Ц.Нямдорж:Нууцын зэрэглэлтэй асуудлаар нээлттэй хуралдах боломжгүй ч Н.Номтойбаярыг хуралд ирүүлнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д тавьсны дагуу өнөөдөр  Халдашгүй байдлын дэд хорооын хурлаар хэлэлцсэн. Гэвч, тус дэд хорооны таван гишүүнээс хоёр нь гадаадад томилолттой яваа тул Ц.Нямдорж “Халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрдээгүй учраас хойшлууллаа. Хоёр гишүүн байхгүй байхад асуудлыг оруулж ирлээ” гэлээ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар хэлэхдээ “Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн. Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр гурван гишүүнтэй дэд хороо хуралдлаа. Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө гадаад явсан. Ч.Улаан гишүүн санал ирсний дараагаар гадаад явсан учраас Д.Лүндээжанцан, Ч.Улаан хоёр хуралд байлцаагүй. Дэд хорооны гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргая гэж үзсэн. Д.Лүндээжанцан 19-нд ирнэ, Ч.Улааныг дуудуулна. Тиймээс хоёр гишүүнийг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх 7 хоногт асуудлыг шийдвэрлэнэ” гэж мэдэгдлээ.

УЕП-оос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай. Тиймээс хууль зөрчигдөнө гэж ойлгож болох уу?

-Дээрх хэлсэнчлэн тодорхой шалтгааны улмаас энэ асуудалд яалт ч үгүй хууль зөрчигдөх нь.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ямар үндэслэлээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-ын газраас оруулж ирсэн юм бэ?

-Хэрэг шалгаж дуусаагүй байна гэсэн. Прокуророос нууцын зэрэгтэй ирсэн. Нууцтай холбоотой асуудал. Мөрдөгдөж байгаа хэргийн мэдээллийг прокурорын зөвшөөрлийн хэмжээнд гаргадаг.

-Халдашгүй байдлын дэд хороо нээлттэй хуралдвал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдаанд өөрөө оролцоно гэдгээ мэдэгдсэн.  Нээлттэй хуралдах боломжтой юу?

-Энэ нууцын зэрэглэлтэй.  Нээлттэй хуралдах боломжгүй.  Н.Номтойбаярыг хуралд ирүүлнэ. Дэд хорооны хоёр гишүүн ирсний дараагаар хуралдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ