцлогт манай ЕБС-ын хэт академик боловсрол тохирдоггүй гэж та бодож байсан уу?
-Миний хувьд ч гэсэн багшийн энэ үедээ энэ хүүхэд яагаад ч сурахгүй юм байна гэж бодогддог байсан үе байсан. Одоо бол хүүхэдтэй зөв харилцсан үед ямар ч хүүхэд сурах юм байна гэж боддог. Тэр хүүхдийн оронд өөрийгөө тавьж, сурахад яг юу нь болохгүй байгаа бэрхшээлийг нь таних хэрэгтэй. Сурахгүй байгаа хүүхэдтэй хамгийн гол нь маш илэн далангуй харилцах хэрэгтэй. Тэгэхдээ зөвхөн энийг бод, сур гээд байхгүй, яриагаа өөрийнх нь сонирхдог зүйл рүү хандуулбал хүүхдийн нүд нь сэргээд, дуу нь чангараад ирдэг. Сэтгэл зүйн төвшинг нь өндөр цэгт аваачин, өөдрөг сэргэлэн болоод ирэнгүүт нь эргүүлээд хичээлийг нь энгийнээр тайлбарлаад өгөхөд хүүхэд ойлгож авдаг. Хичээлдээ тааруу байсан хүүхдүүд амьдрал дээр гарахаар сайхан амьдраад байдаг. Гэтэл байнга онц сурдаг байсан хүүхдүүд нь тийм ч хангалуун биш амьдрах жишээ зөндөө л байдаг.
Тухайн хүүхдийн чадварыг багш тэр үед илрүүлж чадаагүй, харин тэр хүүхэд маань өөрөө амьдралын явцад өөрийгөө таньж мэдэж, давуу талаараа амьдрал, ажлаа үргэлжлүүлсэн учраас амжилтанд хүрсэн байх гэж хувьдаа боддог.
Хүүхэд сурахгүй байхын зовлонг өөрөө сургалтанд суугаад, шинэ юм сонсоод ойлгохгүй удах үед л хамгийн их ойлгодог шүү.
-Яагаад ер нь бага ангийн багш болсон юм бэ? Таны үед олон хүүхэд багадаа багш болно гэж мөрөөддөг байсан. Тийм мөрөөдөл байсан уу?
-Долдугаар ангиасаа эхлээд л жүжигчин болох мөрөөдөл их хүчтэй байсан юм шиг байгаа юм. Хөдөө сумын хүүхэд байсан болоод ч тэр үү авъяасаа нээж, хөгжүүлэх боломж олдоогүй байх. Тэр үед сурлага сайтай хүүхэд ер нь аравдугаар ангид ордог байсан. Би ч гэсэн аравдугаар ангид орно гэсэн, аав маань намайг наймаа төгсөөд эртхэн ажил мэргэжилтэйгээ залгаж аваа гээд. Уг нь би аравдугаар ангиа төгсвөл нэг бол Монгол хэл, уран зохиолын багш эсвэл жүжигчин гэсэн хоёр мэргэжлийн нэгийг л сонгоно гээд бодчихсон байсан. Тэгэхэд би аавдаа “Улаанбаатарын багшийн сургуулийн хуваарь ирвэл наймдугаар ангиа төгсөөд багшийн сургуульд ороё, Архангайнх ирвэл би есдөө орно шүү” гэсэн ганцхан болзол тавьж байсан. Манай суманд тэгэхэд уг нь эрэгтэй хүүхдийн хуваарь ирсэн байсан боловч азаар арын хаалгаар эмэгтэй хүүхэд гээд сольчихсон байсан гэсэн. Тэрийг нь манай аав сонсоод “Манай хүүхэд сурлагаараа танай хүүхдийн өмнө, хоёрдугаарт жагсаж байгаа, манайх авна” гээд ном журмаараа багшийн сургуульд орж байлаа. Хэрвээ тэр хүн таарч, эрэгтэй хуваарийг солиогүй байсан бол өдийд Монгол хэл, уран зохиолын багш байх байсан байх. Жүжигчин болж арай чадахгүй байсан байх/инээв/. Харин багш болсны дараа мэргэжилдээ улам дурлаад, хамаг сэтгэл зүрхээ багшийн ажилдаа л зориулдаг болсон.
-Залуу багш нарын хувьд багшийн эхний хэдэн жил өөрийн гэсэн арга барилаа олох, хүүхдүүдтэй харилцаж сурах гээд их л амаргүй байдаг болов уу?
-Анх төгсөөд багш болж байхад заах арга зүйн хувьд болоод байсан юм шиг боловч манай хүүхдүүдийн унших арга барил хугацаандаа сууж өгдөггүй байсан.Халамжлан хүмүүлэгч маань хичээл ирээд суухдаа зааж байгаа арга барил чинь уг нь болоод байна гээд байдаг, гэтэл би өөрөө яг юунаас болоод байгааг би мэдэхгүй байсан. Миний алдаа юу байсан бэ гэхээр, хүүхэд бүртээ хүрч чадахгүй байсан. Энэ хүүхэд миний зааж байгааг ойлгож байна уу, хэн нь сураад, хэн нь хоцроод байна гэдгийг бүрэн ажиглаж чадахгүй байсан. Хэдэн жил ажиллаад туршлагатай болоод ирэнгүүт, хүүхдийнхээ нүдийг хараад л зааж байгаа хичээлийг хэн нь ойлгож байна, хэн нь ойлгохгүй байна гэдгийг нь мэдэрдэг болчихдог юм байна лээ.
-Багшийн ажил бол таны амьдралын нэг хэсэг болсон нь ойлгомжтой. Гэхдээ цалин харьцангуй бага.Багшийн цалинг нэмээсэй гэж эцэг,эхчүүд ч хүсдэг.Таны бодол?
-Тийм шүү, хүмүүс багшийн ажлыг их амархан гэж боддог. Манай нэг хамаатан хүүхэддээ “Сургууль авч чадахгүй бол бага ангийн багш болчих, дөрвөн аргын тоо заачихаж чадалгүй яадаг юм” гэж байсан юм. Тэр хүнд би дургүйцлээ илэрхийлж байсан. Бага ангийн багш гэдэг чинь дөрвөн аргын тоо заахдаа биш, зөндөө их ажил байдаг гээд..Бага ангийн багш зөвхөн хичээлээс гадна төлөвшил, хүмүүжил гээд бүх л зүйлд нь анхаарч ажиллах ёстой. Энэ утгаараа нэг хүний төлөө биш олон хүний төлөө учраас байнгын л эрэл хайгуултай байдаг учраас ачаалал их ч цалин бага, тэтгэвэрт бага тогтоогддог.
Цалин бага байгаа нь багшлах боловсон хүчний чанарт эн түрүүнд нөлөөлж байна. Click To TweetЦалин нэмэхийн зэрэгцээ хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгоход онцгой анхаармаар санагддаг.
-Ер нь боловсролын,тэр дундаа таны ажилладаг бага боловсролын тогтолцооны талаар юу хэлмээр байна. Болж байна гэж үздэг үү?
-Манай боловсролын хөгжил, зорилго нь их ойрхон өөрчлөгддөг.Ялангуяа хөтөлбөр ойрхон өөрчлөгдөхөөр багш нарын ачаалал бүр ихэсч, хүүхдийн сурах явцад ч хүчтэй нөлөөлдөг. Click To Tweet Өмнөх хөтөлбөрөө солихгүйгээр, сайжруулаад явбал хүүхдүүдийн сурахад ч их дөхөмтэй байна. Сүүлийн үед арай харин арай зөв зам руугаа орж байгаа юм шиг санагдаж байгаа. “Бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөр”-ийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оноос эхлээд тэр хөтөлбөрөө огт солиогүй, харин сайжруулаад хэрэглээд явж байгаа нь маш том давуу талтай.
-Усчны морь усгүй гэдэг. Та өөрийнхөө хүүхдүүдийн хичээл сурлагад хэр их цаг зарцуулж чаддаг вэ?
-Хүүхдүүдээ үсэг үзэж байх үед нь их тусладаг байсан. Багш нар нь сайн байсан учраас хүүхдүүд маань азаар хоцрогдолд ороогүй. Хоёр, гуравдугаар ангиас нь эхлээд биеийг нь даалгаад зөнд нь орхичихдог. Үнэхээр мэдэхгүй, чадахгүй юмаа бол надаас асуудаг. Хүүхэддээ цаг гаргах гэхээр тийм цаг маш бага байдаг.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Мэддэг чаддаг бүхнээ хамт ажилладаг, ялангуяа залуу багш нартайгаа хуваалцдаг. Хэл соёлд сургах, зөвлөх, илтгэл, төсөл бичих, ур чадварын уралдаанд ороход нь зөвлөж байгаа маань их дүнгөө өгч байгаад баяртай байна. Залуучууд маань юм сурахын төлөө нэрэлхэхгүйгээр ахмадаасаа, хамт ажиллаж байгаа багш нараасаа их юм асууж байгаасай гэж боддог.
Хүүхэд болгоны сонирхол, оюуны чадвар өөр учраас хүүхэд болгоныг онц сайн сурдаг болгоно гэх биш хүн болгох тал руу нь л туслаж, чиглүүлэх нь их зөв юм.
Шавь үгүй бол ямар багш байх билээ. Шавь нараа сайн сургахын тулд их эрэл хайгуул хийж, багш өөрөө хөгждөг. Тиймээс багшлах арга ухаанд сургасан бүх шавь нартаа баярлаж явдаг аа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 cэтгэгдэлтэй
unshaad uneheer setgel zurkhneesee ajilladag bagsh bn . bayar hurgiie. Harin turulkh helniihee avia buriig yalanguya egshig avia buriig ch tod duudah n unshij bichij surahad asar ih chuhal. Giiguulegch avian duudlaga n helegdeh ued amnii hundiid saad tulgardagtai holbootoi yum. Baga angiin bagsh, SUB iin bagsh ta buhen avia buree uursduu zuv ezemshij surah shaardalagatai. Hel zasalch zuvluh bagsh
Ёстой сайн багш, хүүгийнхээ өмнөөс дандаа баярлаж явдаг даа, танд амжилт хүсье, эрүүл энхийг ерөөе
Хүн юу таринаТүүнийгээ хураана./Танд баярлалаа/.Таны ажилд амжилт хүсье.
Uneheer baharhaj bnaa. Ajlin ulam ih amjilt husie.