“Эрдэнэс-Тавантолгой” 1,072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг хоёрдугаар сарын 19-нөөс өмнө шийднэ

“Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлсэн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тараах уу гэдэг асуудлыг иргэд ихээр сонирхож буй. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Тэрхүү тэмдэглэлд ногдол ашгийг тараах ёстой гэж дурдсан.

Иргэдэд үнэгүй эзэмшүүлж буй хувьцааны ногдол ашгийг тараах эсэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурлаас шийднэ.

Компанийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн жил эхэлснээс хойш 50 хоногийн дотор буюу энэ оны хоёрдугаар сарын 19-ний дотор тус компанийн ТУЗ хуралдаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 онд олсон цэвэр ашгаас хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг шийдэх ажээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягын хэлснээр өнгөрсөн онд нэгж хувьцааг 25 төгрөгөөр үнэлж байсан бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 27 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцоо гарч байсан юм.

2019 оны тухайд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр 27 мянгаас их ногдол хувь тараах боломжтой. Гэвч Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам хэмээх стратегийн ашиг нь мэдэгдэхгүй төмөр зам руу ахиад мөнгө нь явчих болов уу гэлцэж байна.

Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээлэлд дурдсанаар, өнөөгийн байдлаар уг компани 12 тэрбум ширхэг хувьцаа эзэмшдэг. Нийт хувьцааны 85 хувийг төр, 0.5 хувийг ААН-үүд тус тус эзэмшдэг бол 14.5 хувийг нь Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ