Монгол Улсын хүн ам 63.1 мянгаар өсч 3.3 сая болжээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2019 оны арванхоёрдугаар сарын буюу өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.   Тус хорооноос мэдээлснээр  Монгол Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган (1.9 хувь) хүнээр өссөн байна.  1000 хүнд ногдох төрөлт 24.3, нас баралт 5.2, ердийн цэвэр өсөлт 19.1 байжээ. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.1 пункт, нас баралт 0.2 пунктээр буурсан байна. 

Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 80251 хүүхэд төрсний 78223 (97.5 хувь) нь Монгол Улсад, 2028 (2.5 хувь) нь гадаадад төржээ.  1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.2-3.5 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-12.9 пунктээр доогуур байсан аж.

Тэгвэл нийт 17195 хүн нас барсны 17123 (99.6 хувь) нь Монгол Улсад, 72 (0.4 хувь) нь гадаадад нас баржээ. 1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар, Архангай, Баянхонгор, Дундговь, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.6 пунктээр дээгүүр, харин Баян-Өлгий аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1- 2.0 пунктээр доогуур байсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ