Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн ч шийдэлд хүрсэнгүй

2020-01-17

УИХ-ын Халдашгүй  байдлын дэд хороо өнөөдөр Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх УЕП-оос хүргүүлсэн саналыг хэлэлцээд шийдэлд хүрсэнгүй. Халдашгүй  байдлын дэд хорооны хоёр гишүүн гадаадад томилолттой яваа учир бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.

Тус хороонд  УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм. Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой яваа учир ирэх долоо хоногт Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг   дахин хэлэлцэхээр болов.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой нууцын зэрэглэлтэй материалыг Халдашгүй байдлын дэд хороонд хүргүүлсэн. Гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг хуулийн дагуу 48 хоногийн дотор шийдэх байсан ч ийн хойшлов.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ үеэр сэтгүүлчдэд  “ямар үндэслэлээр гишүүнээс нь эргүүлэн татаж байгаагаа хэлэх боломжгүй.  Яагаад гэвэл үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байна. Хороо шийдвэр гаргасны дараа санал, үндэслэлээ хэлдэг. Миний хувьд саналаа оруулчихсан. Саналыг эцэслэж шийдвэрлээгүй байна. Тиймээс та бүхэн хорооны гишүүдээс шийдвэрийг нь асуусан нь дээр. Өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажил үргэлжилнэ. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Би эмчлүүлсэн. Өнөөдөр ажилдаа орлоо. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдаанд оролцоогүй. Одоогоор прокурорт хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлье гэсэн санал орж ирээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлнэ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ